-Алдарт Грэммийн наадамд Монголоос анх удаа танай хамтлаг нэр дэвшжээ. Энэхүү наадамд хэрхэн нэр дэвших болов?
-Грэммид нэр дэвшсэн талаараа бид саяхан мэдээлэл авлаа. Хамтлагийнхан маань морин хуурын чуулгаараа сая Солонгост очиж тоглолт хийгээд өчигдөрхөн /уржигдар/ ирсэн. Өнөөдрөөс ажилдаа орж байна. Бид нар Швейцарийн "Musiques Suisses” студийн уран бүтээлчидтэй хамтран "Агула” цомгийг гаргасан. Энэхүү цомгийн маань продюсер Хенрих Кайзег гэдэг хүн манай хамтлагийг олон улсад сурталчлан таниулах ажлынхаа хүрээнд Грэммийн наадамд нэр дэвшүүлсэн байна. Тэрээр энэ талаарх мэдээллийг фэйсбүүк хуудсандаа тавьсан байсан л даа. Бид "Агула” цомгоороо Швейцарьт болон Монголдоо мөн тоглолт хийсэн.
-"Грэмми”-д нэр дэвшинэ гэдэг нэр хүндийн хэрэг. Дэлхийн хэмжээний хамтлаг, дуучидтай хамтран ийм том наадамд өрсөлдөж байна. Энэ сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Одоохондоо бидэнд нарийн мэдээлэл байхгүй болохоор тийм, ийм гэж хэлэх боломжгүй байна.
-"Арга билэг” хамтлаг үүссэн түүхээс ярихгүй юу?
-Манай хамтлаг 2009 онд байгуулагдсан. Хамгийн анх "Дээлт” гэж цомог гаргаж байлаа. Мөн "Дэв” киноны саунд тракийг тоглосноор мэдэх байх. Сая энэ "Агула” буюу "Уул” гэх нэртэй цомгийг Швейцарийн хөгжимчидтэй гаргаж байна. Энэ жил Швейцарь Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Үүнд зориулан бид Швейцарийн хөгжимчидтэй хамтран ажилласан.
-Хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаач?
-Манай хамтлаг долоон гишүүнтэй. Хоёр гишүүн маань одоо АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж байгаа. Олон тэмцээн уралдаанд оролцсон морин хуурч Жигжиддорж гээд мундаг залуу бий. Манай хамтлаг гурван морин хуур, нэг ятга, хоёр цохивор хөгжим, нэг төгөлдөр хуурчтай. Төгөлдөр хуурчаар А-Sound хамтлагийн төгөлдөр хуурч Пүрэвсүх гэж залуу ажилладаг. Тэрээр мөн манай хамтлагийн хөгжмийн зохиолч хийдэг. Хамтлагийн бараг 80 хувь Монгол Улсын морин хуур чуулгад ажиллаж байна. Ажлаа хийнгээ хажуугаар нь уран бүтээлээ туурвиад их л завгүй явж байна даа. Бид морин хуур чуулгатайгаа НҮБ-ын танхимд тоглож байсан. Ер нь морин хуур чуулгатай маш олон уран бүтээл дээр хамтарч ажилладаг.
-Танай хамтлаг этно жазз чиглэлээр Монголдоо анх удаа уран бүтээл туурвиж байгаа. Этно жазз чиглэлийн онцлог юу вэ?
-Язгуур урлагийн хамтлаг бүр өөрийн гэсэн стиль урсгалаар уран бүтээлээ хүргэдэг. "Домог” хамтлаг гэхэд фолк, "Алтан ураг” фолк рок, "Хөсөгтөн” этно гэх мэтчилэн өөр өөрийн урсгал чиглэлүүдтэй. Манай хамтлагийн хувьд этно жазз чиглэлээр уран бүтээл туурвиж байна. Этно жазз нь ардын хөгжим морин хуур, ятга, төгөлдөр хуур, цохивор хөгжмийг хослуулж орчин үеийн сонгодог жазз хэлбэрт оруулан тоглодог.
-Цаашдаа ямар уран бүтээл төлөвлөөд байна?
-Одоо нэг цомог дээр ажиллаж байна. Одоохондоо нууцалж байгаа.
-Өнгөрсөн онд мөн Америкт тогложээ. Тэд хэрхэн хүлээж авав?
-Өнгөрсөн оны есдүгээр сарын дундуур бид нар Денвер, Сиэтл, Нью-Йорк, Чикаго зэрэг хотуудаар аялан тоглолт хийсэн. Тоглолт маань маш амжилттай болсон. Үзэгчид их халуун дотноор хүлээж авч байв. Мөн 2015 оны хоёрдугаар сард "Агула” цомгоороо Швейцарьт тоглосон. Сая Солонгост тоглолт хийлээ. Ер нь энэ жил тоглолт ихтэй завгүй жил байна.
-Манай язгуур урлагийн хамтлагууд Монголоосоо илүү гадны орнуудад аялан тоглолтоо хийдэг. Рок поп хамтлагуудаасаа илүү гадныханд танигдаж чаддаг юм шиг. Танай хамтлаг ч мөн энэ жишгээр яваад байна уу?
-Яах аргагүй үнэн л дээ. Яагаад гэхээр тэнд бидний хийж буй уран бүтээлийг илүү ойлгож мэдэрч сонсдог юм болов уу гэж боддог юм. Эх орондоо тоглоход ч гэсэн маш сайхан хүлээж авна л даа. Гэхдээ гадаадынхан илүү халуун дотноор хүлээж авахаас гадна, сонсч мэдэрдэг. Гэхдээ манай үзэгчид хоёр талтай болж байгаа шүү дээ. Хүмүүсийн тодорхой нэг хэсэг нь хошин шог, зохиолын дуучид сонирхож байхад нөгөө хэсэг нь шинэ гарч ирж буй уран бүтээлчдийг сонирхож кайф авах хандлагатай байх жишээтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн урлагийг ойлгох хандлага өөр болох байх л гэж боддог ш дээ.
-Грэммийн шагналд одоо нэр дэвшиж байна гэхээр 2016 оны наадамд өрсөлдөж байна гэсэн үг үү?
-2016 оны хоёрдугаар сарын 15-нд шалгаруулах юм билээ. Манай хамтлаг одоохондоо нэр дэвшээд л явж байгаа.
-"Агула” цомгийнхоо талаар яриач. Энэ цомогт хичнээн уран бүтээл багтсан бэ?
-Арав гаруй аяз багтсан."Агула” цомгийн хөгжмийн зохиолчоор манай Пүрэвсүх, мөн Швейцарь талаас Кенрих Кайзе ажиллаж аязыг бичсэн. Түүний явуулсан аяыг Пүрэвсүх маань хамтлагийн өнгө аясдаа тохируулан найруулж бичдэг.
-Цомог худалдаанд гарч эхэлсэн үү. Монголд зарагдаж байгаа юу?
-Энэ оны хоёрдугаар сараас эхэлж худалдаанд гарсан. Монголд одоогоор зарагдахгүй байгаа.
-Зөвхөн хөгжим гэхээсээ илүү бүжиг бас найруулж тавьдаг гэсэн ?
-Тийм. Тухайн зохиолдоо тааруулан үндэсний бүжгийн хэв шинжийг хослуулан олонд хүргэдэг.
Сэтгэгдэл