АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Арвины "Их өргөө” компанийг битүүмжилж, түүнийг хилээр гарахыг хориглож, АТГ-т дуудаж мэдүүлэг авсан талаарх мэдээлэл гарснаас хойш нэг хэсэг чимээ багатай байсан. Тэгвэл түүнээс болж хохирсон 500 иргэн өлсгөлөн зарлах дээрээ тулсан гэх мэдээлэл анхаарал татаж байна. Д.Арвины тухайд бэрийнхээ нэр дээр байдаг компанид ямар ч тендергүй төсөл өгч, улсын төсвөөс санхүүжүүлсэн, "Сансар” хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан гэхчлэн асуудлуудад холбогдоод буй.
Хэрэг явдлын талаар сануулан хүргэхэд, 3 жилийн өмнөөс эхтэй байдаг. 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Арвин Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулснаар тус хотхонд барилгын шав тавих ёслолыг хийж орон сууцыг 2015 оны долоодугаар сард хүлээлгэж өгнө хэмээн оршин суугчидтай гэрээ хийж байжээ. Гэвч тус хотхоны 500 гаруй иргэд гурван жилийн хугацаанд орох оронгүй яваа юм байна. Иргэд өнгөрсөн хугацаанд хотын хуучин удирдлагуудад олонтаа гомдол гаргаж байсан ч авч хэлэлцээгүй аж. Хэрвээ тухайн үед 500 гаруй иргэний гомдлыг яаралтай авч хэлэлцсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг иргэд хэлжээ. Олон иргэний эрх ашигтай холбоотой уг асуудлын талаар "Өглөөний сонин”-д нийтлэжээ. "Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ын ТББ-ын тэргүүн Ч.Туяа тус сонины сэтгүүлчид хэрэг явдлын талаар ярихдаа " Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн асан Д.Арвин гэдэг хүнд маш их итгэж байсан учраас хэл ам гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Тухайлбал,тэрбээр өнөөдөр 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг гудамжинд гаргачихаад ямар ч санаа зовсон зүйл алга. Өнгөрсөн 2014, 2015 онд 85 айл өрх хэл ам хэрүүл тэмцэл хийж байж нөхөн олговорын мөнгөө арайхийн талыг нь олж авч байсан. Гэтэл одоо 2016 оны нөхөн олговороо ч өгөхгүй худал үнэн ярьсаар маш олон хүнийг хохироочихоод байна. Нэг зүйл тодотгож хэлэхэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн хамгийн том төсөл манай хотхон. Өөрөөр хэлбэл, 85 айл өрх нэгэн зэрэг газраа чөлөөлж өгч байсан түүх байхгүй шүү. Тиймээс л хамгийн том төсөл гэж хэлээд буй юм. Бид хотын удирдлагуудтай уулзаж энэ асуудлыг шийдэхийн тулд ТББ-ыг байгуулсан. Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлтэй биечлэн уулзаж асуудлыг шийдвэрлүүлэхээр Д.Арвиныг ч бас байлцуулж нэг шийдэлд хүрье хэмээн гурван талт уулзалтыг зохион байгуулсан. Тухайн үед Э.Бат-Үүл дарга Д.Арвинд нэг л шаардлагыг тавьж байсан. "Барилгаа барьж чадах уу үгүй юу. Оршин суугчдыг хохиролгүй болгочих оо. Оршин суугчдыг нэг ч төгрөгийн авлагагүй болгочих. Тэгвэл төрөөс туслалцаа үзүүлье. Зээл авч өгье” хэмээн хэлж байсан. Гэтэл Д.Арвин "Би энэ төсөлд оролцохоо болилоо. Хот буцааж ав” гэж хэлсэн. Гэтэл тухайн үед УИХ-ын сонгууль болж энэ асуудал бодитоор хэрэгжиж чадалгүй аман төдий зүйл болоод өнгөрсөн. Хэрвээ тухайн үед Д.Арвин Э.Бат-Үүл даргын тавьсан хүсэлтийг хүлээж авсан бол оршин суугчдадаа ч нөхөн олговорын мөнгөө өгөөд барилгын ажилдаа ч санхүүжилт аваад явах бүрэн боломж бололцоо байсан ч тэрбээр ашиглаж чадаагүй. Ингээд бид энэ үйл явдлын дараа шинээр сонгогдсон хотын удирдлагуудтай уулзах хүсэлтээ өгөөд явж байхад Д.Арвин гэнэт наймдугаар сард бидэнтэй уулзаад "Би барихаар болсон шүү” гэж хэлээд бидний тархийг угааж төслийг нийслэл рүү шилжүүлээгүй. Асуудал нэгэнт ийм дээрээ тулсан учраас бид Д.Арвингаас нэг л зүйлийг хүсч байсан. "Бид гурван жилийн хугацаанд та бүхнийг хүлээж чадсан юм чинь хүлээнээ. Харин та бидэнд нөхөн олговороо өгчих” гэх шаардлагыг тавьсан ч тэрбээр одоог хүртэл өгөхгүй худал үнэн ярьсаар явна. Бид аргаа барахдаа энэ сарын 16-ны өдөр буюу даваа гарагаас эхэлж энэ үүсээд байгаа асуудлыг шийдүүлэх гэж Д.Арвины "Их өргөө” ХХК-ны ажлын байран дээр нь очиж гурван өдөр суулт хийж байна. Гэтэл тэрбээр суулт хийсэн анхны өдөр бидэнтэй ирж уулзчихаад бас л улиг болсон зүйлээ ярьчихаад алга болсон. Бид төрийн түшээг 12 жил барилцсан боловсролтой, чадалтай эмэгтэй хэмээн итгэж явсандаа үнэхээр харамсч байна. Яг үнэндээ энэ асуудлаас болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 гаруй хүн нас барчихаад байна. Эдгээр хүмүүс асар их сэтгэлийн дарамтаас болж нас барсан шүү дээ. Тиймээс аав ээжээсээ авч үлдсэн өмч хөрөнгөө авч үлдэхийн тулд бид эцсээ хүртэл тэмцэл хийх болно шүү гэдгийг Д.Арвинд танай сониноор дамжуулан хэлмээр байна” хэмээн ярьсан байгаа юм.
Өмнө нь уг асуудлаар С.Цолмон гэж хүн "Монголын мэдээ” сонинд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр "бид яасан азгүй улс вэ. Нийслэлийн бусад хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд хашааныхаа газрыг орон сууцаар сольж, халуун ус хананаасаа аваад жаргаж суугаагаа телевизээр хөөр баяр болгон ярих юм. Тэднийг хараад атаархахдаа байж ядах газраа олж ядаж байна. Д.Арвин гишүүн биднээр тоглож орхилоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдсаны дараахан манай хорооны оршин суугчидтай уулзалт зохион байгуулан "Та бид сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал жил хагасын дараа шинэ орон сууцанд, жаргалтай сайхан амьдарч чадна. Тиймээс та бүхэн надад итгэ. Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” гээд найман байрны газрыг, нийтийн ээзмшлийн зам талбай болон иргэдийн байрны ордерийг авсан. Эл үйл явдлын дараахан хоёр давхар долоон байрны зургааг нь нурааж, оршин суугчдыг орон сууцны барилга ашиглалтад ортол жил хагас амиа аргал гээд цөөн хэдэн айлд байрны түрээс гэж гурван сая төгрөг өгсөн. "Их өргөө” компани хуучин барилгыг нурааж дууссаныхаа дараа баахан хятад ажилчид авчраад хоёр барилгын суурь цутгасан. Эхний хоёр сард өглөө үдэшгүй машин техник ажиллаж, хятадууд унтахгүй шаагилдахыг харсан бид яасан их баярлаж байсан гэж бодно. Гэвч тэр бүхэн урьдаас дэглэсэн жүжиг байсан юм билээ. Банкны ажилтны хэлснээр "Их өргөө” компани барилгын суурь цутгасан дүр эсгэж, түүнийгээ зээлийн эдийн засагч нарт үзүүлж байгаад их хэмжээний зээл авсан байгаа юм. Бас барьцаа болгож иргэдийн орон сууцны ордерыг тавьсан байдаг. Барилгын ажил таг зогссоны дараа танил барилгын инженер маань хятадуудын цутгаад орхисон барилгын суурийг үзээд маш их гайхсан. Суурийн цутгалтын өргөн ердөө тоосгоны хэмжээтэй адил гээд боддоо. Бүхэл бүтэн есөн давхар барилгын суурь тал тоосгоны дайтай нимгэн цутгалттай байгааг юу гэж ойлгох юм. Иймэрхүү бантан зуурч хаяад сураггүй алга болсон.” хэмээн хэлсэн байдаг.
Экс гишүүн Д.Арвины тухайд гэм буруугийн асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулж, тогтоолгохоос гадна 500 хүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгөх ёстой болоод байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл