Б.Мөнхдөл: "Халбага" өгүүллэг


Б.Мөнхдөл: "Халбага" өгүүллэгТүүнийг зургадугаар анги байж тавдугаар ангийн бодлого бодож чадахгүй тэнэг мал гэж ээж нь ган халбагаар толгой дундуур нь татаад авлаа. Ээж нь бараг бүтэн гурван цаг дэргэд нь үглээд одоо нэг юм цөхөрсөн бололтой халбагаа ширээн дээр хаяад цаад өрөө рүү далд оров.  Тэрээр би яагаад тоо бодож чаддагүй юм болоо гэж гайхан бодлоо. 

Тэгээд тоог бодох гэж үнэн сэтгэлээсээ хүсэж номоо баахан шагайсан боловч учрыг үнэхээр эс олсон тул гэнэт ихээр уурлаж өөрийнхөө хацар луу алгадаж толгой дух руу баахан цохьлоо. Толгой биш гар нь ихээр өвдлөө. Тэр ширээн дээр хэвтэх ган халбагыг авч толгой руугаа баахан цохьлоо. Ер нь өвдөх шинж алгаа. Гэхдээ толгой нь энд тэндээ бондойн хавдаж нүднээс нь нулимс гарч байлаа.
 
Тэр толгой нь яагаад өвдөхгүй байгаад гайхаж байсан боловч нэгдүгээр ангид байхад анх удаа ээж нь ган халбагаар толгой дундуур нь цохиход ямар их өвдөж уйлж байснаа саналаа. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа хойш үсээ огт засуулаагүй бөгөөд одоо түүний үс охидынхоос дутахгүй урт ургажээ. Ээж нь түүнийг гэнэт л үсээ ургуулаад эхэлсэнд эхэндээ гайхаж бас чиг эсэргүүцсэн боловч тэр өөрийнхөөрөөө амьдралдаа ганц утаа бат зогсож зүтгэсээр санасандаа хүрсэн нь энэ байлаа.
 
Харин аав нь үс засуулах мөнгө надаас нэхэхгүй амар боллоо гэж өгүүлжээ. Эхэндээ ангийн багш нь хүртэл үсээ засуул гэж загнаж хүүхдүүд азрага гэж хоч өгөөд нэмэр болоогүй бөгөөд удахгүй л бүгдэд дасал болжээ. Азарга гэсэн нэрэндээ ч тэр тийм ч дургүй биш. Түүний жинхэнэ нэрийг мэддэг хүн тун цөөхөн. Тэр ч өөрөө бараг мартсан байлаа. Нэг удаа түүнийг жинхэнэ нэрээр нь шинэ багш нь дуудахад өөрийг нь дуудаж байгааг огт мэдээгүй юмаа бичсээр байсан бөгөөд ангийнх нь Азрага гэдэг нэрийг нь хэлж өгснөөр сая нэг юм толгой өндийн өөрийг нь дуудсаныг мэджээ. Бүр ээж аав нь хүртэл манай азарга гэж дуудна. Яагаад анх ингэж үсээ ургуулах болсон шалтгаан нь их энгийн бөгөөд түүнээс өөр хэн ч үүнийг мэдэхгүй. Тэрээр орой болно гэхээс л ёстой яс нь хавталзана гээч болдог байлаа. Учир нь ээж нь оройн хоолны дараа түүний хичээлийг тогтмол хийлгэнэ. Хийлгэнэ ч гэж дээ ган халбагаар толгой руу нь хэд тоншож байгаад л өөрөө хэлж хийж өгдөг байлаа. Нэг л орой түүний булдруутай толгойд мэргэн санаа төрсөн нь үсээ ургуулах байлаа. Нэгдүгээрт их үстэй байхад халбагаар цохиход өвдөх нь бага хоёдугаарт үс ургахын хэрээр ухаан нэмэгдэж магадгүй гэж тэр боджээ. Өвдөлт үнэхээр бараг байхгүй болсон боловч ухаан нэмэгдсэн юм өдийг хүртэл байхгүй л байлаа.
Энэ бүхнийг нэхэн санасны эцэст тэрээр угаалгынхаа өрөөнд орж дотроос нь түгжлээ. Нэлээд удасны эцэст тэрээр гарч ирэхэд ээж нь түүнийг хараад дуу алдан золтой л ухаан алдчихсангүй. Учир нь тэр үсээ хусчихсан байлаа. Түүний толгой дээр баахан булдруу байх бөгөөд бас ч үгүй эвгүй сорви хүртэл тогтсон нь яажийж шаажийсан булдруутай бөмбөг шиг их эвгүй харагдаж байлаа. Ээж нь түүний толгойг илбэж баахан уйллаа. Аав нь хүүхдийн толгой ийм болгосон нь чиний буруу гэснээс болж багахан хэрүүл хүртэл өрнөөд авав. Маргаашнаас нь ангийнхан нь түүнд Лам багш гэсэн шинэ нэр хайрлаж удалгүй Азарга гэдэг нэр нь мартагдсан юмдаг.
 
Мөн тэр цагаас хойш ээж нь залхсан уу, юм хэлээд нэмэргүй гэж бодсон уу, өөр шалтгаан байсан уу бүү мэд. Ямар ч байсан түүний хичээлийг давтуулах ажлаа бүрмөсөн орхисон юм. Харин хамгийн гайхалтай нь тэрээр нэг их удалгүй ангийнхаа сурлагатай хүүхдүүдийн тоонд орох болж улмаар улсын чанартай олимпиадад хүртэл түрүүллээ. Мөн дээр нь Ган халбага хэмээх бие хамгаалах урлагийн шинэ төрөл бий болгож секц дугуйлан ажиллуулах болов. Түүний толгойгоороо ган төмөр хуга мөргөх үзүүлбэр олонд гайхагдав. Түүний нэр алдар сургууль байтугай хот даяар алдаршив. Удахгүй үсээ хусах моод дэлгэрч түүний араас охид хүртэл хайрын захиа барин гүйлдэнэ.
 
Түүний шавийн тоо ч нэлээдгүй болов. Ган халбага тахих ёслол хүртэл бий болж хамгийн их ган хайлж том халбага хийсэн нь Геннесийн номонд хүртэл оров. Түүний *Хүн адгуус амьтнаас ялгарах нь буюу халбага* сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл нь том нээлт болж олон улсад хүртэл хэвлэгдэж нэлээдгүй шуугиан тарив. Тэрхүү бүтээлийнх нь гол агуулага нь хүн адгуус амьтанаас хоолоо халбагадаж иддэгээрээ л ялгаатай гэсэн шийдэл байсан юм. Гэвч нэг өдөр түүнийг гэртээ байхад нь цагдаа нар баривчлан одсон бөгөөд удалгүй галзуугийн эмнэлэгт шилжүүлсэн гэж дуулдсан. Одоо түүнийг хаана байдаг тухай хэн ч дурсдаггүй бөгөөд бүгд мартжээ.
 
Гэхдээ түүнийг цагдаагийнхан баривчилж байх үед суут хүн бүрийг та нар баривчилж хорьж дийлэхгүй та нараас өөрөөр сэтгэж өөрөөр амьдарсан хүн болгон гэмт хэрэгтэн гаж донтон биш гэж орилж байсан тухай хожим хэн нэгэн ярьсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.