Сүүлийн жилүүдэд амьд болон эндсэн нярайг хаа сайгүй хаях гэмт хэрэг ихэсч байна. Хамгийн сүүлд л гэхэд, Энэ сарын 17-нд Сонгино хайрхан дүүрэгт орших Их нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхдэ орхиж явсан хэрэг гарчээ.
Тодруулбал, "Дутуу төрсөн хүүхэд хүн болохгүй" гэх шалтгаанаар өвөө, эмээ хоёр нь төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газрын дунд хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олжээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хаясан этгээдүүдэд хэрэг үүсгэж, сэтжигтэн яллагдагчаар татаад байгаа аж.
Сүүлийн жилүүдэд нярай хүүхдийг хаях тохиолдол ихэссэн бөгөөд хаягдсан нярайн эцэг, эхийг олж тогтооход хэцүү байдаг төдийгүй ихэнх нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд байдаг талаар албаны хүмүүс хэлсэн юм.
Мөн "нярай хүүхдээ хаях гэмт хэрэг 1990 оны сүүл 2000 оны эхээс ихэссэн. Харин хүүхдийн мөнгө эхлэх дунд үед энэ гэмт хэрэг багассан ч эргээд сүүлийн жилүүдэд буцаад өсч байна" гэсэн юм.
Амьд болон эндсэн нярай хүүхдээ хаа сайгүй хаях гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар шийтгэгдэж, таван жил хүртлэх хугацаагаар хорих хүртэл ялаар шийтгүүлдэг хуулийн зүйл заалт байдаг ч яг энэ хэргээр ял эдэлсэн иргэн хуруу дарам цөөхөн байдаг аж. Төрүүлсэн үрээ хаяж, нүүр буруулна гэдэг эх хүнээс гарах үйлдэл гэхэд итгэхэд бэрх. Гэтэл чулуу хүртэл эмтэрдэг гэгддэг эхийн сэтгэл адгууснаас долоон дор байгаа нь харамсалтай. Учир нь, адгуус хүртэл үрээ хайрладаг байхад эх хүн төрүүлсэн үрээ гудамж талбай, хогийн сав, гүүрний дор бүр жорлонд хүртэл хаяж байгаа нь Монголын айхтар эмгэнэл гэлтэй. Нөгөө талаар, хүн болж төрнө гэдэг атга будааг асгахад зүүний үзүүр дээр тогтсон ганц будаатай зүйрлэдэг. Гэтэл ийм их хувь тавиланг олж төрсөн хүүхдээ хаяж байгаа нь бүр ч харамсалтай юм.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/hehe4434
Сэтгэгдэл