Төрийн албаны шалгалтад тэнцээгүй албан тушаалтнуудад зориулж сонгон шалгаруулалтыг дахин зарлаж хууль зөрчиж байна.
МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн албанд иргэдийг авч ажиллуулахдаа танил тал харахгүй, төрийн албыг төрлийн хэлхээ болгохгүй, зөвхөн мэргэжлийн ур чадвар, сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан албан хаагчдыг төрийн албанд томилдог зарчмыг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
Харамсалтай нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан энэ заалт иргэдээс сонгуулийн үеэр санал авах гэсэн төдий хуурамч заалт байсан гэдэг улам бүр тодорхой боллоо. Үүнтэй холбогдуулан нэг жишээ дурьдая.
Саяхан Налайх, Багануур, Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг төрийн албанаас 2017 оны 4 сарын 10-ны өдөр зарлаж, уг шалгаруултад тухайн ажлын байранд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан хүмүүс оролцсон боловч ихэнх нь тэнцээгүй байна.
Ер нь бол Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага үе үеийн эрх баригчдын талд "ажиллаж ирсэн”гэж хэлж болох. Учир нь төрийн албанд орох иргэдийг бүртгэхдээ цаад захиалагч байгууллагын шаардлага нэрээр өндөр босго тогтоодог. Тухайлбал, Төрийн анхан шатны байгууллага болох хорооны ажилтанд өрсөлдөхийн тулд дор хаяж төрийн албанд 3-доошгүй жил ажилласан туршлагатай байхыг төрийн албанаас шаарддаг.
Их дээд сургууль төгссөн, ажил амьдралын гараагаа дөнгөж эхэлж байгаа залуус энэ босгыг давж бүртгүүлж чаддаггүй нь ойлгомжтой. Дээр нь мэргэжлийн шаардлага гээд тухайн мэргэжлээр заавал ажилласан байхыг мөн шаарддаг. Ийм жишгээр бүртгүүлэх шаардлагаа өндөр болгоход тухайн шаардлагыг хангаж чадах хүн нь яг тэр ажил местэн дээр ажиллаж байгаа хүн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд Төрийн албаны зөвлөлтэй "хуйвалдан”өөрсдийн талын хүмүүст зориулан босго тогтоогоод тэднийгээ аль болох өрсөлдөгчгүй шалгалтад оруулдаг.
Гэвч "дургүйд хүчгүй”гэгчийн үлгэрээр нөгөөдүүл нь тестний шалгалтдаа ч тэнцдэггүй. Үүний дараа сонгон шалгаруулалтыг нийтэд зарлалгүй дахин явуулж, өөрийн талын хүмүүсээ "хүчээр”шахуу шалгалтанд тэнцүүлдэг. Ийм аргачлал бий болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна.
Энэ үйл явдалтай ойролцоо гэмээр явдал Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын даргын сонгон шалгаруултад өрсөлдөгч А.Булбул гэгчид тохиолджээ.
А.Булбул Төрийн албаны сонгон шалгарууллатанд өрсөлдөгчгүй орсон боловч тэнцсэнгүй. Үүний дараа Налайх дүүргийн ИТХ-ын дарга, болон ИТХ дэх МАН-ын даргын зүгээс түүнийг шалгалтанд дахин оруулж тэнцүүлэхийн тулд Төрийн албаны зөвлөлтэй “хуйвалдан арын хаалгасс”ашиглаж, Төрийн албаны зөвлөл дээр ганцхан өдрийн өмнө сонгон шалгаруулалт зарлуулж, А.Булбулыг дахин шалгалтад оруулахаар зэхэж байгаа гэнэ. Зүй нь бол Төрийн албаны зөвлөл тухайн албан тушаалд өрсөлдөгч тэнцээгүй тухай албан бичгийг Налайх дүүргийн ИТХ-д илгээж, Налайхын ИТХ-ын зүгээс дахин сонгон шалгарууллат зарлаж өгөхийг хүссэн хүсэлт илгээх ёстой. Гэтэл ийм үйл явдал ч болсонгүй. Ямарч үнээр хамаагүй А.Булбулыг энэ албан тушаалд тэнцүүлэхийг Налайхын дүүргийн ИТХ-ын удирдлагууд зүтгэж байгаа нь харамсалтай. Түүнчлэн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөгчгүй ганцаар "өрсөлдөж” байгаа А.Булбул гэгч нь ИТХ-ын Тэргүүлэгчийн хамаатны дүү байгаа нь Ашиг сонирхолын хуулийг давхар зөрчиж байгаа хэрэг юм.
Энэ дашрамд хэлэхэд төрийн албан зөвлөлийн сайтад байх Төрийн албаны нөөцөөс нөхөх жагсаалт нь аймаг, сумдын төрийн албад байгаа бол яам агентлаг болон нийслэл хот дах төрийн албан тушаалуудад нөөцөөс нөхөх тухай олйголт байдаггүй нь дээрх үйл явдалтай холбоотой болов уу гэж хардахад хүргэж байна.
Иргэн та хэдийгээр өндөр мэдлэг боловсролтой, хэл усны чадвартай байсан ч Монголд танил тал, намын дэмжлэггүй бол төрийн албанд ажиллана гэдэг "гэгээн цагаан өдөр од харах”-тай адилхан хэрэг болох бизээ.
Ямартай ч Налайх дүүргийн ИТХ-ын жишээгээр МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зарчим бодит үнэнээс хол зөрж байгааг харууллаа. МАН удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль болон 2020 онд иргэд сонгогчдын дэмжлэгийг авна гэж бодож байгаа бол энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Налайх дүүүргийн иргэн А.Дорж
Сэтгэгдэл