Төрийн албаны тухай хуулийн гол өөрчлөлт нь төрийн албыг залгамж халаатай болгох бөгөөд нам дагаж далдайгсад хурган дарга болдог явдал дуусгавар болох юм. Ингээд Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төрийн албаны тухай хуулинд хэд хэдэн гол өөрчлөлтийг хүргэе.
- Төрийн албаны томилгоог өрсөлдөөний зарчмаар явуулах юм. Тодруулбал шинээр төрийн жинхэнэ алба хаагч болж байгаа шууд дарга болохгүй, бүхнийг тэгээс нь буюу доороос нь эхэлнэ. Хуулинд ийм заалт орсноор танил талтай, намын харъяалал, даргын хүн байх нь хамаагүй бүхнийг тэгээс нь буюу "цэрэг”-ээс эхэлнэ гэсэн үг. Анх орсон албан тушаалаасаа дэвшихийн тулд дунджаар 5 жил шаардлагатай болно. Ингэснээр төрийн албан хаагчдын чадамжийг нэмэгдүүлэх юм. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч дор хаяж 5 жил ажиллаж тушаал ахих бөгөөд төрийн дээд албан тушаал хүрэхийн тулд 18-20 жил төрд ажиллах юм. Мэдээж ажлаа сайн хийгээд, амжилт гаргаад гавьяатай ажилснаар хугацаанаас өмнө тушаал дэвших боломжтой. Товчхондоо цэрэг цагдаагийн цолтой ижил гэсэн үг. Үүнтэй холбоотой удирдах албан тушаалтнуудын мэдлэг чадвар нэмэгдэнэ. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдохын тулд нийт 20 жил төрийн албанд ажилласан байх хэрэгтэй болж байна. Одоо байгаа гаж тогтолцооны тод жишээ нь зарим нэг агентлагт харагддаг. 20 гаруй настай залуу агентлаг даргалаад явж байгаа. Туршлага мэдлэг чадварыг даргын томилгооноос салгаж илүү үнэлэх бололцоотой болох юм.
- Төрийн албан хаагчийн хариуцлагыг чангатгаж өгсөн. Шудрага өрсөлдөөнийг бий болгосноор хариуцлагын тогтолцоо бодитой болно гэж хууль санаачлагчид харж байна. Тухайлбал тушаал бууруулсан, чөлөөлсөн, халсан байхад ажлаа хүлээлгэж өгөхөөс зайлсхийсэн, байгууллагын тамга тэмдэг авч зугтсан тохиолдол гардаг. Ийм зохисгүй үйлдлийг хуулиар хориглож, хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой болгожээ. Өмнө нь зугтаагаад яваад байж болдог байсан гэхэд болно. Түүнчлэн төрийн алба хаагчийн буруутай үйлдлээс ямар нэг хохирол учирсан бол төр биш буруутай этгээд хохирлыг барагдуулдаг болж байгаа. Ийм тохиолдол маш олон бөгөөд шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдээс харж болно. 2015 онд шүүхээр шийдэгдсэн иргэний хэрэг 19.6 хувиар, захиргааны хэрэг 21.2 хувиар өсөхөд нөлөөлсөн үзэгдэл нь Төрийн байгууллагаас үндэслэлгүй халагдсан маргааны дийлэнхи хувь нь төрийн байгууллагын буруу шийдвэр гэж шүүхийн тогтоожээ. Ийм шийд гарсан тохиолдолд хууль бусаар ажилгүй болсон иргэнд нөхөн төлбөр олгох гэх мэт төрөөс багагүй хөрөнгө гардаг. Тэгвэл энэ мэтийн зардлыг буруутай этгээд өөрөө гаргаж эхэлснээр дарга нарын зоргоороо аашилж төрийн албанд өөрийн хүрээллээ бий болгодог тогтолцоо өөрчлөгдөнө.
- Засаг солигдох бүрт сайд нар нь өөрийн багаа бүрдүүлж байгаа нь энэ гээд холио солио хийгддэг. Халагдаж байгаа хүмүүс мэргэжлийн, туршлагатай эсэх нь огт хамаагүй байдаг нь нууц биш. Тэгвэл шинэ сайд баг бүрдүүлэхдээ өөрийн шууд удирдлагад ажиллах улс төрийн албан тушаалтан гурав, үйлчилгээний хоёр албан тушаалтныг өөрчлөх боломжтой. Тодруулбал даргын сэнтий дэх 3 хүнийг мөн нарийн бичгийн дарга гэх мэт 2 албан тушаалтныг солих боломжтой. Шинэ сайд салбартаа найз нөхөд гэр бүлээ аваад очихгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ шиг хоморголон халах үзэгдэл үгүй болно гэсэн үг.
Эдгээр өөрчлөлт төрийн албан хаагч ажлаасаа хэзээ халагдах бол гэсэн айдасгүй ажиллах боломжийг олгож байна. Төрийн албаны залгамж халаа алба хаагчдын мэдлэг чадвар туршлагыг хамгаалах хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн байгаа. Уг асуудлыг намырн чуулганаар хэлэлцэх магадлал өндөр байгаа. Уг хуулийн төслийн талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл