Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн урт хугацаанд хэвлэлээс нуугдсаны эцэст урьдчилан зохион байгуулсан хэвлэлийн хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зарлалаа. Харамсалтай нь энэ хурал тэдний сценарийн дагуу яваагүй тул Х.Бадамсүрэн яамны газрын дарга, мэргэжилтнүүдээр "хамгаалуулан” зугтах шахам хурлын танхимаас гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр нийгэмд зайлшгүй хариулт шаардсан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хэмжээ хязгааргүй тансаглалын талаарх сэтгүүлчдийн асуултаас албаны хүмүүс бүрэлдэхүүнээрээ бултаж, булзааруулж байв. Мөн сэтгүүлчдийн микрофоныг шууд хааж, асуултыг бүдүүлгээр таслах мэтээр Х.Бадамсүрэнг хамгаалах ажилтнуудын сандралын байдалд хурал өрнөлөө.
Сэтгүүлчид, "Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед та өөрийн өндөр цалин хангамжаасаа татгалзаж, иргэний зориг гаргаж чадах уу”, "Өөртөө машин авсан, гэртээ 180 сая төгрөгөөр тавилга авсан баримтад ямар тайлбар өгөх вэ” "Эрдэнэт шилэн дансны хуулийг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ” гэх зэрэг асуудлыг дахин давтан асуусан ч хангалттай хариулт өгсөнгүй. Тэрээр нэгэнт дэлгэгдсэн хөдөлшгүй баримтыг няцааж чадаагүй. "Өөр хэн ч байсан, иргэн Дорж ч ирсэн эдлэх л байсан” гэж тансаглалаа тайлбарласан нь буруудсан бололтой, яамны албан тушаалтны заавраар хурлыг шууд дуусгав. Өчигдөрхөн түүнд "жингэр” гэж цоллуулсан сэтгүүлчид баримт тайлбар, асуултын хариултаа нэхсээр, харин "хамгаалагчдаар” хүрээлүүлсэн Х.Бадамсүрэн "сүүлээ хавчин” зугтаж гарсан юм.
Эх сурвалж: ubinfo.mn
Сэтгэгдэл