Арчлахгүй байж мод тарьж яана аа


Арчлахгүй байж мод тарьж яана аа

 

Монгол Улс бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд 10 сая гаруй мод суулгасан байх юм. 10 мянга ч биш 10 сая гаруй мод гээд боддоо. Ингээд бодохоор нийслэл хот маань аль хэдийнээ модондоо дарагдчихсан, багахан хэмжээний ойн төгөл дундах хот болчихсон байхаар. Гэвч монголчууд мод тарих үндэсний өдрөө "мод суулгах” үндэсний өдөр гээд ойлгочихсон гэхэд хатуудахгүй.

Тиймээс л "тарьсан” 10 гаруй сая мод нь одоо болтол нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгаа хэрэг. Арга ч үгүй биз. Суулгачхаад дараа нь арчилж , ургуулахгүй байгаа юм чинь. Үүнийг дагаад мод тарих нэрийдлээр бусдын ухаж бэлтгэсэн нүхэнд мод суулгачхаад түүнийгээ "Би мод тарьсан. Буян хийсэн” хэмээн зураг, хөргөө авхуулан шоу хийгчид ч олширчээ.

Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд энэ төрлийн үйл ажиллагаанд оролцож, нэг мод суулгаснаа мод тариад ургуулчихсан хүн шиг санаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, шоу хийх юм. Ингээд хэлэхээр "Ард иргэдийг мод тарих үйлсэд уриалахын тулд” хэмээн өөрсдийгөө зөвтгөж, алдаагаа хаацайлах биз. Гэхдээ та нар ажлаа хангалттай сайн хийлээ. Ард иргэд бүгд л мод тарихыг хичээж, суулгадаг болсон.

Одоо харин шоугаа багасгаад суулгасан модоо өөрсдөө чадахгүй юм гэхэд мэргэжлийн хүнд нь мөнгийг нь өгөөд ургуулахын төлөө ажилламаар байгаа юм. "Мод тарих нь нэг өдөр тарьж, мянган өдөр арчилахын нэр юм” гэдэг үг байдаг шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс даяар үндэсний мод тарих өдөр тохиолоо. Энэхүү өдрөө үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн нь ч хүн бүхний нүдэнд ил. Цахим ертөнцөд чих тавихад мод тариагүй хүн үгүй юм байх аа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,000 мод тарилаа. Баянзүрхчүүд 1,379 мод тарьсан л сурагтай.

Олимпын баг тамирчдын эхлүүлсэн төсөлд 1,000 мод тарьсан л гэнэ. Дээрх гуравхан жишээнээс харахад, манай улсын мод 4,379-өөр нэмэгдлээ. Мөн элчин сайдуудыг мод тарихад уриалж, цөлжилтийн эсрэг тэднийг нэгтгэж чадсан нь хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл байв. Энэ мэтчилэн мод тарих аян 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж буй. Бид найман жилд 10 сая 100 мянган мод тарьсан гэвэл ирэх найман жилд энэ тоо 20 сая 200 мянга болж нэмэгдэх нь. Гэхдээ суулгасан мод болгоноо өдөр бүр арчилж, ургуулаад байвал шүү дээ.

Өдөр бүр биш юм гэхэд нэг хүн суулгасан модондоо долоо хоногт гэр бүлээрээ ирээд байвал жинхэнэ "мод тарих” өдрийн утга гарах учиртай. Үгүй юм аа гэхэд тарьсан модоо хэсэг хэсгээр нь мод арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хариуцуулж байвал дээрсэн. Манай улс 2012 оноос хойш жилд 2-5 тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн ажилд төсөвлөж эхэлжээ. Харин дээрх санхүүжилтийн тал хувийг нь мод тарих ажилд зарцуулдаг гэх.

Таван тэрбумын тал нь 2.5 тэрбум төгрөг болно. Тэгвэл сайд, дарга нар, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвхөн "мод тарьсан” гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн хараанд өртөхийн тулд жил бүр дээрх хэмжээний мөнгөөр шоу хийж байна гэсэн үг. Найман жилд 20 гаруй тэрбум төгрөгөөр шоу хийнэ гэдэг арай л дэндүү юм.

Мод суулгачхаад л "Би мод тарьчихлаа” хэмээн зургаа авхуулахыг Монгол Улсын найман настай балчраас наян настай буурал ч хангалттай хийж чадахаар болчихлоо. Тиймээс улс орон, хойч ирээдүйтэй холбоотой асуудлаар шоу хийхээ болиод суулгасан ганц бутаа арчилж, ургуулаад мод болгох талаар анхаараач гэж хүсье. Арчилж чадахгүй бол чаддаг нэгнийх нь ажилд 10 мянган төгрөг хандивлачихвал тэр ч бас буян шүү дээ.

Н.БАТЗАЯА, МОНГОЛЫН МЭДЭЭ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.