"Удахгүй сонгууль дуусна. Харин амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Уулзах нүүртэй үлдэцгээгээрэй” гэх хүмүүс байна. Энэ бол үнэн. Цахим орчинд бид талцаж хэрэлдсэн ч, хэрэлдээгүй ч сонгууль болдгоороо л болоод өнгөрнө. 18-хан хоногийн дараа амьдрал үргэжилдээгээр үргэлжилнэ. Гэхдээ энэ нь сонгууль амьдралд ямар ч хамаагүй гэсэн үг бас биш юмаа. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх ч яг ямар байдлаар үргэлжлэх нь сонгуулийн үр дүнгээс шууд хамааралтай. Тиймээс сонгууль, улс төр надад хамаагүй гэж бодохгүйгээр амьдралаа л бодож сонголтоо хийе. Хэнийг нь сонговол бидний, миний амьдрал дээшилж сайхнаар үргэлжлэх вэ гэдгийг дотроо бодож, дороо тунгааж л сонголтоо хийе.
Хамтдаа бодъё л доо. Гурван нэр дэвшигчээс хэн нь ч танай усыг зөөж, хүүхдийг чинь харж, банкны зээлийг чинь төлөхгүй нь ойлгомжтой. Оройн хоолыг чинь бэлдэж, өглөөний цайг чинь чанахгүй нь ч гарцаагүй. Бас шаардлагатай үед чинь мөнгө зээлж, байрны чинь мөнгийг төлөлцөхгүй. Гэхдээ ажил хийгээд авдаг цалинг чинь нэмэгдэхэд, банкны зээлээ төлөх баталгаатай орлогыг чинь хадгалахад, бас хүүхдээ өгөх цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад тэд нөлөөлж чадна. Энэ бүхнийг ганц Ерөнхийлөгч хийж чадахгүй ч эдийн засгийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, өсөлтийг хангахад УИХ, Засгийн газарт чөдөр тушаа бус, түшиг тулгуур болж хамтдаа зүтгэж чадах хүн бол Ерөнхийлөгч. Ийм Ерөнхийлөгч байж чадах хүн нь М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвын хэн нь бэ. Хэлбэрдэлт, хийрхлийг нь түр мартаад, тэднийг биш өөрийнхөө амьдралыг бодоод дотроо тунгааж үзье л дээ.
Сурталчилгааныхаа нээлтэд хэлсэн үгэндээ эдийн засгийн тогтвортой байдлыг онцолсон ганцхан хүн нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболд л байсан. "Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ” гэж яг голыг нь олж хэлсэн хүн нь ч тэр. Үүний төлөө зүтгэхээ хэлсэн, хэлсэндээ хүрэх боломж нь ч илхэн хүн бол яах аргагүй М.Энхболд. Яагаад гэвэл түүнийг Ерөнхийлдөгчид нэр дэвшүүлсэн МАН бол УИХ-д 65 суудалтай, Засгийн газраа байгуулсан нам. Тиймээс л тэр хэрэгжүүлж чадах учраас амлаж чадаж байгаа юм.
Тэгвэл АН, МАХН-ын нэр дэвшигчид иргэдийн амьдралд хамгийн чухал эдийн засгийн асуудлыг онцолсон ч үгүй, бүр орхигдуулаад л өнгөрлөө. Бас л яагаад?. Яагаад гэвэл, эдийн засаг тогтвортой байхад хамгийн чухал нөлөөлдөг хүчин зүйл нь төрийн тогтвортой байдал.
Төр хэзээ тогтворгүй байдаг гэхээр УИХ-д нэг нам дангаараа олонхи болж чадаагүй, Засгийн газраа хамтарч байгуулсан, Засгийн газраа дангаараа байгуулсан ч сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй ажиллах үед төр тогтворгүй, харин ч бужигнаантай байдаг. Бодоод үзье л дээ. МАН УИХ-д олонхийг бүрдүүлж, Засгийн газраа байгуулаад явж байгаа нам. Тэд бодлого, шийдвэрээ гаргах гэтэл МАХН-аас, эсвэл АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч хянаж байгаа нэрийн дор улс төрийн зорилгоор хориг тавьж, гацаагаад байвал яах вэ? Бидний итгэж сонгосон УИХ-ын ажил урагшлахгүй, дагаад иргэдийн амьдрал ч өөдлөхгүй ш дээ. Тиймээс л төрөө тогтвортой байлгаж, эдийн засгаа сайжруулахын тулд эрх баригч намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох нь хамгийн зөв хувилбар. Тэгээд ч нөгөө хоёр нэр дэвшигч төрийг тогтвортой байлгаж, эдийн засгийг сэргээхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллахын оронд сөрж зогсох нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших энэ хэдхэн хоногт хэлж, ярьж байгаагаас нь илхэн болчихлоо. Жишээ нь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын ярьж, хэлж байгааг Та ч бас харж, сонсч л байгаа байх. Өөрийнхөө ажиллаж байсан Засгийн газрыг унаагахад хамгийн их үүрэг гүйцэтгэж, бүр заналтайгаар огцруулсан хэмээн бах нь ханасан шинжтэй ярьж байсан хүн Ерөнхийлөгч болбол юу болох вэ. Тэр төрийг тогтвортой байлгаж, МАН-ын Засгийн газрыг дэмжиж ажиллаж чадах уу. Өөрийнхөө намтай нэг баг болж ажиллаж чаддаггүй Х.Баттулга өрөөлийн намтай баг болоод зүтгэж чадах уу. Итгэхэд бэрх юм даа.
Товчхондоо бол төрийг тогтвортой байлгахад хувийн болон өөрийнхөө намын улс төрийн жижиг эрх ашгаас илүүтэй ард түмнийхээ амьдрал, улсынхаа хөгжлийг боддог хүнийг л сонгох нь чухал. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Ерөнхийлөгчөөр сонгогодвол эдийн засгийг улам унагах эрсдэлтэй. Тэр гадаадын хөрөнгө оруулагчдыг буруутгадаг. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад улс орноо төлөөлөн сурталчилж, хөрөнгө оруулалт татахад онцгой хувь нэмэр оруулах ёстой албан тушаалтан. Гэтэл ийм үүрэгтэй хүн нь эсрэгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орноосоо хөөж гаргах тухай ярьдаг, уриалдаг байвал юу болох вэ. Хөрөнгө оруулагчид дайжиж, арайхийн үнэ нь тогтворжиж, доошилж буй долларын ханш дахиад л хязгааргүй дээшилж таарна. Учир нь, хөрөнгө оруулагчдад төрийн тогтвортой байдал л хамгийн чухал. Иймээс л эдийн засагт дөнгөж ногоон гэрэл асч, гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэж буй ийм эгзэгтэй чухал үед Та Төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа гэдгээ л мартаж болохгүй.
Эрх баригч намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдвол төр тогтвортой байх нь тодорхой бол эсрэг намуудаас сонгогдвол бужигнах нь ч гарцаагүй юм. Тиймээс л сонгогчид хамгийн түрүүнд өөртөө "Хэн нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол эдийн засаг сэргэж, амьдрал сайжрах вэ” гэдэг асуултыг тавьж сонголтоо хийх нь чухал. Бидний амьдрал бол бидний л амьдрал. Амьдралаа л бодъё!
Эх сурвалж: Х.ТЭРГЭЛ
Сэтгэгдэл