ЗОВЛОН ҮЗСЭН ХАЛТАР ХЭДЭН ТӨГРӨГ МИНЬ


 
 ЗОВЛОН ҮЗСЭН ХАЛТАР ХЭДЭН ТӨГРӨГ МИНЬ

-Сүүлийн жилүүдэд мөнгөн дэвсгэртийн насжилт буурчээ-

Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа 1981 онд сансарт нисэхэд ээж нь түүнд 10-тын мөнгөн дэвсгэрт өвөртлүүлээд явуулсан гэдэг. Энэ тухай Их зохиолч С.Удвал

"Энгэртээ авч явахад нь
Хөнгөн нимгэн байг даа гэж
Ээж аавын нь хөдөлмөр шингэсний
Энэхэн нэгэн тэмдэгт гэж
Ачит ээж нь хүүдээ
Арван төгрөг илгээлээ” хэмээн "Ээжий нь 10 төгрөг” шүлэгтээ бичсэн байдаг.

Үнэхээр ч хүний хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ шингэсэн, төрийн сүлд тэмдэгтэй мөнгөн дэвсгэрт бол тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын бэлгэ тэмдгийн нэг билээ.
Монгол Улсын мөнгөн дэвсгэрт төгрөг бол гадаад үзэмж, чанар, дотоод нууцлал зэргээрээ дэлхийн аль ч тэмдэгтээс гологдохооргүй, улсынхаа нүүр царай, тусгаар тогтнолыг илэрхийлэгч юм.

Өнгөрсөн онд Их Британи Умард Ирландын Вант улсад байрлах "Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20,000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтээс шалгарч, анх удаагаа хүрэл медалийн гэрчилгээ хүртэж байв. Тус тэмцээн нь сонирхол татахуйц загвар бүхий цаасан мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулдаг аж.

Харамсалтай нь, бид дэлхийн олон орны мөнгөн дэвсгэрт дотроос шалгарсан мөнгөн дэвсгэртдээ төдийлөн хайр гамтай хандаж чадахгүй байна. Энэ асуудалтай холбогдуулан Монголбанкнаас "Төрөө дээдэлж, төгрөгөө хүндэлье” нэртэй хоёр сарын аяныг зохион байгуулж байна.

Төгрөгийн насжилт буурчээ

Үнэндээ эрээчиж сараачсан, энд тэндээсээ урагдсан, скочдсон мөнгөн дэвсгэрт бидэнд дасал болоод уджээ. Эндээс л бидний соёлын түвшин ямар байгааг шууд мэдэж болно. Дэлхий дахинд жилд 150 тэрбум ширхэг мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгдэж, үүнд 10 тэрбум ам.долларын зардал гардаг байна. Манай улс ч жилд олон мянган мөнгөн дэвсгэртийг хэрэглээнээс гарган устгалд оруулж, төдий хэмжээний мөнгийг гаднын оронд захиалга өгч хэвлүүлэх, тээвэрлэн авч ирэх, түгээх зэрэгт зардал гаргадаг. Энэ хэрээр эдийн засагт хүнд ачаа болдог аж.

Мөнгөний насжилт материал, цаг уур, орчин, хүмүүсийн соёлтой хэрэглээнээс шалтгаалдаг. Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох төгрөг нь чанарын хувьд сайн ч иргэдийн соёлтой хэрэглээнээс болж сүүлийн жилүүдэд насжилт нь улам багасаж байна. Өмнө нь төгрөгийн дундаж насжилт 4-5 жил байсан бол өдгөө 3.8 жил болж буурчээ.

Ялангуяа хэрэглээнд хамгийн идэвхтэй байдаг 1,000-тын дэвсгэрт гурван жил хүрэхгүй хугацаанд хэрэглээнээс гарч байгаа нь монголчууд тусгаар тогтнол, улс орны нүүр царай болсон мөнгөн дэвсгэртдээ хайр гамгүй хандаж байгааг гэрчилж буй юм. Гэтэл америк ам.доллар л гэхэд тав орчим жилийн насжилттай байдаг аж.

Мөнгө юунаас болж бохирдов?

Монголчууд бид гаднын оронд аялах, ажиллах, сурах нь ихсэж, тэр хэрээрээ соёлжиж буй. Бид гадаадын орнуудад валюттай нь тун болгоомжтой, цэвэрхэн харьцдаг хэр нь өөрсдийнхөө мөнгөн дэвсгэртдээ ийм байдлаар хандаж чаддаггүй. Уг нь миний юм гээд улам илүү хайрлах ёстой байтал хайнга ханддаг нь мөнгөн дэвсгэртийн ашиглах хугацааг багасахад нөлөөлдөг аж.

Тухайлбал, түрийвч хэрэглэлгүй хаа сайгүй халаасандаа нугалж мөнгөө хийх, дээр нь зурах, шивэх, бичих, урж тасдах тохиолдол их байдаг. Гутлынхаа түрийнээс хэд нугарч үрчийсэн мөнгийг халтар гараараа гаргаж ирээд тооцоо хийх нь энүүхэнд. Мөнгийг зохистой газар хадгалаагүйгээс болж шатаах, норгох нь наад захын үзэгдэл. Урин дулааны цагт мөнгөө гэрийнхнээсээ нууж, зууханд хадгалтал хэн нэгэн нь санамсаргүй гал тулж, шатаасан тохиолдол ч гарч байна.

Тэр ч бүү хэл, унины завсар хавчуулаад хадгалтал бороо усанд норох, халаасандаа хийж угаах зэрэг асуудал өчнөөн гардаг аж.

Ялангуяа мөнгийг хамгийн их бохирдуулагчид нь худалдагч нар юм. Махны худалдаачид цустай, шүүстэй мах барьсан, ногооны худалдагчид шороотой төмс барьсан гараараа мөнгөө тоолж авдаг нь мөнгөн дэвсгэртээ халтардуулах шалтгааны нэг болж байна.

Хаан банкны орлогын машинд саяхан шинжилгээ хийтэл Дэнжийн мянгын "Хүчит шонхор” зах орчмын машинаас махны өөх тос их хэмжээгээр илэрчээ. Тэгэхээр эндээс гарах мөнгөн дэвсгэрт дээр төдий хэмжээний махны шүүс, тос наалдсан байна гэсэн үг. Энэ хэрээр мөнгөн дээр нян бактери үржиж, тухайн мөнгийг барьсан хүмүүс өвчин тусах магадлалтай юм.

Үүнээс гадна автобусанд бэлэн мөнгөөр зорчдог байхад иргэд мөнгөө урж тасдан хуваан хийж байсан нь ч соёлгүй, бүдүүлэг хэрэглээнд тооцогдоно. Азаар картаар зорчдог болсноор хөөрхий задгай мөнгөнүүд "зовлон амсахааргүй” боллоо.

Буян уу, нүгэл үү?

Уул овоонд өргөсөн аравт, хорьт, тавьт, зуутын дэвсгэрт тоо нь бага ч улсын маань нүүр царай болсон мөнгөн дэвсгэртүүд. Задгай хэмээн тахилгад өргөж буй энэ мөнгө хээрийн салхинд хийсэж, хэнд ч хэрэггүй цаас болон хувирдаг нь эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Тэр ч байтугай суварга, байшингийн суурин доор боодол мөнгөн дэвсгэрт хийж булдаг тохиолдол ч байдаг тухай Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын эдийн засагч С.Бүрэнцогт хэлж байлаа. Улс орон бүр шашны зан үйлд мөнгө хандивлах нь бий.

Гэхдээ гадаадын орнууд задгай гэгдэх мөнгөн дэвсгэртээ хандивын тусгай хайрцагт хийж, буяны үйлст зарцуулдаг бол манайхан хаа таарсан овоон дээр чулуугаар даруулж, шороонд булж байгаа нь буян гэхээсээ илүү нугал гэвэл зохистой. Тиймээс овоо, тахилгын дэргэд хандивын хайрцаг тавьж, өргөсөн мөнгийг нь тухайн орон нутгаас буяны үйлд зориулдаг байвал энэ нь жинхэнэ буян, нөгөө талаар мөнгөний жинхэнэ соёлтой хэрэглээ болох юм.

Э.Мөнхзаяа

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.