Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцсон цагдаа нас барлаа Ө.Энхтөр даргаа


 Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцсон цагдаа нас барлаа Ө.Энхтөр даргаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан болон бямба гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд болсон билээ. Энэхүү тэмцээн нь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын хувьд цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаа, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан томоохон сорилт болдог юм байна. Гэвч энэ тэмцээнд оролцсон нэг алба хаагч амь насаа алдлаа. Мөн уг тэмцээнд оролцсон нэг  албан хаагч өнөөдөр Госпиталь буюу Батлан Хамгаалах Хууль Сахиулах Алба Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг хэвтэн эмчлүүлж байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит энэ тэмцээн ЦЕГын хувьд хүнд цохилт боллоо. Тодруулбал марш тактикийн тэмцээнд цагдаагийн байгууллагаас төлөөлөн оролцсон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ажилтан , цагдаагийн ахлагч Д.Оролгор энэ сарын 12-ны өдөр нас барсан. Тэрээр тэмцээний үеэр хоёр ч удаа ухаан алдаж унасан бөгөөд барианд орж ирээд эмнэлгийн тусламж авч байхдаа нас баржээ. Талийгаач сэргэлэн цовоо нэгэн байсан бөгөөд тэмцээнд оролцохгүй гэж байхад нь хүчээр оруулсан байна.

 

Үүнээс гадна уг тэмцээнд оролцсон цагдаагийн нэг алба хаагч комын байдалтай Госпиталь буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ талаар өнөөдөр цагдаагийн байгууллага нууцалж байна. Цагдаагийн алба хаагч хүн, нэг хүний ард гэр бүл байдаг гэдгийг цагдаагийн дарга, хурган дарга нар ухаарах хэрэгтэй. Үгүй бол энэ мэтээр марш тактикийн тэмцээнээс болж хүнээ алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу? Ө.Энхтөр дарга аа. 

Нөгөө талаас байнгын бэлтгэлтэй хүмүүсийг бичиг цаасны ажил хийж байгаа хүмүүстэй уралдуулах нь хэр зөв бэ гэдгийг зохион байгуулагчид бодох ёстой. Өнөөдөр талийгаачийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ар гэрийнхэн, тэмцээнд оролцсон хамт олны сэтгэл зүй ямар байгаа нь тодорхой. Дахин ийм байдал үүсгэхгүйн тулд асуудлыг хөндөн бичив.

ЭХ СУРВАЛЖ: http://tac.mn/p/46004


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.