Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна


Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна

Эдийн засгийн хямралын бодит үнэлгээ гэж байна уу, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан гэх шалтгаанаар үүнийг саармагжуулан орхих хэрэггүй гэдгийг олон талын жишээ хэлж өгнө. 2012-2016 онд олон улсын зах зээл дээрээс босгож ирсэн "Чингис” бонд, "Самурай” бонд болон бусад өр зээл нь манай жижигхэн эдийн засгийг тэтгээд, эгзэгтэй цагийг саадгүй давах хэмжээний мөнгө гэдгийг шинжээчид хэлдэг. Тэр ч бүү хэл мөнгө зээлэх хэрэггүй, дотоод нөөц боломжиндоо тулгуурлаад ханшийн уналтыг давах байсан гэх эдийн засагчид ч бий. Үүнээс гадна дотоодын зах зээл дээр хэрэгжүүлсэн "Үнэ тотворжуулах хөтөлбөр” нэрээр зувчуулсан их хэмжээний мөнгө, зам тавих, барилга байгууламж барих нэрээр "гулгуулсан” гээд олон мөнгөний асуудал дурдаж болно. Энэ мэт олон салаа замаар гол төлөв буруу замаар урссан мөнгө нь хямрал гээчид чамгүй нөлөөлсөн байж таарна. 


Үүний нэгэн адил бидний хямрал гэж яриад байгаа зүйлд нөлөөлсөн бас нэг зүйл бол "Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессийн гэрээгээр дамжуулсан их хэмжээний мөнгө. Ийм хэмжээний хэдэн арваар тоологдох луйвар үргэлжилсэн учраас хямрах юу ч биш ч юм шиг... Өнөөдөр ч Зам тээврийн сайд асан А.Гансүх тэргүүтнийг шүүж байна. Үүний загалмайлсан эцэг нь өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Х.Баттулга. Түүний туслахаас эхлээд Төрийн өндөр дээд албан тушаалд хүртэл ажилласан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, "Самсунг” корпорацийн төлөөлөл гээд бүлэглэлийн хэргийг шүүхээр хэлэлцэж байгаа. Зарим нэг сэжигтнийг нь интерполоор хайж байна. Үүний үндэс суурь нь эртнээс эхтэй. Хамтарсан Засгийн газрын үед /2008-2012/ Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулгын эхлүүлсэн ажил юм. "Чойбалсан-Сайншанд-Даланзадгад” гэсэн маршрутын 1100 километр зам барих асуудал юм. Энэ төмөр зам барих асуудлыг ОХУ-ын төмөр замтай удаа дараа хэлэлцээрийн ширээний ард суусан баримт бий. Харин ийм гэрээ байсаар байтал Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан гэдгийг УИХ, Засгийн газрын түвшний хариуцлагатай гишүүд удаа дараа мэдэгдсэн шүү дээ. Уг гэрээнд "Монголын төмөр зам" компанийн захирал асан  Б.Батзаяа оролцож гарын үсэг зурсан нь хожмоо түүнийг Ганцхудагт суулгахад хүргэсэн төдийгүй өдгөө шалгагдаж байгаа. 

Энэ гэрээнд тусгахдаа "Даланзадгад- Сайншанд-Чойбалсан” хүртэлх 1100 километр төмөр замыг нэг километрийг нь 2.1 саяас 2.5 сая ам.долларын өртгөөр барина.  Нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байжээ. Харин энэ том төслийг тендергүйгээр Солонгосын "Самсунг С&Т" компанид шилжүүлэн үгссэн байдаг юм. Ямартай ч хүмүүсийн олон салаа хардлага дагуулж байсан энэ эрх шилжүүлэх ажиллагааны мөнгө угаасан хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч шалгасны эцэст буруутныг тогтоолоо. Х.Баттулга нарыг "Гашуун сухайт-Ухаа худаг” чиглэлийн 267 километр төмөр зам барих нэрийдлээр эрх мэдлээ урвуулан ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, улсын хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Хуулийнхан Х.Баттулгыг сэжигтнээр татахдаа "...Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний мөнгө угаасан..” гэх Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг  "...Давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол улсад учруулсан...” гэх үндэслэлээр тус тус шалгаж байна. Энэ мэт хууль бусаар зувчуулсан мөнгөөр төрийн эрхийг худалдан авахаар санаархаж байгаа нь илт. Учир нь хууль бусаар халаасалсан мөнгөө Төрийн эрх мэдэлд гарч хамгаалах, бүлэглэлээ хаацайлахын төлөө улайрч байгаагийн сонгодог жишээг сонгуулийн энэ хэдэн өдөрт бид харлаа. 

Саяхан болж өнгөрсөн, өдгөө ч өрнөж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад "Талх чихэр”-ийн хашаанаас ачигдсан их хэмжээний мөнгө нь Говь-Алтай аймагт саатуулагдсан нь бүгд Худалдаа хөгжлийн банкны дардастай байгаагаас харахад энэ их мөнгө ямар замаар ямар газраас гарч ирснийг ч гэрчилнэ. Худалдаа хөгжлийн банкийг хувьд авсан зарчим нь өөрөө гадны нөлөөтэй хууль бус гэдэг. Төмөр замын гэрээний загалмайлсан эцэг Х.Баттулга нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Орон сууцжуулах хөтөлбөр”-өөс, төмөр замын төслөөс, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа "Үнэ тотворжуулах хөтөлбөр”, малын вакцин /үнэндээ тэр нь хөлдөөд ус болчихсон байсан/-аас гээд төрөөс ихээхэн хэмжээний мөнгө удаа дараа халаасласнаа өнөөдрийн сонгуульд гарган хаяж байгааг бид харж байна. Хэвлэл мэдээллийн хар пиарын баг, бусад талбарт зарцуулж байгаа мөнгөний хэмжээ асар их байгааг болж буй үйл ажиллагаанаас бэлхэн харагдана. 

Төмөр замын гэрээний нууц эзэнтэн Х.Баттулгын төмөр замын асуудлыг учир мэдэх хүмүүс эсэргүүцсээр ирсний цаад талд ийм асуудал байсныг өнөөдөр хүн бүхэн мэдэх болжээ. Хоёр ч Засгийн газарт сайдаар ажиллахдаа төмөр замын гэрээг баталгаажуулахаар улайрч байсан. Арга ядахдаа өргөн нарийн цариг дээр хүртэл хэрүүл босгож байсан нь өчигдрийн явдал шүү дээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол сэжигтэн Х.Баттулга нь төмөр замын нууц гэрээнд үзэглэсэн, хамтран оролцсон А.Гансүх, Б.Батзаяа, өөрийн туслах, "Самсунг” корпорацийн төлөөллөөр өөрийгөө буруугүй хэмээн шүүхээр нотлуулахыг зорьж байна. Гэвч шүүх бол шүүх. Тэд уг нь үнэн зөвийн талд зогсож бурууд нүдээ хурцлах ёстой. Түүнээс бус тэрбээр хэрэгт холбогдсон өөрийнхөө бүлэглэлд хандан "Та нар энэ хэрэгт намайг холбогдолгүй мэт холхон байлга. Би энэ сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахгүй бол олон зүйл ил болно. Тэгэхээр зүтгээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн юм байх. Харин түүний бүлэглэл энэ үгэнд итгэлтэй хүлээж байгаа ч шүүх үнэний өмнө сөхрөх нь лавтай болжээ.  

С.Өрнөх
Өглөөний сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.