Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг цуцалсантай холбоотой үүсч байгаа асуудлын тухай Зам тээврийн сайд М.Зоригт танилцуулсан байна. Үүсч байгаа нөхцөл байдал гэдэг нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа болон "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын "Самсунг С&Т”, "SCTECM” компанийн удирдлагуудыг баривчилсантай холбоотой гэдэг нь ойлгомжтой юм.
Энэ үйл явдлыг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой холбоотой гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Төмөр замын тухайд өргөн, нарийн царигтай байх зэрэг олон зүйл дээр УИХ, Ардчилсан нам доторх бүлэг фракцын хоорондох эрх мэдлийн тэмцэл сүүлийн долоон жил үргэлжилж буй. 2012 онд Засгийн газар 121 дүгээр тогтоол гаргаж "Дорнын төмөр зам” болон "Монголиантранс Лайн” компанитай байгуулсан "Сайншанд-Таван толгой” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг, "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компанитай байгуулсан "Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг цуцлахаар болсон юм.
Дараа нь "Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын "Самсунг С&Т”, "SCTECM” компанитай гэрээ хийсэн. Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд 267 км төмөр зам барих өртөг нь нэг тэрбум ам.доллар аж. Үүнээс "Монголын төмөр зам” ТӨХК-иас төмөр зам барих ажилд 200 гаруй сая ам.долларыг "Самсунг С&Т” компанид шилжүүлсэн гэдэг. Гэвч гүйцэтгэгч тал үгүйсгэсэн бөгөөд 200 сая ам.доллар хаачсан бэ гэдэг Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой хэмээж буй. Энэ мөнгийг "Чингис” бондоос гаргасан бөгөөд зарцуулалтыг нь аудитаар шалгуулахыг аль нэг тал нь шаарддаг гэдэг. 200 сая ам.долларыг яг төмөр замын ажилд зарцуулсан уу гэдгийг газар дээр нь очиж баримттай дэлгээгүй. Нөгөө талаар хувь хүмүүс завшсан уу гэдэгт ч хариулт байхгүй нь дээрх баривчилгааг явуулах нөхцөл бүрдсэн гэдэг. Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа нь энэ юм.
М.Цэцэг
Зууны мэдээ
Сэтгэгдэл