Оффшор бүсэд монголынхоо эдийн засгийн өрмийг нь аваачаад царцаачихсан өвчтэй хулгайчуудыг " Овт шаар "-ууд хэмээн нэрлэх болж тэднийг тойрсон үзэн ядалт нийгэмд аль хэдийнэ дархлаагаа тогтоож чадсан юм. Ийнхүү овт шааруудын мөнгийг оруулж ирэх тухай хүн бүр ам уралдан ярих болжээ. Тэднийг тойрсон улс төр ч түймэр мэт асаж, ямар нэгэн сонгуулийн үеэр өрсөлдөгчөө оффшорт данстай хэмээн тунхаглан зарлах нь бараг моод болсон гэж хэлэхэд болно.
Анх УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан нарын ганц хоёрхон хүний хөндөж эхэлсэн энэ сэдэв нэгэнтээ хөөрөг зөрүүлэх хооронд ярих нь халаг болтлоо нийгмийн анхааралд оржээ. Овт шааруудыг нааж оноо цуглуулах гэсэн улс төрчдийн тоо ч борооны дараахь мөөг адил олшроод байсан ч бодит ажил хэрэг болдоггүй тийм нэг дүр зурагтай явж ирсэн.
Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухайхуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар баталсан нь бас л нэг алхам болсон. Уг хууль батлагдсанаар АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлдэг гаргадаг 38.9 мянган төрийн албан хаагч болон түүний хамаарал бүхий этгээд нэр бүхий 42 улсад банкны данс нээсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, компани, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшиж байгаа бол 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэх үүрэг хүлээхээр болсонюм.
Хэрвээ мэдүүлээгүй, хууль хяналтынхан оффшор дансыг илрүүлсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт бүхий оффшорын эсрэг хуулийг баталж чадсан. Гэвч энэ хууль хэрэгжсэнээр монголд мөнгө орж ирэх боломж бага байна хэмээн зарим гүшүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.
Бидэнд бол элгээрээ хэвтэх гээд байгаа эдийн засагтаа нэмэр болох үүднээс овт шааруудын татвараас нуусан мөнгийг монголруугаа татах нь л хамгийн чухал нь юм. Өнөөдрийн хувьд тэднийг адлахдаа бус мөнгийг нь оруулж ирэх нь тэргүүн эрх ашиг болж байна.
Энэ сэдвийг чХ.Баттулга ерөнхийлөгч сонгуулийн сурталчилгааны үеэрээ ашиглаж байсан юм. Бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж эхлээд шинэхэн байгаа 5 дахь ерөнхийлөгчийн бараг анхны уриалга нь оффшорт байгаа мөнгийг эх орондоо авчрах 49 хоногийн хугацааг зарласан явдал байлаа. Яагаад заавал 49 –ийн тоог сонгож авсан тухай ч сошиалаар сонирхсон иргэд цөөнгүй байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга уриалгадаа:
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байнагэжээ.
Ямар ч байсан дурдсан хугацаанд мөнгөө оруулж ирэхгүй бол овт шааруудад төртөмөр нүүрээ харуулна гэдгээ хэллээ. Нэг талаасаа тэдэнд олгож буй боломж, нөгөө талаасаа зарлаагүй бус "зарласан дайн”-ы оршил бизээ.Нэг л зүйл ойлгогдож байна. Монголчууд оффшорын эсрэг дайн зарлаад эхэлчихлээ . Овт шаарууд үнэндээ МАНАН дунд явдаг бизээ.
Д. Галт
Сэтгэгдэл