Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан тухай мэдээлэл сүүлийн хэд хоногийн турш Солонгосын олон ангит киноноос ч илүү олны анхаарлыг татлаа.
Хэн шадар сайдыг тагнах даалгавар өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа ч, энэ хэрэгт хардагдаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд нар хэзээ ч, хэнийг ч мөрдөн дага гэсэн даалгавар өгөөгүй гэдгээ мэдэгдчихсэн. Харин У.Хүрэлсүх сайд чимээгүйхэн байгаа ч, түүний ажлын албаныхан болон өмгөөлөгч нь байсхийгээд л хэвлэлийн хурал хийж, сонин, сайтад мэдээ, ярилцлага нь нийтлэгдэн, уг асуудлыг олон ангит киноны төвшинд аваачин, "ээдрээт үзэгдэл” үргэлжилсээр байна. У.Хүрэлсүхийг дэмжигч залуучуудын байгууллага НАМЗХ-ны гишүүд ч МАН-ын их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардсаар байгаа юм.
Нэг талаар, намын удирдлагуудын дунд томоохон зөрчил үүссэн мэт харагдавч, нөгөө талаас намын даргад санаархаж буй хэн нэгний зохиол өрнөж буй мэт. Тус зохиол У.Хүрэлсүхийг хоёр сар дагаж мөрдсөн гэх гэрч Ч.Батболдын яриагаар эхэлсэн. Түүний яриа одоогоор үнэн худал нь нотлогдоогүй байна. Дээр нь хуулийнхан гэрч Ч.Батболдыг болон иргэн А, Ж нарыг баривчилсан. Мөн А нь шадар сайдын эгчийн хүүхэд бөгөөд тэдэнтэй хамт У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярыг ч мөн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр А, Ж нь Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч бөгөөд тагнах үйл ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа гэх. Гэтэл юуны учир А гэгч найз Ж-ыхаа хамтаар нагац ахаа мөрдөх ажиллагааг зохион байгуулах болов гэдэг нь сонин. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн. МАН-ын их хурал болох нь тодорхой. Тэд хурлаар дотоод асуудлаа хэлэлцэж, даргаа сонгох нь ч гэсэн цаг хугацааны асуудал.
Энэ мэтээр өрнөж буй үйл явцыг харвал, Шадар сайдыг тойрсон дуулиан МАН-ын Их хурлыг яаралтай хуралдуулж, намын даргын суудлыг авах гэсэн У.Хүрэлсүхийн багийнхны төлөвлөгөө юм биш байгаа.
Сэтгэгдэл