Хотын даргын шийдвэр бүрийн араас БРАВО гэж балиашиглах нь утгагүй болоод байна. Замын түгжрэлийг эрс бууруулна гээд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан биш хотын замын түгжрэл нэмэгдэж, иргэдийн бухимдал ихэд нэмэгдэв. Хичээл сургууль эхлэх гээд хот ид хөдөлгөөнд ордог энэ үед хотын даргын авч хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ тусыг эс олов.
Уг нь ийм шийдвэр гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа "Нийслэлийн төв зам болох Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн замын хооронд оргилд цагт хөдөлгөөний ачаалал ихэсч, уулзварууд хооронд түгжрэх, босоо замын хөдөлгөөн нөлөөлдөг. Иймээс замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн, богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэхээр боллоо” хэмээж байсан.
Гэтэл энэ сарын 15-наас эхлэсэн шийдвэрийн үр дүнд иргэд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хориглосон зохицуулалтыг дагаж, мөрдсөнийхөө шанд, баахан түгжирж, уур бухимдлаа барцгаалаа. Албаны нөхдүүд болохоор зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласны үр дүнд замын хөдөлгөөний ачаалал буурлаа гэж буй ч, тэр замыг нь туулж буй иргэд тэс өөрийг хэлцгээж байгаа юм.
Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна. Ачааллын яг энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ гэж байна лээ. За харин хотын дарга С.Батболд зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлсэн гэсэн юм.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулсан. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болгосон юм.
Тэгэхээр хотын дарга 7 хоногийн дараа Ерөнхийлөгчид энэ талаар нааштай мэдээ дуулгах үүрэг хүлээгээд байна. Хэрэвзээ 7 хоногийн дараа иргэд зүүн эргэхийг хязгаарласан тус чиглэлд зорчих гэж түгжирсэн хэвээрээ байх бол ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт яах аргагүй тавигдана.
Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хориглосн зохицуулалтад төсвөөс 1 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий.
Тэгэхээр бүхэл бүтэн 1 тэрбум төгрөг зарцуулчихаад дээрээс нь иргэдээ улам түгжрүүлж, бухимдуулж байгаа асуудлаа хотын дарга С.Батболд та даруйхан шийдэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn
Сэтгэгдэл