Галуутынханд баяр хүргэе! Тэднээс суралц!


Галуутынханд баяр хүргэе! Тэднээс суралц!

 

Уурхай малчин 2-ын дунд "нударган зодоон" -д хүртлээ байдлыг хурцатгасан Баянхонгор аймгийн Галуут сумын Өлзийт голын сав газарт алт олборлохоор зэхсэн "Тулгажаргалант" компаний үйл ажиллагааг зогсоож, тухайн газрыг 15 жилээр Орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. 
Энэ бол Галуут сумын Үнэгт багийнханы үр хойчийнхоо амьдрах газар нутаг,өөрсдийн амжиргааны төлөө хийсэн шударга тэмцлийн үр дүн байлаа. Хүн бүл цөөтэй,хөдөөгийн малчид бүтэн 2 сар мал хуйгаа орхиод уурхай манаж өдөржин шөнөжин ухсан нүхний дэргэд зогсоно гэдэг амаргүй. Тэд учирласан, уурласан, доромжлуулсан, хүчирхийлүүлсэн, бүр зодуулсан.... Гэхдээ мөнгөөр нутгаа арилжсангүй.Монгол хүний мөн чанарыг хадгалж үлджээ. Хүчинд дийлдсэн тэд Улаанбаатарт олуулаа ирж Хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтийн сонорт хүргэсэн.



Амь насаараа дэнчин тавьж хамгаалахаас ч аргагүй нутаг юм билээ. Ус бараадаж,уурхайгаас зугтсан Аргаль,Янгир,Ирвэс ховор амьтны хоргодож үлдсэн сүүлчийн нутаг. Хангайн нурууны баруун урдаас эх авсан Заг, Байдрагийн голуудын эхэн дээр Галуутынхан амьдран суудаг. Уурхай олборлолтод өртөөд байсан Өлзийт гол нь Байдрагийн гол, Монголын говийн үлдсэн хамгийн сүүлчийн том нуур Бөөнцагаан нуурын гол цутгал шүү дээ!!!! Энэ голыг уурхайгаас аварч үлдээнэ гэдэг Заг Байдрагийн голоос ундаалагч олон хүн амьтны ГОЛ АМИН СУДАС-ыг аварч үлдлээ гэсэн үг.Ийм том буян хаана байх билээ.

Хамгийн гол нь уул уурхайд ус голоо сүйтгүүлж, нутаг бэлчээрээ алдан амжиргаанаасаа салахад хүрээд байгаа Монголын олон аймгийн олон сумын малчдад Мөнгө, эрх мэдэл бүхнийг дийлэхгүй ээ!



Яг тэдэн шиг эв санаагаа нэгтгэж чадвал "Олны хүч оломгүй далай" болохыг баталж, төрсөн нутгаа хамгаалах тэмцлийн гал бадраалаа. Төрдөө итгэл алдсан иргэдийн итгэлийг эргэж сэргээлээ. Нэг багийн хэдхэн малчид хэн ч сонсохгүй,харахгүй Жалгын мухарт шүү дээ. Хүн амын тал нь амьдран суугаа Улаанбаатарынхан бид энэ олон жил утаатайгаа ингэж тэмцэж чадсан бил үү!!! Хоёр сар байтугай төв талбай дээрээ 2 цаг бүгд жагсч чадаагүйнхээ төлөөсийг амьсгалах тоолондоо төлж байна. Хот даяараа жорлонгийнхоо үнэрт үмхийрч суугаагаа мэднэ биз дээ!!



Ураг зулбаж,удмаа устгуулсаар сууна.  Галуутынхан аргагүй л Монгол улсын шилдэг сумынхан мөн байна.  Монгол улсын төрийн тэргүүнийг төрүүлж,өсгөсөн ээжийн нутгийнхан юм байна. Галуутынханы асаасан цучил гал болон бадарч Монголын олон гол ус уурхайчдын савраас аврагдах болтугай!

Б.Отгон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.