ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАД УРЛАГ СОЁЛЫНХОН НЭГДЛЭЭ


ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАД УРЛАГ СОЁЛЫНХОН НЭГДЛЭЭ

 

Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний ажилтнууд хамтын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлэх болсноо дуулгав.


Мэдэгдэлд, 
 
  1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, 
  2. Соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх, 
  3. Монгол Улсын Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлуулж, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах, 
  4. Соёл урлагийн төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэн зарцуулах журмыг шинэчлэн баталж, нэмэлт орлогыг ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулах эрхийг төсөв захирагчдад олгож, орлогын төлөвлөгөөг дараа жил нэмэгдүүлж өгдөг буруу жишгийг таслан зогсоох шийдвэр гаргах асуудлыг тусгасан байна.

Тус мэдэгдлийн хариуг энэ сарын 20-ны дотор Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг мэдэгдсэн юм.

Түүнчлэн соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнууд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийг шаардсан цуглааныг энэ сарын 16-нд Монгол Улс дахь ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд хийхээр шийдвэрлэснээ энэхүү хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

Дээрх асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд энэ сарын 23-ны өдрөөс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээний салбарын ажилтнууд хугацаагүй ажил хаялтанд нэгдэж буйгаа илэрхийлэв.

 
Б.Орхон
 http://olloo.mn/n/47473.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.