Солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж, 2018 оноос мөрдөх гэж байгаа талаар өчигдөр мэдэгдлээ. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулахдаа солонгос хэлний шалгалтад өндөр оноо авсан чухалчилдаг байсан нь учир дутагдалтай байсан гэж үзээд энэхүү журамд өөрчлөлт оруулахаар болжээ.
Ажил олгогчид бие бялдрын хөгжил, тухайн ажлын байранд тохирох ур чадвар, эрүүл мэндийн байдал, тогтвортой ажиллах боломж, нөхцлийг илүү үзэж байхаар болжээ. Энэ шалгуур түлхүү тавигдах учраас хэлний шалгалтад өндөр оноо аваагүй ч бусад нөхцлийг хангасан хүнийг ажиллах хүчээр илгээж эхлэх гэнэ. Гэсэн хэдий ч солонгос хэлний шалгалт, ажлын бусад ур чадварын нөхцөл хоёулаа чухал үүрэгтэй хэвээр байх аж.
Одоогийн байдлаар ажлын байр горилогчид солонгос хэлний 50 асуулттай шалгалтыг 70 минутад өгч, дээд тал нь 200 оноо авах ёстой. Гэхдээ сонгон шалгаруулалтад 84 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орж байгаа. Үүнээс гадна ур чадварын шалгалтаар бие бялдар, ярилцлага, суурь чадвар зэргийг шалгаад тогтоосон онооноос дээш оноо авсан иргэдэд ажлын санал түрүүлж ирдэг юм байна.
Харин 2018 оноос хэрэгжих гэж байгаа өөрчлөлтөөр 40 асуулттай шалгалтыг 50 минутад өгч, 44-өөс дээш оноо авсан иргэд сонгон шалгаруулалтад орох эрхтэй болж байгаа аж. Үүн дээр ажлын ур чадварт үнэлгээ өгөх асуудал нэмэгдэж байгаа юм байна. Жишээ нь, аж үйлдвэрийн салбарт нэг жилээс дээш хугацаатай ажиллаж байсан туршлагатай бол нэмэх гурван оноо, мэргэжлийн сертификаттай бол нэг оноо, техникийн чиглэлээр коллеж эсвэл түүнээс дээш боловсролтой, мэргэжил олгох сургалтанд 120-иос дээш цаг суралцаж төгссөн бол нэг оноо нэмж өгөх аж.
Тус улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд нь 18-39 насныхан байна. Тэд ял шийтгэл эдэлж байгаагүй, хилийн хориг тавиулж байгаагүй, БНСУ-аас хэрэгжүүлдэг албадан гаргах журмын дагуу эх орондоо ирж байгаагүй гэх мэт шалгуурыг хангасан байх ёстой. Мөн "мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д таван жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэд байх шаардлагатай” гэсэн өөрчлөлт оржээ.
Үүнээс гадна өнгө сайн ялгадаггүй, нуруу гэмтсэн, гарын хуруу дутуу зэрэг иргэдийг Хяналтын хорооны гишүүд ажиллах боломжгүй хэмэн дүгнэвэл шалгаруулалтаас хасах гэнэ. Энэхүү өөрчлөлттэй холбоотой мэдээллийг www.monkor.net, www.hudulmur-halamj.gov.mn зэрэг сайтаас авах боломжтой.
Сэтгэгдэл