ХҮҮГИЙН МИНЬ ОРОНД ХҮҮГЭЭ ӨГСӨН БҮСГҮЙ ЧАМД БАЯРЛАЛАА


Дөнгөж төрсөн нялзрай үрдээ ангир уургаа ч амсуулалгүй шинэ ээжид нь өглөө. Тэд хүүг минь үрчилж авах бичиг баримтаа хөөцөлдсөөр бараг арваад хонолоо. Энэ хооронд л миний сэтгэл урваж, хүүгээ авч үлдэхийг чин сэтгэлээсээ хүссэн юм.
Сайн байцгаана уу? Намайг Б гэдэг. Энэ жил 26 нас хүрнэ. Ид хийж бүтээх залуухан нас. Гэтэл одоо би хэдийн гурван сайхан хүүхдийн ээж болж амьдралын хатуу хөтүүд нухлагдаж явна. Миний амьдрал үргэлж л бүтэлгүйтэж ирсэн. Анхныхаа хүүхдийг арван жилийн босго даваад л төрүүлсэн.

Өөрөө хүүхдээрээ байж миний хүүхэд өсгөнө гэж юу байхав. Ах эгчдээ өргүүлчихсэн. Энэ мөчөөс л эхлээд үр минь өөр хүний хайр энэрэлд нүдэн дээр минь өсөхийг харж, сэтгэлдээ шаналж ирсэн. Ээж нь байтлаа "ээж” гэж дуудуулах эрхгүй байна гэдэг төсөөлөхөд ч хэцүү.

Сөөвгөр жаахан охин минь одоо хэр нь намайг "эгчээ…” л гэдэг. Дараа нь хоёр ч удаа амьдрал зохиох гээд бас л бүтэлгүйтэж, хоёрын хоёр нялх үрээ хорвоогоос буцаан нүгэл үйлдсэн дээ. Анд найз бүү хэл ах дүү, төрөл садандаа ч адлагдан үгийн муугаар булагдан өнөөдрийг хүрлээ. "Дөжирөнө гэдэг нь л энэ байх. Амьдралынхаа хань гэж итгээд гурав дахь сонголтоо ч хийсэн. Их дээд сургууль төгссөн ч эрхэлсэн ажилгүй, хар бор ажилд гар хүрнэ гэж үгүй. Амьдрал ахуйгаа өөд нь дээш нь татах тэнхээгүй, өдрийн ихэнх цагийг орон дээр өнгөрүүлдэг нэгэн хоёр хүүгийн минь аав болсон юм даа. Өнгөлөг гэгээлэг, өөдрөг зүйлгүй бүрхэг бараан амьдралаа тоочиж байгаад уучлаарай. Олон зуун залуу сайхан охид битгий над шиг алдаасай гэсэндээ л энэхүү захидлыг гуниг дүүрэн бичиж байна.

Өнөөдөр надад "Монголжингоо”гийн уншигч та нараас минь өөр сэтгэлээ дэлгэх хүн алга даа. Төрүүлсэн эцэг эх минь ч надад итгэхээ больчихсон юм. Аргагүй дээ, би алдсан ч оносон ч өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад тэднийхээ итгэл сэтгэлийг эвдчихсэн юм. Мөн ч олон удаа хүний санаанд оромгүй муу зүйл хийсэн дээ. Ажилгүй, хааяахан уучихдаг нөхөр минь амьдралд нэмэр болно гэж үгүй. Өдөржин шөнөжин хоол нэхэн өмөлзөх хүүгээ харахаар юу ч хийхээс буцахаа байчихдаг юм билээ. "Худал хэлнэ, хулгай ч хийнэ” эрээ цээрээгүй ингэж хэлснийг минь уучлаарай. Амьдралын гашуун үнэн энэ.

Миний зовлон үүгээр дууссангүй. Хэвлийд минь ахин нэг амь бүрэлдэж эхэлжээ. Өдрийн хоолоо ч хүчрэхгүй надад үнэхээр хэцүү санагдах үе олон байсан. Олон ч шөнийг хоосон нойтон уйлж өнгөрүүлсэн. Давхар биетэй дээр нь хөхүүл хүүхэдтэй, хоол ундгүй хөхөнд сүү орохгүй ангаахай үрээ уйлуулан өнжих хар өдрүүд. Эцэст нь би хүүгээ төрмөгц хүнд үрчлүүлэхээр шийдсэн юм. Төрөн төртлөө хүүг минь хүний дайтай өсгөх сайхан хүмүүсийг эрж хайсаар л байлаа. Эрсний эцэст олсоон. Амьдралын бололцоотой, хэн ч харсан нүдэнд дулаахан дөч эргэм насны хүмүүс. Хүүг минь үрчилж авахаар алс холоос хоног товлон зорин зорин ирсэн дээ. Хичнээн хүнд өдрүүдийг, хичнээн амаргүй давааг даван хүүгээ авч үлдсэн гэж санана.

Дөнгөж төрсөн нялзрай үрдээ ангир уургаа ч амсуулалгүй шинэ ээжид нь өглөө. Тэд хүүг минь үрчилж авах бичиг баримтаа хөөцөлдсөөр бараг арваад хонолоо. Энэ хооронд л миний сэтгэл урваж, хүүгээ авч үлдэхийг чин сэтгэлээсээ хүссэн юм. Тэгээд л "эх хүнийг хүнээр хуурах” нүгэл үйлдсэн юм даа. Хүүтэй болсондоо баярлах ээжийн сэтгэлийг та нар маань надаар хэлүүлэлтгүй төсөөлөх биз ээ. Хоёр ээж хэдэн өдөр нулимс унаган тэмцэлдлээ.

Тэр үед ямар ч үнэ цэнээр хамаагүй хүүтэйгээ үлдэх л чухал байсан юм. Эцэст нь замын зардал, бусад зардал, дээр нь сэтгэл санааны хохирол гээд төлж барашгүй их мөнгөн нэхэмжлэлтэй өргөдөл, бичиг баримт дээр гарын үсгээ зурсан юм даа. Аав ээж, ах дүү, найз нөхөд минь бүгд л "хүүхдээ өгөөд явуул…” гэж аргадах нь аргадаж, ятгах нь ятгаж, зарим нь бүр харааж зүхэж ч байлаа.

Гэвч энэ бүхэн хүүтэйгээ үлдэх жаргалын дэргэд юу ч биш. Тэд анхныхаа үрийг харан харан бэтгэрэх, ханатлаа үнсэн тоглож "ээжээ” гэж дуудах энхрий зөөлөн хоолойг нь сонсохын хүслэнг мэдэхгүй шүү дээ. Хичнээн зовж зүдэрсэн ч ахин тийм амьдын хагацал үзмээргүй байна. Тэртээ холоос ирсэн ээжийг өрөвдөхийн дээдээр өрөвдөвч, өөдсхөн хүүгээ өгөөд явуулах сэтгэлийн тэнхээ хүрсэнгүй. Энэ үедээ өрх толгойлсон гурав дахь хүүхдээ төрүүлэх гээд бас л зүрхэндээ шаналантай явсан нэгэн бүсгүйг саналаа. Аз болж утсыг нь тэмдэглээд авчихаж, би. Эргэлзэх юмгүй залгалаа.

Их дээд сургуулиа дүүргэж амжаагүй залуухан бүсгүй хүүтэй болжээ. Яриад байх нь ээ, харж хандах хүнгүй, амьдралын эрхэнд сургуулиа орхих шийдвэрт хүрсэн байна. Гэнэт зориг орж хүүгээ хүнд үрчлүүлэхийг санал болголоо. Бүсгүй дуртай нь аргагүй зөвшөөрч байна.

Хэдэн шөнө хүүг минь царайчлан уйлсан ээж бөөн баяр болж, би ч хүүтэйгээ үлдсэндээ хязгааргүй баярлаж билээ. Одоо тэр бүсгүй хичээл сургуульдаа шамдан гялалзаж яваа. Элэг бүтэн амьдрал хайрласан бүсгүй чамд баярлалаа. Хоёрын хоёр ээжийг сэтгэлийн зовлонгоос ангижируулсан ачтан шүү дээ, чи минь. Одоо би эрхэлсэн ажилгүй, аав ээжийнхээ хормойноос зүүгдэн амьтан хүнд адлуулж яваа ч гэлээ хоёр халтар хүүгээ хөтлөөд л өөрийнхөө дотоод ертөнцөд жаргалтай л явна.

Хэний ч ойлгохгүй зовлонгоор зовж, жаргалаар нь ч бас жаргаж л явна даа. Аяа миний амьдралд яарсан оргилуун сэтгэл, борогхон заяа минь дээ. Олон залуухан охид бүсгүйчүүд миний зовлонгоор битгий зовоосой. Сэтгэлээ уудлан чин сэтгэлээсээ бичсэн урт нуршуу захидлыг минь цаг гарган чин сэтгэлээсээ уншсан танд баярлалаа.

Анх ангир уургаа амсуулаагүй учраас хөхний минь сүү татарчихсан. Хоёр хоноод л хүүгийн минь сүү дуусна. Ингээд л миний дутуу дулимагийн ертөнц дэх гунигт амьдрал эхэлнэ дээ. Гэхдээ л би элэг бүтэн эх хүн.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.