Боловсролын санхүүжилт бүү гацаасай


 
 Боловсролын санхүүжилт бүү гацаасай
11-16-6
 

Д.ОЮУНЧИМЭГ

Санал, шүүмжлэл ховорхон байсаар 2018 оны улсын төсөв батлагдав. Ирэх жил Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлж, өр зээлийн дарамтыг бууруулах зорилт тавьсан байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийн хямралаас гарах нэг алхам хийсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн сахилга батыг дээшлүүлсэн, зээлийн хүүг бууруулах, төгрөгийн ханшийг тогтвортой болгоход анхаарал хандуулан боловсруулсан” гэжээ.

 

1.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ?

Аль болгоныг муучлах билээ. Энэ удаагийн төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбартаа анхаарал хандуулсан нь анзаарагдав. Өөрөөр хэлбэл, 1632.3 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулах нь. Энэ нь улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 39 хувьтай тэнцэж буй. Гэхдээ хөрсөнд хэрхэн бууж, бодит ажил болохыг харах л үлджээ. Учир нь төсөвт тусгуулсан ч мөнгө олдсонгүй гэх шалтгаанаар царцаагаад орхичихдог гэм бий.

Тэгвэл 1632.3 тэрбум төгрөгөөр боловсролын салбарт юу хийх вэ. Улсын хэмжээнд 82 сургууль барих юм байна. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 127 цэцэрлэг баригдах нь. Мөн он дамжин хүлээгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байрны барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь сайн хэрэг.

Эхний ээлжинд нийслэлд цаашид төвлөрсөн суурин газарт цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны төсвийн жилд санхүүжих хүүхдийн дундаж тоо 26.479, үүнээс хувийн өмчийн цэцэрлэгт 15.350, харин төрийн өмчийн цэцэрлэгийн суудлын тоо 11.129-ээр нэмэгдэхээр тооцож төсвөөс санхүүжүүлэх хувьсах болон бусад нормативт зардлыг төсвийн төсөлд тусгажээ.

Боловсролын зээлийн сангаас "Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар дамжуулан 2016 оны IV улирлаас эхлэн зээл олгож эхэлсэн. Ингэхдээ энэ онд 40 гаруй мянган оюутны сургалтын төлбөрийг шийдэх зорилгоор "Оюутны хөгжлийн зээл”-д нийт 90 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэвч арилжааны банкуудаас олгосон зээлийн нийт хэмжээ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 4.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь оролцогч банкууд зээлийн эрсдэлээ үнэлж, зээлд хамрагдахад тавьсан шаардлага нь зээл олголт их, дээд сургуульд суралцагч оюутны хүлээлт, хэрэгцээнд бүрэн нийцэхгүй байгаа тул зээлийн эх үүсвэрт зориулсан хөрөнгийн ашиглалт хангалтгүй гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Тиймээс оюутны боловсролын зээл олгохдоо арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа урт байх боломжийг бүрдүүлэн санхүүгийн эх үүсвэрийг нь төсөвт тусгасан байна.

Ямартай ч уналтад орсон боловсролын салбараа ирэх жилийн төсөв харж үзэхээр болсон нь сайшаалтай юм. Харин төсөвт суулгасан санхүүжилт нь бүү гацаасай.

 

АЦАГ ШҮДНИЙ ЗӨРҮҮ…

 

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэдэг. Учир нь өнгөрсөн жил 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ жил энэ дүн буурсангүй. Тиймээс "сульдаатай төсөл” хэмээн шинжээч, судлаачид дүгнэж буй. Тухайн үед алдагдлыг бууруулж ажиллах ам өчгөө Засгийн газрын гишүүд өгч байсан ч ирэх онд өнөөх алдагдал нь төсөвтэй айлсаад буучихлаа. Мэдээж Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгана гэж амлажээ. Хэдийгээр 2.4 гэдэг тоо ижил мэт харагдавч үнэн хэрэгтээ ирэх жилийн төсвийн алдагдлыг энэ жилийнхтэй харьцуулбал 11.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнийг түр үлдээе. Тэгвэл төсөв батлагчид ядаж хүний үг сонсдог байх хэрэгтэйг хүн бүр хэлдэг. Тэр дундаа тодотголгүй төсөв батлах хэрэгтэйг эдийн засагчид сануулдаг. Нэг талаас нь харвал зөвхөн төсвийн тухай ярьж байгаа ч энэ нь Монгол Улсын хууль болж батлагддаг. Хуулийг дагаж мөрдөх үүрэг хүн бүрт тэгш үйлчлэх учиртай. Харамсалтай нь Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэдэг нь худлаа үг биш гэдгийг алхам бүртээ баталж байна. Ядаж төрийн түшээд нь хуулиа сахих ёстой гэдгийг сануулж байгаа. Магадгүй шинэ оны босгон дээр "Орлого дутах нь, тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарлаа” гэж байгаад хуулиа зөрчих нь тодорхой боллоо хэмээн эдийн засагчид онцлов. Өнгөрсөн жилийнхээс чамбай боллоо хэмээн ярих төрийн түшээд нь "Ацаг шүдний зөрүүг” анзаарахгүй өнгөрөх ард түмэнтэй гэж бодоогүй л байлтай…

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.