"Монголын төмөр зам"-ын 39,2 сая ам.доллар?


"Монголын төмөр зам"-ын 39,2 сая ам.доллар?

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ААС "САМСУНГ СИ ЭНД ТИ”-Д ТӨЛСӨН 39.2 САЯ АМ.ДОЛЛАРЫГ АУДИТАД ТУСГААГҮЙ НЬ ИЛЭРЧЭЭ

 

-"Монголын төмөр зам”, "Мон-Атом” зэргээс санхүүгийн луйврын шинжтэй зөрчил илэрсэн учраас ямар нэгэн дүгнэлт үйлдэлгүй шууд хуулийн байгууллагад шилжүүлсэн аж- 

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар маш ноцтой асуудлуудыг ил болголоо. Түүний хэлснээс сийрүүлбэл "Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн дагуу жил бүр улсын хэмжээнд 6700 гаруй төсөв захирагчийн санхүүгийн тайланд аудит хийн, дүгнэлтийг нэгтгэн баталгаажуулж УИХ-д танилцуулдаг. Үүний дагуу 2016 оны санхүүгийн тайланд аудит хийхэд 31 төсвийн ерөнхийлөн захирагчаас 11 нь хязгаарлалттай дүгнэлт авсан. Монгол Улсын түүхэнд ийм тохиолдол байгаагүй. Энэ бол манай улсад төсвийн сахилга бат ямар хэмжээнд байгааг харуулж байна. Тиймээс Ерөнхий аудиторын хувьд аудитын тайлангаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлтийг шалгах аян зохион байгууллаа. 13 төсвийн ерөнхийлөн захирагч буюу яамдад өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлт 2017 оны есдүгээр сарын байдлаар 44-95 хувийн биелэлттэй байна. Улс орны эдийн засаг, улс төрийн хямрал эцсийн дүнд сахилга хариуцлагатай холбоотой” гэжээ.

Ер нь төсвийн ерөнхийлөн захирагч гэж хэн бэ. Монгол Улсын Төвийн тухай хуулийн 4.1.36-д ""төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” хэлнэ гэж заасан байгаа. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал, сум, аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгч хурлын төлөөлөгч яам агентлаг харьяалан төсвөө зарцуулах удирдах албан тушаалтныг ингэж нэрлэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвөөс хуваарилагдсан мөнгийг л захиран зарцуулах эрхтэй албан тушаалтнууд бөгөөд 2016 онд мань этгээдүүдийн гуравны нэг хувь нь хангалтгүй үнэлгээ авч, нийтээрээ албан шаардлагын талыг л биелүүлсэн байх юм. Үүнийг хэт данхар төрийн том толгойлсон дарга нарын ажлаа хийж буй байр байдал гэхээс өөр юу ч гэх вэ.

Хамгийн гол нь, сонгуульт жилийг дайруулан ийм нөхцөл гарсан нь ч хачирхалтай. Гэхдээ энэ бол Монголын түүхэнд гарч байгаагүй том зөрчил гэж Ерөнхий аудитор хэлснийг харахад, энэ төрд эзэн алга гэдэг нь ч үнэн бололтой.

Аудиторуудын тайланг харахад, байнга л хэл ам таталж байдаг төрийн өмчит компаниудын ажил ахисангүйгээр үл барам уруудаж доошилжээ. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор зэргээс их хэмжээний зөрчил илэрсэн тул акт тогтоосон байна.

Тэгвэл "Монголын төмөр зам”, "Мон-Атом” зэргээс санхүүгийн луйврын шинжтэй зөрчил илэрсэн учраас ямар нэгэн дүгнэлт үйлдэлгүй шууд хуулийн байгууллагад шилжүүлсэн аж. Дээр дурдсан байгууллагуудын тухайд хөрөнгө оруулалтыг маш ихээр татдаг хэрнээ эдийн засгийн үр өгөөжгүй, зардал, бүтэц нь хэт их. Ерөнхийдөө санхүүгийн чиглэлийн элдэв асуудалд өртөмтгий газрууд. Дээр нь татвар болон бусад талын өр зээлийн эргэн төлөлт хийгдэлгүй хэдэн жилийг дамнасан байдаг байна. Хамгийн гол нь, аудитын шалгалтаар эрүүгийн шинжтэй хэд хэдэн зөрчил илэрсэн болохоор хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу шилжүүлсэн нь энэ ажээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын хэлснээр, эдгээр зөрчлийг бататгахын тулд хэд хэдэн удаа шалгасан байна. Тэрбээр Тариалан эрхлэлтийг дэмжих санг онцгойлон жишээлсэн. Энэ сангийн тухайд тариаланчдад олгох зээл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээний төслийг төвлөрүүлдэг газар. Тус сан Атрын III аяны хүрээнд 2008 онд Улсыг хөгжүүлэх сангаас 80.9 мянган тонн улаанбуудай авсан байна. Гэтэл буудайн төлбөрийн үлдэгдэл болох 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй өнөөг хүрчээ. Улмаар усалгааны системийн үнэ гэгдэх 241.3 сая төгрөгийг санхүүгийнхээ тайланд оруулалгүй, сох дутаасан нь аудитын шалгалтаар илэрсэн. Мөн өнгөрсөн онд нийт 84 тэрбум төгрөгийн өглөг, авлагын тооцоог гаргаагүй байсан нь ийнхүү ил болсон учраас одоо хуулийн байгууллага шалгахаар болсон байна.

"Монголын төмөр зам” ТӨХК-ийн тухайд бүр ч ноцтой. Үүнд, шинэ төмөр замын маапаанд нэр нь байнга холбогддог БНСУ-ын Самсунг Си энд Ти корпорацийн тухай мэдээлэл гарч ирж байна. Тодруулбал, "Монголын төмөр зам” ТӨХК нь Самсунг Си энд Ти корпораци, Эс Си Ти И Си Эм компанид төлсөн 39.2 сая ам.долларыг аудитад тусгаагүй, гүйцэтгэл нь тодорхойгүй байжээ. Энэ компани болон шинэ төмөр зам, "Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой маш их хэмжээний мөнгөний маргаан одоо ч үргэлжилсээр байгаа билээ. Тэгэхээр аудитын шалгалт нэгийг өгүүлэх аж. Дээр нь "Монголын төмөр зам”-аас Хандгайт-Төмөртэйн чиглэлийн төмөр замыг хүлээн авсан баримт нь байгаа ч өртөг зардал нь байхгүй, бүртгэлд оруулаагүй нь илчлэгдсэн аж. Үүнээс гадна "Ухаахудаг, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концесс”-ын гэрээний төлбөр 83.7 тэрбум төгрөгөөс 45.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүртгээгүй байжээ.

Эндээс харахад, өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын их урсгалаар орж ирсэн ч улсад шингээгүй маш их хэмжээний мөнгөний асуудлыг илрүүлэх нь цаг хугацааны л асуудал бололтой. Хамгийн ноцтой нь, эдгээр хэрэг дандаа АН-ыг эрх барих үед гарч байсан нь хачирхалтай. Тэр нь ч аргагүй. Тэднийг засаг барьж байх үед Монгол Улсын төсөвлөж зарцуулах хүчин чадлаас хэд дахин их мөнгө эдийн засагт орж ирсэн. Харин тэрийг нь шат шатны дарга нар яаж дураараа үрсэн жишээ нь өдгөө баримттайгаа илэрч байна.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар энэ талаар "Зээл тусламжаар орж ирсэн мөнгө, эд зүйлсийг хууль бусаар худалдан борлуулсан, шилжүүлсэн, бүртгэлд тусгаагүй, хэт доогуур үнээр худалдсан, хөнгөлөлт чөлөөлөлтийг хууль зөрчиж олгосон, зарим бүтээн байгуулалтыг дуусгахгүйгээр орхиж, улсын төсвийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан зэрэг зөрчлүүд байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өөр хүний нэр дээр ашигладаг, өгдөг зөрчил илэрсэн. 

Сангийн үлдэгдэл мөнгийг арилжааны компаниудад бага хүүтэйгээр байршуулдаг зөрчлүүд гарч байна. Нийгмийн даатгалын сангаас үр дүнгүй хөрөнгө оруулалтууд хийгдсэн, зарим сумдад 2-3 ажилтантай мөртлөө олон давхар барилга барьснаас ашиглалтын зардал их гарч байгаа зэргээр төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, улсын төсөвт дарамт болж байна” гэжээ. Ямартай ч өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс дураараа тоншиж байсан энэ мэт асуудлуудыг хуулийн байгууллагууд хэрхэн яаж шийдэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.