Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 31 дүгээр зүйл "Статистик болон мэдээ цуглуулах”, Ази номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан "Эрхийг бодит болгоё” Инчоны стратегийн зорилго 8 "Найдвартай харьцуулж болох хөгжлийн бэрхшээлийн тоо баримтыг сайжруулах” хэмээн заасны дагуу хөгжлийн бэрхшээлийн талаар тоо баримтыг үнэн бодитой мөн тодорхой болгохоор "Хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчлэх тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг ангиллыг өөрчлөн шинэчлэх нь зөв эсэх талаар мөн хөгжлийн бэрхшээлийн статистик тоон үзүүлэлтийг гаргадаг ангиллыг хэрхэн өөрчилбөл зохих талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс санал авлаа.
Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоон судалгааг дараах байдлаар ангилан гаргадаг бөгөөд бусад гэсэн ангилал нь жил бүрийн үзүүлэлтэд өндөр гардаг.
• Хараа
• Яриа
• Сонсгол
• Хөдөлгөөн
• Сэтгэц
• Хавсарсан
• Бусад
Бусад гэсэн ангилалд эрүүл мэндийн улмаас бэрхшээлтэй болсон, Дауны хам шинж, Аутизмын хүрээний эмгэг, генетикийн гаралтай зэрэг бэрхшээлүүдийг хамруулан ангилж байгаа нь энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийн тоон судалгаа учир дутагдалтай, төрөөс үзүүлж буй хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд хамрагдахгүй байх, бодлогын төвшинд болон үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд үйл ажиллагаандаа тусган ажиллахад хүндрэлтэй байгаа зэргээс тэдний эрх зөрчигдөх явдал гарч байна. Хэлэлцүүлгээс гарсан саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо зэрэг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах болно.
Сэтгэгдэл