Дэлхийн өнцөг булан бүрт орших улс үндэстнүүд бүгд өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц дүр төрхтэй. Эдийн засгийн чадамж, үйлдвэрлэлээрээ гайхуулах улс орон байхад батлан хамгаалах салбараа өмнөө барьж "нүүр”-ээ халхалдаг улс ч байна. Түүхээрээ бардах үндэстний хажууд шинээр түүх бүтээж байгаа үндэстнүүд алхаж явна, ер нь бол гүйцэж явна.
Зарим нь нэр төрөө бодолгүй энд тэнд чимээ шуугиан тарина, үүнээсээ болж адлуулж чичлүүлнэ. Юутай ч даяаршсан өнөөгийн дэлхий ертөнцөд улс орон бүр нэрээ өндөрт өргөж явахыг эрмэлзэж явна. Яг л хүнтэй адил. НҮБ-д бүртгэлтэй буюу дэлхийн "иргэний үнэмлэх”-ээ авсан улс орон 193 бий. Тэдний нэг нь бид.
Эгэл, энэ бидний Монголчууд 1961 онд НҮБ-ын албан ёсны гишүүн болохдоо нэр хүнд чамгүй өндөр байсныг эргэн саная. Дэлхийн II дайнд ялалт байгуулсан талд зогссон, бүс нутагтаа заналхийлж байсан их гүрнийг томоохон тулаанд ялсан, нийтээрээ бичиг үсэг тайлагдаж, үйлдвэрлэл аж ахуйг хөгжүүлж эхэлсэн зэргээр богино хугацаанд нийгмийн хоцрогдлоо нөхсөн учраас ямартай ч дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд нэр төртэй байж.
Тэр үед улс орон даяар иргэн бүр Монгол Улсынхаа нэр төрийг дээшлүүлж, түүнийг хамгаалахын төлөө бүхнээ умартан зүтгэж байсан. Үр дүн нь ч гарсан. Харин одоо улс орны нэр хүнд бол тусгаар тогтнолын бамбай мөн гэдгийг мэддэг Монгол хүний тоо жилээс жилд цөөрсөөр байгаа нь харамсалтай.
ЦААСАН МАЛГАЙНААСАА САЛАХ ДУРГҮЙ
2017 оны арванхоёрдугаар cap. Ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг шинэ тогтолцоотой болсон гээд цэвэрхэн цагаан цаасаар малгай хийгээд толгой дээрээ тавьчхаад морин дээрээ хагас дутуу зайдагнах Монголын амнаас архи ханхалж, ходоод нь хоосон хүржгэнэнэ. Согтуурхалдаа бачимдаж, өлссөндөө уурсах тэрбээр үнэн мөнийг ялгах нь битгий хэл урдахаа харах тэнхэлгүй.
Цаасан малгайг нь авчихвал үмхийрсэн тархи нь ил гарч, хавийн амьтныг үргээгээд зогсохгүй өөрөө эвгүй байдалд орох учраас тэрбээр цаасан малгайгаа давхарлан зузаалах боломжит бүхий л арга чаргыг эрэлхийлнэ. Гаднын хүний нүдээр эх орноо харвал дээрх этгээдийн дүр зураг бууж байна. Эсвэл гаднынхны үнэлгээг багахан монголжуу хөрсөнд буулгаад дүрсэлбээс нэг иймэрхүү.
Монгол Улсад амьдарч үзсэн эсхүл Монгол хүнийг мэддэг гаднынхан биднийг бүдүүлэг танхай, худалч бөгөөд бялдууч, аа бас залхуу, найдваргүй гэж хэлэх нь аугаа Чингисийн үр хойч хэмээн магтахаас илүүтэй тохиолдоно. Зүгээр ч нэг илүүтэй биш, "үнэмлэхүй" илүүтэй шүү. Сүүлийн үед Монголчууд бид "үнэмлэхүй” гэдэг үгэнд их дуртай болчхоод байгаа.
Ихэнх Монголчууд "муусайн гадаадууд юугаа мэддэг юм”, "лаагаа иднэ үү луувангаа иднэ үү тэдэнд хамаагүй” гээд үл тоох, үгүйсгэх мянган хариулттай. Угтаа бол санаанд нь дэлхий багтаад, гар хөлийнх нь үзүүрт АНУ, ОХУ, БНХАУ гүйж байх ёстой гэж боддог хүмүүс ийм байх н аргагүй юм шүү дээ. Яагаад гэвэл найман зууны өмнөхийг улс даяараа сэрүүн зүүдлээд, иргэн бүр нь XXI зууны бодит үнэнтэй сэтгэл зүрхэндээ тэмцээд байгаа хэрэг. Нэр хугарахаар яс хугар гэж нэр төрөө юунаас ч илүүд эрхэмлэдэг ард түмэн ингэж доошоо орох гэж.
КАЗАХСТАН, ПАКИСТАН, САУДЫН АРАБ, БАС МОНГОЛ ХҮНИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ. ЭНЭ БОЛ ДҮРЭМ
Энэ бол Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын нэгэн шөнийн цэнгээний газрын дотоод дүрэм. Дээрх улсын иргэдэд үйлчилсэн тохиолдол бүрт тодорхой хэмжээний зөрчил гарсаар, залхаж орхисон нь тэр. Дан ганц шөнийн цэнгээний газар ч биш, бусад худалдаа болон үйлчилгээний байгууллагуудад дээрх дүрэм үйлчлэх нь бий. Цааш нь үргэлжлүүлбэл Өмнөд Солонгост ч биш, дэлхий даяар нөхцөл байдал ерөнхийдөө адилхан. Монгол хүн хөлийн мөрөө гаргасан газар бүртээ улс, эх орныхоо нэр хүндийг газарт булшилж, дараагийн Монгол хүн нэвтрэх боломжгүй бүс болгон хувиргадгаас болоод л ингэж байгаа юм.
Дэлгүүрээс хулгай хийлээ, Монгол хүн. Олон нийтийн газар зодоон цохион хийлээ, Монгол хүн. Оочир дараалал дайрлаа, Монгол хүн. Дэлхий даяар Монгол хүнээс, тэдний хувиа хичээсэн бүдүүлэг зангаас залхаж байна, гэхдээ Монгол хүн өөрөө залхахгүй нь мэдээж. Засарна гэж тэднээс хүлээлтгүй. Гаднын их сургуульд тэтгэлэг авахаар оролдох залуус "Монголд амьдрах нөхцөл байхгүй. Монгол шиг шударга бус, муу муухай орон байхгүй” гээд бичиж өгнө. Довоо борлуулж л байвал бусад нь хамаагүй гэсэн бэртэгчин зан залуу хүмүүсийн ясанд шингээстэй. Уул шугамдаа энэ намаг балчигнаас татаж гаргах ёстой хүмүүс нь тэд.
Иргэдийнх нь үйлдэл бөмбөрцгийн өнцөг булан бүрт чихнээс хонх уяхын хажуугаар удирдагчид нь улсынхаа нэр хүндийг унагаахад бас л "удирдах” чиг үүрэгтэй оролцоно.
Энд Ерөнхийлөгч Засгийн газар, Тамгын газрын дарга, гишүүдийн бүрэн эрхийнхээ хугацаанд гадаадад хийх айлчлал бүртээ зээл тусламж гуйж, "нөхцөл байдал муу” байгааг өрөвдөлтэй гэгч нь тайлбарладгийг орхиод нэгэн ойрын жишээг сануулъя. Тавхан жилийн өмнөх хэрэг л дээ. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 оны есдүгээр сарын 21-нд Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд тавихдаа хүмүүсийн сэтгэлд хүрэхийн тулд зайрмаг идэж үзээгүй гээд туучихсаныг одоо хүмүүс мартаагүй биз.
Хэсэг зуур шуугиад л, муулаад л бүх зүйл өнгөрсөн. Эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн маань илтгэл сонсогчдод таалагдаж, нэр хүндийг нь өсгөхөд хувь нэмэр оруулсан нь ойлгомжтой. 1 Харин ард нь Монгол Улсын нэр хүнд унаад хоцорсон.
Дэлхийд тэргүүлдэг их сургуулийн багш, оюутнуудад Монгол хоцрогдсон, буурай орон байсаар ирсэн юм байна гэдэг ойлголт батажсан биз. Ер нь Монгол Улс гэхээр хөдөө тал, гэр, архи гурав л санаанд ордог гэж нэгэн танил маань хуучилж билээ. Дээр дооргүй ингэж сурталчлаад байгаа юм чинь өөр яах вэ дээ. Ядаж байхад бодит байдал нь үүнээс нэг их хол зөрөхгүй.
ЗЭСНЭЭС ЦААДАХ НЬ ЦУХУЙСАН СҮҮЛИЙН 25 ЖИЛ
Монгол Улсад дэлхий нийтээс нууж хаагаад байх зүйл одоо үлдсэн үү. Үгүй ээ, үлдээгүй. Сонгуулиа цэвэр, шударгаар явуулж чадахгүй, үргэлж араас нь хэл ам, хэрүүл маргаан дагуулна. Сонгуулийн дараа байгуулсан Засгийн газраа өөрсдөө унагаачихна. Сүүлийн 25 жилд 13 Засгийн газар сольсон Монгол Улс засаглалын тогтворгүй байдал болон гажуудсан ардчиллын тод жишээ. Дэлхий даяар харж байхад улстөрчид эрх мэдлийн төлөө тэмцэхдээ муу муухай бүхнээ дэлгэж орхино.
Бас нөгөө офшор дансны асуудал. Ил биш нуусан данс. Дотроо хэдэн арван сая доллар, нийлээд хэдэн тэрбум доллар тээсэн данснууд. Хөрөнгө оруулагчдыг хуурч мэхэлдгээрээ нэрд гарахад хүргэсэн улстөрчид. Цааш нь тоочоод байвал бурхан өршөөг гэж уулга алдахгүй байхын аргагүй.
Одоогийн байдлаар Монгол Улсын нэр нүүрийг найман зууны тэртээх их гүрний түүх, ёс суртахуун бүхий цөөхөн иргэн л талхалж байна гэхэд хилсдэхгүй. Тамын тогооны үлгэрээ яриад, жалга довын үзлээрээ тэмцэлдэж, хилийнхээ гадна болон дотор нэр нүүрээ баастаж байх хооронд юу болсон гээч. Урд хөрш БНХАУ ДНБ-ийхээ хэмжээг 1989 оны үеийнхээс 21 дахин их хэмжээнд хүргэж, ядууралдаа баригдсан улсыг дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх гүрэн болгон хувиргасан.
Одоо нэг хүнд ногдох ДНБ-ээрээ БНХАУ нэгт, нийт ДНБ-ээрээ хоёрт жагсаж байна. Хүний хөгжлийн индексээрээ "өндөр” үнэлгээтэй, Нэр хүндийн индексээрээ 47-д, Үндэсний сурталчилгаагаараа Ази-Номхон далайн бүст Австрали Улсын ард дэд байранд яваа урд хөршөөсөө Монгол Улс гадаад худалдаагаараа бараг л бүрэн хамааралтай. 2008 онд дэлхийн хамгийн үнэтэй 500 брэндийн ердөө найм нь БНХАУ-ынх байдаг байсан бол энэ тоо өдгөө 50-д хүрчхээд байгаа. 2017 оны хамгийн өндөр өсөлттэй, шилдэг үндэстнээр БНХАУ тодорсон.
Энэ онд л гэхэд 3.1 их наяд ам.долларын өсөлт дэлхий дахинд толилуулсан нь Их Британийн нийт үнэлгээтэй тэнцэнэ гэдгийг бодоод үз. Жижиг үндэстний айдас, хэнээрхлээс улбаатай үндсэрхэг үзлээсээ болж Монголыг улам л дотогшоогоо хумигдаж байх зуур дэлхийн бүх улс орнууд Хятадын зах зээлд хошуурч, тэдэнд тал засаж байх жишээтэй. Дэлхийн их гүрэн АНУ-ын Ерөнхийлөгч Азийн орнуудад хийсэн айлчлалдаа БНХАУ-г онцолж, ач охин нь мандарин хэлээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байхад Монгол Улсын эрх баригчид дэлхийн хамгийн том зах зээлээс өөрсдийгөө түлхэж, ашигтай ажиллах ухаан нь дутсан.
Үндэсний брэнд, түүнийхээ нэр хүндээрээ тэргүүлж байгаа АНУ, БНХАУ, Канад, Япон Улсуудтай "барьцах”-аа түр хойш нь тавья. Газар нутаг дээр нь дайн болж байгаа Ирак, Ливи, бидний буурай хөгжилтэй гэж боддог Танзани, Конго, Мьянмар, Непал зэрэг улсууд энэ жагсаалтад нэрээ бүртгүүлж амжсаныг анхааралдаа авагтун. Монгол Улс энэ жагсаалтын эхний 100-д байхгүй. Үүнээс гадна Улс орнуудын нэр хүндийн жагсаалтад Монгол Улс ороогүй.
Иргэдийн нас, хүйс зэрэг энгийн шалгуураас эхлээд ж улс орны харилцаа, эдийн засгийн үзүүлэлтүүд, үр дүнтэй засаглал гээд олон чиглэлд нарийвчлан жил бүр дэлхийд нэр хүндээрээ тэргүүлж буй орнуудыг шалгаруулдаг энэ жагсаалтад Монгол Улс хэзээ орж ирэхийг хэн ч таашгүй. Ерөнхий шалгуур нь их энгийн, ердөө л ДНБ-ийн хэмжээ. Дараа нь, тухайн улсын засаглалын үр дүн, үйл ажиллагаа, олон улсын тавцан дахь нэр төр, хамрах хүрээ, бүр нийтэд хэвшсэн ойлголтыг судална.
2017 оныг нэр хүндээрээ Канад, Швейцар, Швед, Австрали. Шинэ Зеланд Улсууд тэргүүлсэн бол төгсгөлийн 51-55 байрыг ОХУ, Нигер, Пакистан, Иран болон Ирак Улсууд эзэлсэн байна. Сонирхуулахад, АНУ-ын нэр төр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас тогтмол буурсаар байгаа бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трамп, түүний эрс тэс шийдвэрүүд үүнд ran хүчин зүйл болсон аж.
Түүнчлэн энд зайлшгүй дурдах ёстой нэгэн жагсаалт бий. Энэ бол "Өв залгамжлуулах хөгжил цэцэглэлтийн индекс” буюу жил бүрийн "The Legatum Prosperity index”. Хөгжил дэвшил материаллаг баялгаар илрэхийн зэрэгцээ өдөр тутмын амьдрал ирээдүйд итгал төгс тэмүүлж буйн баталгаа мөн гэсэн уриан дор жагсаалт гаргахдаа 149 орны нөхцөл байдлыг дараах есөн шалгуураар дүгнэнэ.
Шалгууруудыг танилцуулахын сацуу Монгол Улсын 2017 онд эзэлсэн байрыг тус тус дурдъя.
- Эдийн засгийн чанар - 73
- Бизнесийн орчин - 86
- Засаглал - 62
- Хувь хүний эрх чөлөө - 85
- Нийгмийн баялаг - 28
- Аюулгүй байдал - 95
- Боловсрол - 51
- Эрүүл мэнд - 88
- Байгаль орчин -106
Нийлбэр дүнгээр Монгол Улс 68-д орсон. Ардаа 80 улс хийчихсэн гээд баярлах зүйл биш ээ. Нөхцөл байдал хэд дахин муу байгааг та бид өөрсдөө мэдэж байгаа. Дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 41°35'- 52°09', уртрагийн 87 44’Е -119°56'Е-с нэг алхам давахад л бидний нэр хүнд авах юмгүй болчихсон байгаа.
Эх орныхоо нэр төрийг өндөрт өргөх үүргийг хүндэтгэлтэйгээр хүлээж авах ёстой байтал ухамсар мөчид цөөн хүний балагт үйлдлээс болж энэ эрхэм үүргээ биелүүлэх боломжгүй болно гэдэг харамсалтай хэрэг шүү дээ. Хойч үедээ хайрлаж хамгаалах нэр төр үлдээгээч. Олон улсын тавцанд нэр төр унах тусам тусгаар тогтнолын багана ганхаж байгааг анхаарах сөхөөтэй хүн байна уу энд. Ядаж хугарах нэртэйгээ үлдэцгээе, монголчууд аа.
Т.ЖАРГАЛСАЙХАН, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Сэтгэгдэл