Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны үр удам хэмээн цээжээ дэлддэг бидний монголчууд эдүгээ дэлхийн хэвлэлийн хуудаснаа "Асар их байгалийн баялагтай атлаа эдийн засгийн хямралд нэрвэгдсэн”, "Бэлэн мөнгөний гачигдалд орж, олимпийн тамирчдаа ч урамшуулж чадахгүйд хүрсэн” гэх зэргээр "балбуулах” болжээ.
Үнэн хэрэгтээ мөнгө босгох хангалттай боломж манай улсад бий. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн бус, өөр баялаг байгааг энд дурьдахыг хүслээ. Хүн төрөлхтөн үүссэн хийгээд анхны төрт ёс байгуулагдсан цаг үеэс эхлэлтэй он удаан жилийн түүхийг хадгалсан үнэт археологийн олдворуудаараа бид баян.
Өнөөгийн нөхцөл байдалд эдгээр их баялаг зүгээр л зориулалтын бус хоосон чингэлэгт тоосондоо дарагдаад хэвтэж байх аж. Манай улсад нийтдээ 41 мянга гаруй археологийн дурсгалууд хадгалагддаг юм билээ. Өвөг дээдсийнхээ түүх соёлын өв уламжлалыг зөв зохистой хадгалах, хойч үедээ өвлүүлэх, сэргээн засварлах ажил тулгамдаж буйг мэргэжилтнүүд сануулсаар байдаг ч, хөрөнгө мөнгөгүй, хариуцсан яамгүй гэхчилэн шалтгаанаар үнэт баялгаа чингэлэг төдийхөнд хадгалж буй улс манайхаас өөр байхгүй болов уу. Арга ядсандаа хэдэн археологичид, судлаачид нь өөрсдийн нөөц бололцоогоороо тодорхой орчныг бий болгох гэж хэрэндээ хичээдэг гэх.
Үүнээс гадна би л болж байвал бусад хүн байтугай, эх орны үнэт баялаг ч хамаагүй гэх сувдаг сэтгэлтэй иргэдийн гайгаар хэчнээн үнэт дурсгал хилийг чанадыг зорьж байгаа бол. Өнгөрсөн онд л гэхэд археологийн дурсгалуудыг ашиг олох зорилгоор ухаж гаргасан 25 тохиолдол бүртгэгдсэн байх юм.
Нэг хэсэг нь баялгаа хулгайлж, нөгөө хэсэг нь үнэт өвөө тоосонд даруулан чингэлэгт хадгалж байх зуурт манай өмнөд хөршийнхөн нүцгэн талд дэлхийд байхгүй ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, жуулчдын "Ногоон”-ыг эх , орон руугаа татсаар байна. БНХАУ-ын Юньнань мужийн Шишуанбаннад асар том ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бий.
Тус цэцэрлэгт хүрээлэнд бүжиглэдэг, ичдэг гээд янз бүрийн хэлбэр хэмжээ дүрс, өнгө үзэмж бүхий ургамлуудыг тарьж ургуулсан байх бөгөөд жуулчид бүгдийг үзэхийн тулд дөрвөн өдөр шаардлагатай гэдэг. Харин өнгөц байдлаар үзэхэд хамгийн багадаа хоёр цагийг зарцуулдаг юм билээ. Ямар хэмжээний том талбайтай вэ гэдгийг үүгээр илэрхийлэхийг хүссэн хэрэг. Дэлхийн өнцөг булан бүрт ургадаг ургамал цэцэгсээс гадна зөвхөн тус ботаникийн цэцэрлэгт л ургадаг ургамал ч гэж байх. Гэхдээ хамгийн гол нь тэрхүү ногоон ертөнцийг байгаль дэлхий өөрөө бус, хүний гараар бүтээж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна.
Бид өвөг дээдсийнхээ өв уламжлалыг зөв зохистой хадгалах зориулалтын орчин бий болгож ч чадахгүй тоосонд даруулан үнэгүйдүүлж, зөвхөн байгалийн нөөц баялаг, гадаадын зээл тусламжид найдаж суухад, "хөрш айл” нүцгэн талыг ч баялаг болгон валютын урсгалыг эх орон руугаа татсаар сууна. Хориотой хот, Тяньмины талбайг ч энд дурьдаж болно. Тэдгээр бүтээн байгуулалт тухайн улс орны түүхийг өгүүлэхийн зэрэгцээ, асар их мөнгөний урсгалыг бий болгож байна. Манайх ч юугаараа дутах билээ. Нүцгэн талыг ногоон ертөнц болгон өөрчилж чадахгүй юм аа гэхэд, ядаж үнэт олдвороо хадгалах зориулалтын орчин бүхий музей байгуулж, түүгээрээ мөнгө олъё. Өвөг дээдсийнхээ үнэт өвийг зөв зохистой хадгалан үр хойчдоо үлдээхийн зэрэгцээ түүх соёлынхоо олдворуудаа ашиглаж, жуулчдын "ногоон”- ыг эх орон руугаа татъя. Мөн үүгээр дамжуулж, үр хойчдоо эх орон, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвщүүлье.
Хэдий болтол өвөг дээдсийнхээ үлдээсэн баялагт заналхийлж, үнэгүйдүүлэх вэ, эрхэмүүдээ.
Б.Даваа
Сэтгэгдэл