Мөнгөний ХОМСДОЛ


Мөнгөний ХОМСДОЛ

Монголд мөнгөний хомсдол нүүрлэжээ. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалт буурсан нь, компани хооронд бартерын наймаа цэцэглэж буй нь мөнгөний хомсдол нүүрлэсний хамгийн энгийн жишээ юм. Аж ахуйн нэгжүүд мөнгөний урсгалгүй учраас эд материалыг бараа бүтээгдэхүүн, эсвэл ажил үйлчилгээгээр солилцож байна.

Мөнгө юунд ч хөрвөх чадвартай эдийн засгийн хэрэгсэл. Тиймээс эдийн засгийн цус нь болдог. Монголын эдийн засгийн цусны урсгал зогсож, толгой нь эргээд унахад бэлэн байна. Бартерын наймаа бол цусны урсгалыг бага боловч сайжруулж буй. Гэвч арга ядсан, амь зогоох төдий л арга хэмжээ юм.

Засгийн газар 2016 он гарснаас хойш 1-3 жилийн хугацаатай буюу урт хугацаат үнэт цаас арилжих гэж 11 удаа оролдлоо. Бүгд амжилт олоогүй учраас оролдсон гэхээс өөрөөр юу гэх вэ. Хоёр жилийн хугацаатай, 15 тэрбум төгрөгийн бондын арилжааг хоёрдугаар сарын 24-нд явуулахад хөрөнгө оруулагчид 500 саяыг нь л худалдаж авсан.

Үүнийг эс тооцвол, бусдаас нь нэг ширхэг ч үнэт цаас худалдаж аваагүй. Засгийн газар 10-15 тэрбум төгрөгийн л урт хугацаат үнэт цаас санал болгож байгаа. Хүү нь дунджаар 15 хувь буюу маш өндөр. Гэвч худалдан авч чадахгүй л байна.

Харин хөрөнгө оруулагчид Засгийн газрын 3-9 сарын хугацаатай үнэт цаасыг худалдаж авч зүрхэлж байгаа. Уг бондын дийлэнхийг арилжааны банкууд худалдаж авдаг. Банкууд урт хугацаатай үнэт цаас худалдаж авч зүрхлэхгүй байгаа нь мөнгөний хомсдол бий болсны макро түвшний илэрхийлэл юм.

Мөн Төвбанкны үнэт цаасны хэмжээ буурсаар байна. Баасан гаригийн байдлаар банкууд 350 тэрбум төгрөгөөр Төвбанкны нэг долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг худалдан авсан байв. Статистик мэдээллээс харвал нэгдүгээр сарын эхэнд банкууд нэг их наяд төгрөгийн Төвбанкны үнэт цаас худалдаж авч байжээ.

Мөнгөний хомсдол юунд хүргэх вэ? Эдийн засгийн хямралд хүргэнэ. Мөнгөний урсгал татарч, хямрал жинхэнээсээ хаалга тогшиж эхэллээ. Хаалгаа онгойлгоод хоймортоо залах уу, эсвэл босго давуулалгүй хөөж явуулах уу. Та алийг нь сонгох вэ? Мэдээж хөөж явуулах нь зөв. Ингэхийн тулд мөнгөний нийлүүлэлтээ нэм. Тэгвэл эдийн засгийн цусны урсгал түргэсэж, сэхэл авна. Мөнгөний нийлүүлэлтээ өсгөхийг эдийн засгийг тэлэх бодлого баримтлах гэж мэргэжлийнхэн хэлдэг. Эдийн засгаа тэлэхгүй байх сонголт байна уу. Байгаа бол тэр нь хямрал.

Т.ЭНХБАТ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.