Хүчирхийлэгч бол мөрөөдлийн хулгайч


Хүчирхийлэгч бол мөрөөдлийн хулгайч

 

"Хүүхэд насанд хүргэж өгдөг Галт тэрэг хэрвээ байдаг бол Хүн бүхэн сууна даа гээд Хааяа би боддог юм...” Үнэхээр ийм галт тэрэг байдаг бол хүн бүхэн суух байх. Зарим нь багын хүсэл мөрөөдлөө биелүүлж, алдаагаа залруулна. Нөгөө хэсэг нь дурсамжит цаг хугацаагаараа аялж, багахан хормыг ч атугай сэтгэл зүрхэндээ хадгалахыг хичээх байх. Учир нь, хүүхэд нас тув тунгалаг, цав цагаан цаас шиг байдаг. Гэхдээ тэр цав цагаан цаасан дээр ямар өнгө будаг үлдэхээс шалтгаалж хүн бүрийн хариулт өөр өөр байна. Бага насандаа хэн нэгэнд мөрөөдлөө хулгайлуулж, хэзээ ч арилахгүй сэтгэлийн шарх авсан бол тэр үеийг бодох байтугай санахыг ч хүсэхгүй. Хүүхдүүдийн олонх нь багадаа "Аав, ээж шигээ хүн болно. Сайхан амьдарна” гэж хэлдэг. Харин тэр бодол хэсэгхэн зуурын мунхаглал, хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалан сарнин алга болдог тохиолдол олон бий. Ингэж хүүхдийн хүсэл мөрөөдлийг чимээгүйхэн хулгайлдаг зүйл нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Хүүхдийн хүмүүжил ямар байх нь гэр бүлийн аж амьдралтай шууд холбоотой. Хамгийн бат бөх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг гэр бүлийн өрхийн тэргүүн ямар байхаас мөн олон зүйл шалтгаалдаг. Хэл ам, хэрүүл шуугиан ихтэй орчинд өссөн хүүхдийн хүмүүжил сул байх нь түгээмэл. Хүүхдийнхээ ирээдүйд анхаарч багаас нь халамж хайраар дутаагаагүй өсгөсөн айлын хүүхдийнх нь дүр төрх биеэ авч явж байгаа байдал, хүмүүжлээс тодорхой харагддаг. Тиймээс л өөрийн тань үргэлжлэл болсон үр хүүхдээ нүдний цэцгий мэт халамжлан хайрлах хэрэгтэй юм.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮН ТАВИХ ЦАГ БОЛСОН

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан эхний 10 улсын тоонд Монгол Улс зүй ёсоор ордог. Үүгээрээ манай орон хүүхдийн эрхийг анхааралдаа авсан улс орнуудын дээгүүр байрт эрэмбэлэгддэг. Түүнээс хойш ч хүүхдийн эрхийн чиглэлээр гарсан гэрээ, конвенц, хөтөлбөр, дүрэм журамд шил дараалан нэгдэн орсон байдаг. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд дотоодын хууль тогтоомжоороо хүүхдийн эрхийг хангах, хамгаалах бүхий л үүргийг Засгийн газар хүлээдэг. Хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг ийм өндөр төвшинд ханган хэрэгжүүлсэн мөртлөө хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэг олон гарч буй нь нийгмийг түгшээх боллоо. Нөгөөтэйгүүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, далд байсан хүчирхийллийг нийгэмд ил болгосон баатарлаг нэгний дуу хоолой олон нийтийн чихэнд хүрсэн нь дээрх хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд дүн тавих цаг болсныг харуулж байна. Хүчирхийлэл гэхээр заавал ч үгүй ил шарх сорвитой, нүдэнд ил байх мэтээр төсөөлөн бодох нь өрөөсгөл юм. Олон нийтийн нүднээс далд, хүчирхийллийн бай болж байгаа олон арван хүүхдийн эрхийг хамгаалсан шиг хамгаалах бодлого үгүйлэгдэж байна. Хүний эрхийн Үндэсний комиссоос 2016 онд хийсэн хамтарсан судалгаагаар Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйл нь санхүүгийн бэрхшээл, эцэг эх, олон нийтийн буруу хандлага, цаг зав гаргадаггүй зэрэг нөлөөлдөг тухай дурджээ. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд ойрын хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүмүүс, танил, найз нөхөд, хойд эцэг, төрсөн эцэгтэй нь холбоотой байгааг сүүлийн үед гарч байгаа хэргээс харж болохоор байна. Үүнээс томчууд бид хүүхдийнхээ үгийг сонсдоггүй, тэднийг үргэлж бага бялчир байх мэтээр төсөөлөн боддог дутагдалтайг хэлээд өгч байгаа юм. "Том хүмүүст хэлсэн ч ойлгохгүй” гэсэн бодлыг төрүүлсэн учир тэд бидэнтэй хаалттай харилцдаг. Энэ нь хүүхдийг гэмт хэргийн золиос болох нэг нөхцөлийг бүрдүүлдгийг хэзээ ч мартаж болохгүй.

БИЕИЙН ШАРХ ЭДГЭДЭГ, СЭТГЭЛИЙНХ ХЭЗЭЭ Ч АРИЛДАГГҮЙ

Саяхан харамсмаар нэгэн мэдээг сонслоо. Манай улсын 23 мянган хүнд нэг нийгмийн ажилтан ногддог юм байна. Ийм байхад бид хэнээс хүүхэд хамгааллын тухай үнэн бодитой мэдээллийг сонсох вэ. Угтаа энэ хүмүүс нийгэмд үнэнд ойрхон бодит мэдээг дуулгах учиртай. Гэвч тийм боломж бидэнд алга. Энэ нь нөгөө л санхүүжилт, буруу тогтолцоотой холбоотой. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах тухай ярих гэж байгаа бол анхан шатнаас нь зөв голдиролд нь оруулах хэрэгтэй юм. Ингэж чадвал бид далд байгаа хүчирхийллийг илчлэх боломжтой болно. Мөн хүчирхийллийн талаар хэлбэл "Надад итгэхгүй. Шоолно” гэсэн буруу ойлголтыг хаях хэрэгтэй. Нэг удаа нууцлаад өнгөрч болно. Гэхдээ тэр нь дараа дараачийн аюулыг хааж чадахгүйг ойлгох хэрэгтэй. Түүний оронд өөрийгөө, хайртай хүмүүсээ хамгаалж дахин аймшигт хэргийн золиос, гэрч болохгүйн тулд зоригтой алхам хийх шаардлагатай юм. Монгол Улсын өсвөр насны хүүхдийн төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэргийн шийдвэрлэлтийн судалгааг 2015-2017 оны эхний хагас жил болон эхний есөн сарын байдлаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудын статистик тоо баримтад үндэслэн судалсан байдаг. 2016 онд улсын хэмжээнд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 234.2 үр хөндөлт, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйн 21.5 нь үр хөндүүлсэн тоон мэдээ гарсан байдаг. Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийг насны байдлаар авч үзэхэд 20-оос доош насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.0 хувь байгаа ба 2016 онд өсвөр насны охидын үр хөндөлтийн түвшин 2.1 хувиар өссөн байх юм. Биеийн шарх эдгэдэг, харин сэтгэлийнх хэзээ ч арилдаггүйг бид хэзээ ч мартах учиргүй. Гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, тэднийхээ "Аав, ээж шигээ сайхан амьдарна. Гэр бүлтэй болно” гэсэн мөрөөдлийг нь баллуурдахгүйн тулд энэ цаг мөчөөс хүчтэй тэмцэх, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

Б.СЭЛЭНГЭ

UNEN.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.