"Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ” гэж асуувал захын хүн унаач
хүүхэд, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтээс эхлээд хэдэн зуун жишээ баримт
хэлнэ. Мөн тэр хэмжээний шалтаг шалтгаан тоочих биз.
Бүтэн хайранд өлгийдүүлж өсөх насан дээрээ гэр бүл салалтын золиос
болсон хүүхэд аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хайрлаж
халамжлуулах гээд өөрт оногдож, хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй
хохирч байгааг доорх баримтаас харж болно.
Тухайлбал, 2012 онд 2467 хос гэрлэлтээ цуцлуулсан бол 2013 онд 3522,
2014 онд 3750 болж өссөний 2000 нь зөвхөн нийслэлийн иргэдийн "гавъяа”.
Үүнээс гадна албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй ч тусдаа амьдардаг
хосууд хэр олон байгааг мэдэхгүй. Тэгэхээр албан ёсоор салсан 3000 гэр
бүл, дээр нь тусдаа амьдарч байгаа хосуудын цаана хэдэн хүүхдийн эрх
зөрчигдөж байгааг таашгүй. Хоёр тийш болсон хосуудын 70 хувь нь 0-15
насны хүүхэдтэй гэсэн судалгаа бий.
Тэгвэл бяцхан хүүхдүүд салалтын золиос болж сэтгэлийн шарх эдлээд
зогсохгүй идэж уух, өмсөж зүүхээр дутаж байна. Гэр бүлийн тухай хуулиар
0-11 хүртэлх насны хүүхдэд амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16
настай бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэмж олгож
байхаар заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын судалгаагаар
тэтгэмж тогтмол төлөгдөж байгаа 5648, хуримтлал үүссэн 4741 шүүхийн
шийдвэр байгаа юм.
Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 жил болсон 914 шийдвэр, төлбөрийн
чадваргүй 2208 тэтгэлэг төлөгч, оршин суугаа хаяг тодорхойгүй 1548,
хорих ял эдэлж байгаа 71 бусад шалтгаантай 5069 тэтгэлэг төлөгч байгаа
аж. Өөрөөр хэлбэл, тэтгэлэг төлөгчдийн 80 хувь нь буюу 10-аад мянган
эцэг, эх хүүхдийнхээ сар бүрийн тэтгэмжийг төлдөггүй гэсэн үг. Уг нь
Эрүүгийн хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй бол
торгох, хорих ялаар шийтгэх заалт бий. Гэвч хариуцлага тооцсон нэг ч
тохиолдол байхгүйг ШШГЕГ-ын албаны дарга, дэд хурандаа Б.Батболд хэлж
байна. Тэрээр "Шийдвэр гүйцэтгэх албаныхан тэтгэлгээ төлөхгүй олон жил
болж байгаа эцэг, эхчүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар
цагдаагийн газар хүсэлт гаргадаг.
Гэвч гэр бүлийн асуудал хэмээн хариуцлага тооцолгүй өнгөрүүлдэг. Дээр
нь шийдвэр гүйцэтгэлийн албаныхан тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй
байгаа хүмүүсийг албадан авчирч шүүх хуралд оролцуулж байгаад амиа
алдсан хоёр ч тохиолдол гарсан. Тиймээс шийдвэр гүйцэтгэж байгаа
хүмүүсийн аюулгүй байдлыг хангах хууль эрхзүйн зохицуулалт шаардлагатай
байна” гэсэн юм. Тэтгэмжээр боомилогдож байгаа хүүхдийн эрхийг шат
шатандаа анхаарч үзэх цаг нь болжээ. Гэр бүл салалт гэх "Хөшигний ард”
хохирч байгаа хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ!!!
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл