Үргэлж буруу
Номхоноо ноолно гэдэг. Хэрвээ та байгаль орчны салбарыг хариуцсан сайд болсон л "ноолуулахад” бэлэн бай. Зуны улиралд ган болвол таны буруу, танай яамны буруу. Намар нь түймэр гарвал, хавар нь үер болвол бас л таны, танай яамны буруу. Өвөл дундаа орсон. Урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт цас оруулсан, гурван есөд гэнэт дулаарсан. Хэний буруу вэ гэдэг нь мөн л тодорхой. Утаатай бүр яриад ч хэрэггүй, хөрсний бохирдол ч тэр. Ялгаагүй нэг л буруутантай. Буруугүй гэж та хэлж хэзээ ч болохгүй. Буруугүй байсан ч буруутан гэсэн үг. Ер нь ямар ч ажил хийсэн, ямар ч санаачилга дэвшүүлсэн тэр чинь буруу байх болно. Учир нь ул суурьгүй, мэдээлэлгүй шүүмжлэл энэ салбарыг "ноолохоор” ар араасаа ээлжээ хүлээн зогссоор байдаг юм. Энэ салбарыг тэргүүлж байсан өмнөх бүх сайд нар болон түүний баг хамт олон яг л энэ замыг туулж байсан, туулсаар ч байна. Зарим нь бүр муу нэртэй газар хүртэл орчихож. Засгийн газар кабинетээ бүрдүүлэхэд байгаль орчны салбараас зугтаах хүн нь илүү болж. Сайдын суудлаас биш утаанаас зугтаадаг хэрэг л дээ.
Энэ мэтийг дурдаад байхад Монголчууд бидний утааны эсрэг хийсэн урт "аян дайн”-ы зам энхэл донхолтой байжээ. Тэгвэл одоо бид юу хийж чадах вэ. Энэ Засгийн газар, ээлжит сайдаас юу хүлээх вэ.
Шүүмжлэхийн өмнө өгөх хэдэн зөвлөгөө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Энэ бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын нэг, зөвхөн өвлийн улиралд. Үе үеийн сайд, нийслэлийн удирдлагууд янз бүрийн арга туршиж, хэрэглэж утаатай "тэмцэж” иржээ. Ипотекийн зээл, шахмал түлш, шөнийн цахилгааны тариф гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ. Харамсалтай нь нэг нь ч сайн нэр зүүгээгүй буюу зохион байгуулалттай, байгуулалтгүй, утгатай, утгагүй шүүмжлэлийн бай болсоор иржээ. Яг энэ дүр зураг энэ өвөл ч үргэлжиллээ. "Ноолуулж” буй дараагийн сайд нь Н.Цэрэнбат.
Өнгөрсөн онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө энэ салбарынхан батлуулж чадсан. 2025 он хүртэл агаар, орчны бохирдлыг хэрхэн бууруулах замын зургаа гаргасан гэсэн үг. Хөтөлбөр баталсан бол түүнийгээ дагах ёстой. Гэтэл ажлаа эхлэхтэй нь зэрэгцээд нөгөө дайралт, давшилтууд гарч ирж байх шиг. Учир нь Үндэсний хөтөлбөрт тусгасан агаар, орчны бохирдлыг бууруулахад хэрэгжүүлэх 190 гаруй ажлынх нь эхний ажил нь зуух тараах тухай байж. Начиртаа гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн бүгдийнх нь зуухыг солих нь хэмээн ташаа бодож, шүүмжлэгчид ажилдаа орсон нь энэ байв. Гэвч үнэндээ утаагүй гэх тус зуухыг зөвхөн зорилтот бүлгийн хэсэгт л олгохоор болжээ. Зорилтот бүлэг гэдэг нь хог хаягдал, дугуй түлж амьдардаг өрхүүдийг хэлж байгаа аж. Түүнээс гадна шахааны цахилгаан халаагуур оруулж ирэх тухай ч ярьж, бичиж, дайрч байна. Гэхдээ дайрч, давшлахаасаа өмнө жаахан судалсан бол цахилгаан халаагуурыг агаарын бохирдол хамгийн их бүсэд орших сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүүхдийн тасагт суурилуулна хэмээн өнгөрсөн оны 3 дугаар сард баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тодоос тод заачихсан байгаа юм.
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэйг дахин сануулмаар байна. Юу гэвэл, өнөөдөр хөтөлбөр батлагдлаа гэхэд маргааш тэнгэр цэлмээд, утаа алга болчихгүй. Аливаа зүйл шат дараатай, төлөвлөгөөтэй байж гэмээнэ үр дүн гарна. Энэ утгаар нь бодож, сайн харвал дээрх үндэсний хөтөлбөр 2025 он хүртэл хэрэгжих бөгөөд богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил нь ийн үргэлжилж буй юм. Замын зургийнхаа дагуу явж байна гэсэн үг. Дунд, урт хугацаандаа бидний байнга шахуу ярьж буй дэд бүтцийн асуудал хийгдээд явах нь гарцаагүй биз.
Дараагаар нь сан байгуулж, мөнгө зувчуулах нь хэмээн хардаж эхэлжээ. Өмнө нь байсан ч татан буугдсан Цэвэр агаар сангийн муу жишээнүүдийг түүж харьцуулсан нь үүнийг батална. Харьцуулалт бол буруу зүйл биш. Гэхдээ зарим тоон үзүүлэлтийг авч үзсэний дараа ярих нь зөв болов уу. Цэвэр агаар сан татан буугдсанаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилт төсвөөс гардаг болсон. Өөрөөр хэлбэл, Цэвэр агаар сан гэж байхад 2011 онд 31, 2012 онд 45 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Харин төсвөөс уг мөнгийг гаргадаг болсноос хойш жилд дунджаар 5 тэрбум төгрөгийг л утааны эсрэг тэмцэхэд өгдөг болсон юм. Түүнийх нь 3.3 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааны тариф тэглэсэнтэй холбоотойгоор буцаагаад татчихдаг. Тиймээс бие даасан санг байгуулах нь зөв мэт. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө оруулалт нэг газар төвлөрнө гэсэн үг. Үр дүн бол ажил хийсний дараа харагдана. Дараа нь ярих зүйл гэсэн үг. Өмнөх сангийн алдааг давтахгүй байхад л шийдэгдчих зүйл юм.
Угаас Монголчууд, тэр дундаа нийслэлчүүд утаа гэх мөнхийн сэдвийг дуусгахыг бүгд хүсч буй. Шүүмжлэх бол буруу зүйл огт биш. Гэхдээ мэдээлэлгүй, ул суурьгүй дайралт нь ажил гацаадаг гэдгийг өнгөрсөн олон жилийн хугацаанд бид хангалттай харсан. Одоо харин ажлыг нь хийлгэе. Хэзээ ч шүүмжилж болно. Гэхдээ шүүмжлэх цаг нь одоо биш юм.
Эх сурвалж: sodonnews.mn
Сэтгэгдэл