Онлайнаар захиалга,төлбөр нь хийгдсэн тасалбарыг өөрчлөх эрх тэдэнд бий гэж үү?
Товч агуулга:
- Маркетингийн овжин арга үйлчилгээнд үйлчлэхгүй
- Онлайн захиалгын систем бүрэн утгаараа хэрэгжээсэй
ЗАЛИЛАН ХЭМЭЭН НЭРЛЭХИЙН УЧИР
…Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул… /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл/
Хүний анхаарлыг хүссэн хүсээгүй татдаг нүцгэн хүүхнүүдийн зургаар маркетингаа амжилттай хийж, хямарсан ард түмний сэтгэлийг гэгэлзүүлж, цалингийн доод хэмжээг цочтол хэдэн саяар нь тунхаглан зарласан Z24 буюу хэдэн жилийн турш Airbook нэрээр яваад амжилт үл олсон онгоцны билетийн касс энэ намар тун ч содон бас тун ч зальжин байж чадлаа. Тэдний хамгийн сүүлийн олны анхаарлыг татсан, олон улсад тээр нэгэн жил "од” болж байсан цалин өндөр амлах Пи-Арын арга нь манайд Алтайн хүдэр ХХК дээр хэрэгжээд, араасаа эрсдэл дагуулж, олон сайн мэргэжилтнийг олон жил ээнэгшин дассан ажлаас нь хөндийрүүлж, хэн ч биш болгосон хор уршигтай гэдгийг тэд ухаж сөхөх завгүй л ажиллалаа.
Маркетингт зальтай, овжин сэргэлэн байлаа гээд үйлчилгээнд тэр зангаа ахин гаргавал урт насалж, удаан жаргадаггүй бизнесийн бичигдээгүй хууль бий.
ЗАЛИЛУУЛСАН НЬ
АНУ-ын SOUTHWEST AIRLINES компанийн амжилтын түүхийг энд цухас дурдъя. Хамгийн хямд нислэгийн тасалбарыг харилцагчдадаа хүргэхийн тулд хуучин нисэх буудлуудыг ашиглаж, хоол хүнсээ худалдаж, хоёр зэрэглэлийн танхимыг үгүй болгож түүгээр ч барахгүй агентуудаар дамжуулан тасалбараа худалдахгүй байх гэсэн хувь хүний сонголтод бүхнийг хамааруулсан ухаалаг санаануудыг хэрэгжүүлж, эцсийн бүлэгт онгоцны хамгийн хямд тасалбар хэрэглэгчдэд очдог болсон түүхтэй. Онгоцны тасалбар борлуулагчдын орон зай, нэмэлт төлбөрийг үгүй болгож онлайнаар тасалбараа худалдаалж, хүссэн хүн бүр интернэтээр тасалбараа худалдан авч, цаасан дээр хэвлээд түүнийгээ төхөөрөмжид уншуулан үйлчлүүлдэг тэдний тогтоосон жишиг Монголд маань хэрэгжихийг хэсэг хүлээлээ. Хэд хэдэн оролдлого байсан ч амжилттай нь үгүй.
Хаанаас хаа хүрэхээ өөрөө шийдэж, хамгийн боломжийн санал хаанаас гарч байгааг нь сонгон хардаг онлайн тасалбар захиалгын систем бүрэн утгаараа хэрэгжээсэй гэсэн хүлээлтийг мэдэрч Z24 бүхнийг хийлээ. Төлбөр төлөлтийн систем дээрээ зөвхөн ХААН банкийг тавьсныг эс тооцвол. Гэтэл яав…
Онлайнаар захиалсан тасалбар дээр байсан Аэрофлотын нислэг маань МИАТ болон өөрчлөгдөж.
Сонгосон тасалбар маань солигдох байсан бол сонголтыг өөрсдөөр нь хийлгэхийн учир юун…
БОЛСОН ЯВДАЛ
2015 оны 11-р сарын 10-ны өглөө тулган байж, 2015 оны 11-р сарын 11-ний өглөө Москва нисэх захиалгаа баталгаажуулсан ч онлайн тасалбар маань, одоо ингээд явуулчихъя гэсэн Z24-ийн ажилтан С-ийн хэлснээр болж тэр дороо ирсэнгүй. Маргааш нь аян замд гарах гэж байгаа би төлбөрөө төлчихсөн тасалбараа авмаар байна гэж 15.00 цагийн үед шаардан байж и-мэйлээр хүлээн авсан юм. Үйлчилгээний соёл өндөртэй ажилтан С маань, таны Москва нисэх нислэгийг МИАТ, Аэрофлот хамтран хийж байгаа юм шүү гэж яриан дундаараа эелдэгээр хавчуулж, аян замын ерөөл өргөсөн юм. Хаашаа, хаагуур, хэн гээч тээвэрлэгчээр дамжихаа өөрөө сонгодог эрх чөлөөнд сэтгэл ханасан би 2015 оны 11-р сарын 11-ний билэгт сайн өдрийн өглөө 6 цаг 40 минутын орчимд нисэх онгоцны буудал дээр Аэрофлотын бүртгэлийн цонх нээгдэхэд очсон хамгийн эхний үйлчлүүлэгч нь болж буцаагдлаа. Аэрофлотод огтхон ч хамаагүй, МИАТ-ийн нислэг гэнэ. Бүртгэлээ эхлэх болоогүй байх аа гэв. Хүлээсний эцэст МИАТ-Берлиний чиглэлд явах шууд нислэгт би гээч хүн хавчуулагдаж, 8.00 цагт төлөвлөгдсөн нислэг нь Москвад цаг агаар муу байгаа тул 9.30 цагт ниснэ гэлээ. Гэтэл адилхан Москва руу 8.00 цагт төлөвлөгдөсөн Аэрофлот онгоц цаг агаарын байдал муу гэж зовлон тоочилгүй нисчихлээ.
– Захиалсан нислэгийн тасалбар –
– Дур мэдэн сольсон нислэгийн тасалбар –
ЗАЛИЛАХ БОЛСОН ШАЛТГААН
Цаг гучин минут хоцорч ниссэн МИАТ-ийн Берлин рүү хийж буй шууд нислэгийн багт багтаж орсон хойноо өмнөх өдөр нь МИАТ Берлин рүү нисэх нислэгтээ 50 хувийн хямдрал зарласныг сонсож амжив.
Чухам юуны учир онлайнаар захиалсан Аэрофлотын тасалбарыг маань хамтарсан нислэг юм шүү гэж дахин дахин сануулан байж МИАТ-ийн нислэгээр сольсныг ой тойндоо ухаарав.
Өглөө Аэрофлот огт хамаагүй гэж байна гэж С рүүгээ утас цохин ярихад "Ёстой сонин юм аа”хэмээн уулга алдаж байсныг энд бас нэхэн хэлмээр байна. Бас намайг хөөрхөн залилчихлаа шүү гэсэн мессэжинд минь одоог хүртэл хариу алга.
Онгоцны нислэгийн тасалбар бол өргөн хэрэглээний ундаа, талх биш. 50 хувийн хямдрал зарласан нислэгт таныг багтааж, нислэгийн авиа компанийг чинь сольвол, мөнгө тань хэмнэгдэхээр байна гэж уг нь бол хэлдэг баймаар.Гэтэл зальжин зан гаргаж, хүний худалдаад авчихсан тасалбарыг цаг нь тулаад хямдрал зарласан тасалбараар орлуулан сольж. Ингэж олсон орлого чинь соёлтойгоор залилан хийсэнд тооцогдоно Z24.
Z24-ийн энэ үйлдлээс болж учирсан төвөг, зовлонгийн тухай үргэлжлэл бий…
#Онгоцны тасалбар #z24
Эх сурвалж: Profile.mn
Сэтгэгдэл