Сэтгүүлч, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, профессор Д.УЛАМБАЯР
Хүн төрөлхтөн дижитал оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын босгон дээр нэгэнт ирлээ. ХХ зууны сүүлч, XXI зууны эхнээс харилцан хамааралд суурилсан globalization эргэлт буцалтгүй болж байгаа тухай их ярьж бичиж байсан. Харин эдүгээ дэлхий нийтийн хэмжээнд бүх салбарт digitalization эргэлт буцалтгүй болсон тухай ярьж бичих болов. Үнэхээр бүх салбарт дижитал шилжилт явагдаж байна. Генетикийн төвшинд дижитал оюун ухаан бүтээхээс эхлээд асар том цахим хувьсгал өрнөж байна. Дубайн World Government Summit дээр хүний тархи болон түүний дижитал хувилбар хоёрын хооронд мэдээлэл солилцох хурдны тухай, тэдгээрийн нэгдлийн тухай өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөх болов. Blockchain технологи хөгжлийн асар өргөн боломжийг нээлээ. Тэгвэл наад зах нь 20 жилийн дараа гэхэд технологийн хөгжлийн ямар ирээдүй биднийг хүлээж буй төсөөлөл тун бүрхэг байгаа юм. Шинэ мянганы эхнээс хөгжингүй улс орнууд e-Society-г байгуулж байгаа ажээ.
Олон улсын эдийн засагт дижитал эдийн засаг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж өндөр технологийн үйлдвэр, хиймэл оюун ухаанд суурилсан суурь машины үйлдвэр, олон улсын худалдаа, төлбөр тооцоо, олон улсын банк, санхүү, хөрөнгийн миграци, хөрөнгийн бирж бүхэлдээ дижитал системд суурилж байна. АНУ-ын Ливерморийн Үндэсний лабораторид 192 хүчирхэг хүчин чадал бүхий лазерын тусламжтай халуун цөмийн инерцийн гинжин урвал явуулснаар 500 тераваттын эрчим хүч гаргаж авахаар ажиллаж байна. Гэтэл 2006 онд гэхэд дэлхийн нийт хүн ам 16 тераватт эрчим хүч хэрэглэж байжээ. Нэг тераватт гэдэг нь нэг их наяд (1012) ватт ажээ.
R&D-д хэн хөрөнгө оруулалт хийж байна, тэнд e-revolution явагдаж байна. Монгол Улс шинжлэх технологийн хөгжилд ДНБ-ийн 0.12 хувийг зарцуулж байгаа нь гайхмаар үзүүлэлт.
Дижиталчлал боловсролын салбарын өмнө цоо шинэ нөхцөл байдлыг буй болголоо. Америкийн дээд боловсролын салбарт дээхнээс загварын нэгэн чухал өөрчлөлт явагдаж байгаа нь коллежийн зорилго нь багш оюутанд мэдлэг олгох, зааварчилгаа өгөх бус, харин оюутан тус бүртэй үр дүнд хүрэхүйц бүхий л арга хэрэгслээр сурахуйн үйл явцыг үйлдвэрлэх, шинэ мэдлэг бүтээх, инновацийн чадавхийг бий болгох явдал гэж үзэх болов. Энэ нь багш төвтэй сургалтаас оюутан төвтэй сургалт, багш-оюутны interaction руу шилжих үйл явц юм.
Судалгаанд суурилсан их сургууль гэдэг нь мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж, хуримтлагдсан шинжлэх ухааны ололтыг зөв манипуляци хийж, дахин боловсруулж шинэ мэдлэг буй болгох замаар инновацийг хөгжүүлэх явдал юм.
Times Higher Education сэтгүүл тэргүүлэх их сургуулиудыг шинжлэх ухааны судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалт, түүний чанар, үр дүнгээр эрэмбэлдэг. Технологийн салбарт Калифорни, Массачусетсын сургуулиуд тэргүүлж байгаа бол олон улсын харилцааны салбартаа Жонс Хопкинс, Жоржтаун, Колумби, Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулиуд шинжлэх ухааны think tank инститүциүд юм.
Технологид суурилсан сургалтад интернэтэд холбогдсон гурван хэмжээст дэлгэц хийгээд виртуаль орчинд touchless haptic feedback технологи ашиглах явдал хэдийнэ бодит байдал болов.
Орчин үеийн шинжлэх ухаан бол мэдлэгийн олон салбарласан систем юм. Үүнтэй уялдан түүнд технологи-судалгаанд суурилсан олон талт аргазүй хэрэглэгдсээр байна. Зөвхөн оюутнууд гэлтгүй бүх салбарын сургалт, хурал зөвлөгөөн, семинар, парламентын хуралдаан ч тэр гар утсыг байнга ашиглаж, өөрөөр хэлбэл гар утаснаасаа шууд хамааралтай болов. Гар утас нэгэнт өндөр хурдны компьютер болсон учир сургалтыг хэрхэн, яаж гар утсан дээр суурилж явуулах вэ гэдэг асуудал шинээр гарч ирж байна.
Орчин үеийн бүх шинжлэх ухааны танин мэдэхүй нь тайлбарлах аргаас нарийвчилсан загварчлал, модуль, дижитал аргыг улам бүр ашиглахад аажмаар шилжих замаар хөгжин урагшилж байна.
ШУТИС-ийн геологийн анги амжилттай төгсөөд гүний уурхайд шууд ажиллахгүй, АУҮИС төгсөөд мэс засалч болчихгүй, олон улсын харилцаа төгсөөд элчин сайд болчихгүй, бизнесийн удирдлага төгсөөд компанийн захирал болохгүй. Программчлалын анги төгссөн ч орчин үеийн технологийн ололтын давтан сургалтад шуурхай хамрагдах шаардлагатай болов. Тиймээс давтан сургалт, мэргэших, өндөр эрэмбийн сургалтад хамрагдах, дадлагажих, туршлагажих зэрэг зохих хугацаа шаардлагатай нь мэдээж. Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт гэдэг шинэ нэр томъёо гарч ирлээ. Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрны тухай ярих болов. Монголд хамгийн том ажил олгогч нь, эрх баригч улс төрийн намууд болсон.
Сургууль төгсөгч "Sony” компанид ажилд орохдоо бүхий л ажил, амьдралаа зориулахаар тангараг өргөдөг үе дуусгавар болж байна. Их сургууль төгсөгчдийн 1/3 хувь нь ажлын байраа тогтмол өөрчлөх болжээ. Түүнчлэн карьерын хугацаа ч хоёр дахин багасав. Гэрээгээр эсвэл part time хэлбэрээр ажиллах чиг хандлага өргөжиж байна. Үүнийг gig economy хэмээн нэрлэж буй ажээ. Давосын илтгэлд тэмдэглэснээр ойрын таван жилд таван сая ажлын байр устаж, харин дижитал эдийн засгийн 2.1 сая шинэ ажлын байр буй болж, 2025 он гэхэд шинээр ажилд орох залуучуудын 60 хувь нь өнөөдөр байхгүй ажлын байранд хуваарилагдах ажээ. Өөрөө өөртөө ажлын байр буй болгох боломж технологийн хувьсгалын үр дүнд үлэмж өргөжив.
Их, дээд сургууль төгсөгчдөд тавьж буй шаардлага нь мэдлэг, ур чадвар, хандлага, чин эрмэлзлэлд төвлөрч байна. Ажил олгогчид төгсөгчдийн мэдлэг, ур чадвараас гадна хариуцлагатай байх, өндөр ёс зүйтэй байх, бүтээлч-ажил хэрэгч байх, зарчимч байх, багаар болон бие дааж ажиллах, өөрчлөлтөд зохицож, хариу барих чадавх зэрэгт анхаарлаа төвлөрүүлэх болов. Энэ нь их сургуулиуд мэдлэг, ур чадвар олгохоос гадна хандлагад суурилсан бие хүн болж төлөвших чанарыг (personality traits) суралцагсдад суулгаж өгөх явдал нэгэн зэрэг тавигдаж байна. Мэргэжилтэн бэлтгэдэг үе нэгэнт үеэ өнгөрөөв. Хуучин нийгмийн үед социалист бие хүнийг төлөвшүүлэх, социалист аж төрөх ёсыг хэвшүүлж, социалист нийгмийн харилцааг боловсронгуй болгох тухай их ярьж бичиж байсан л даа. Тэр ч нэг их муу зүйл биш байжээ.
ЕБС төгсөгчдийн 80 орчим хувь нь их, дээд сургуулиудад элсч байгаа судалгаа байдаг. Би хувьдаа хүн болгон дээд боловсролтой болох нь тийм ч муу зүйл биш гэж боддог. Дижиталчлалын эрин үед хүн бүр бүрэн дунд боловсролтой байх биш харин хүн болгон их сургуулийн боловсролтой байх нь ердийн шаардлага болж байх шиг байна. Их сургуулийн боловсролтой төгсөгч ёс зүйтэй бие хүн болж төлөвших чиглэлд том алхам хийж буй. Асуудалд бодитой хандах, нийгэмд өөрийгөө зөв авч явах, хууль бус үйлдлүүдээс зайлсхийж, өрх гэрээ төвхнүүлэх үйлд ихээхэн тус дөхөм үзүүлж байна. Тухайлбал, гадаадад сурч хөдөлмөрлөж ажиллаж буй иргэдийн гэмт хэргийн зөрчилд холбогдогчдын дийлэнх хувь нь боловсролын төвшингөөс хамаарч байна. Дотоодод ч нэгэн адил. Солонгост эмэгтэй хүн их сургууль төгсөөд хүнтэй сууж, хүүхэд гаргаад зүгээр л айлын эзэгтэй болдог. Энэ бол их сургуулийн боловсролтой ээж байна гэдэг нь зүгээр л нийгмийн хөгжлийн чиг хандлага. Ясли, цэцэрлэгт зарцуулах мөнгөний тодорхой хэсэг залуу ээж нарт хуваарилагдсанаар хүүхэд ээжтэйгээ хамт байж гэр бүлд сайн хүмүүжил олж авдаг. "Цалинтай ээж” хөтөлбөр нь энэ чиглэлд тус дөхөм үзүүлэх эхний алхам байх болов уу.
Их сургууль төгсөгчид лангуун дээр сууж байна, үсчин хийж байна, жолооч хийж байна гэхчлэн янз бүрээр шүүмжлэн ярьдаг. Гэтэл яагаад дээд боловсролтой маркетингийн чадавхтай худалдагч, дээд боловсролтой ур чадвартай үсчин, дээд боловсролтой малчин, барилгчин байж болохгүй билээ. Өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн ч давтан сургалтад хамрагдаж Тавантолгой, Оюутолгойд белаз машины жолооч хийж яагаад болохгүй гэж. Олон залуу их, дээд сургууль төгсчихөөд гадаадын олон оронд янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж байна. Гэвч тэднийг УИХ-ын эрхэм гишүүд боолын хөдөлмөр эрхэлж буй мэтээр ярьж хэлдгээ болих хэрэгтэй. Тэд Монголд ажлын байр байхгүй учраас л өөрсдийн хүсэл тэмүүлэл, шаардлагаар гадаадад ажиллаж байна. Тэд албадлага, шахалт шаардлагаар яваагүй. Зөвхөн Солонгост Монголын 46 мянган иргэн сурч, хөдөлмөрлөж, ажиллаж байгаа ажээ. Тэдний монгол руу гуйвуулж буй мөнгөн хөрөнгө жилд дунджаар 200 сая ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь улс орны нийгэм, эдийн засаг, айл гэрийн амьдралд маш чухал нөлөө үзүүлж байна. Харин ээлжит зорилт нь тэднийг мэргэжлийн сертификатжуулах шаардлага урган гарч байна.
2015 онд баталсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 он зорилтыг үндэслэн 2016 онд батлагдсан "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 он” баримт бичигт 2030 он гэхэд ядуурлыг ор мөргүй бүрэн арилгах тухай заажээ. Үндсэндээ 12 жил үлджээ. Гэхдээ ядуурлыг бууруулах, арилгах тухай бидний ойлголт өөрчлөгдсөөр байна. 2017 оны 11 дүгээр сард Өмнөд Вьетнамын Дан Нанг хотноо зохиосон АПЕК-ийн 25 дахь дээд уулзалтаас гаргасан Тунхаглалын хавсралт "Дижитал эрин үеийн хүний нөөцийн хөгжлийн үндэс” баримт бичигт дижитал эрин үед дасан зохицож, хөрвөх, түүнд суралцахгүй ахул ядуурал улам нэмэгдэхийг онцлон тэмдэглэж, дижитал эрин үеийн боловсролын систем, давтан сургалтад онцгой анаарахыг чухалчилан заажээ. 2017 оны Давосын эдийн засгийн форумд хэлэлцсэн судалгааны "Олон улсын мэдээллийн технологийн тайлан”-д АНУ, Сингапур, БНСУ, Финланд, Голланд, Швед, Швейцарь улс дижитал эдийн засаг болон дижитал инновациас хамгийн ихээр ашиг хүртэж байгаа ажээ. Энэ хандлага нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд аль хэдийнэ буй болсон хөгжлийн зааг ялгааг улам бүр ихэсгэж, ядуурлыг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ. Засгийн газар, бизнес эрхлэгчид болон их сургуулиуд дижитал технологийг хангалттай хэмжээгээр хөшүүрэг болгон ашиглаж чадахгүй байна гэсэн байна.
Хамгийн гол асуудал төр засгийн шинжлэх ухаанд суурилаагүй бодлого явуулсны хар гайгаар эдийн засгийн тэлэлт хумигдаж тэр хэмжээгээр ажлын байр эрс хорогдож байгаа тухай огт ярихгүй байгаа юм. МҮХАҮТ, УИХ-ын эрхэм гишүүдийн өөрсдийнх нь тэмдэглэснээр 2012-2016 оны хооронд нийт 125 мянган аж ахуйн нэгжийн 60 мянга нь буюу 50 хувь нь төр, засгийн бодлогын уршгаар дампуурсан нь үлэмж тооны ажлын байрыг үгүй хийсэн явдал болсон. Жишээ нь, бараг 10 жил ярьж буй Яармагийн 300 ортой IV төрөх эмнэлэг ашиглалтад орж чадаагүйгээс олон эмч, сувилагч, сэтгэлзүйч, асрагч болон бусад ажлын байрыг үгүй хийсэн байна. Өнөөг хүртэл нэг ч км төмөр зам тавьж чадаагүйгээс энэ салбарт олон ажлын байр буй болгох боломжийг алдав. Долларын ханшны өсөлтөөс гадаад худалдаа хумигдаж, тийнхүү ААН-үүд олон маркетинг, борлуулалт, гадаад харилцааны менежерүүдийн ажлын байрыг алджээ. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, барилгын салбар зогсонги байдалд орсноор олон ажлын байрны боломж хаагдсан. Энэ нь эргээд эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийхэд асуудал үүсгэж буй. Өнөөдөр инженерийн мэргэжлээр төгсөгчид ажлын байраар хангагдаж чадахгүй байна. Их сургууль төгсөгчдийн 46 хувь нь ажилгүй байгаа бол Мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг төгсөгчдийн 54 хувь нь ажлаар хангагдаж чадахгүй байна. Өнгөрсөн жилүүдэд засаглалын чанарын доройтол, улстөржсөн хийрхэл, шинжлэх ухаанд суурилаагүй төсөв, мөнгө, хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын алдаанууд бидэнд том сургамж болов.
Мэргэжилд тохирсон ажил олдохгүй байна, цалин бага байна, дадлага туршлага байхгүй байна, ачаалал даахгүй байна гэсэн тайлбар, мөн ажил голж, шилэх олон хүчин зүйл, шалтгаанууд буй.
БНХАУ 2018 оноос оюун ухаан, ур чадвар импортлохоо зарлачихлаа. Тиймээс хятадын өндөр орлоготой салбарт монголчууд өрсөлдөж ажиллах боломж нээгдэж байна.
Ийм боломж гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар нээлттэй. Өнөөдөр British, American, Ulaanbaatar, English зэрэг олон улсын дунд сургуулиуд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 25-30 сая төгрөг гэж уншиж байсан. Гол нь гадаадын их сургуулиуд салбараа нээхэд юуны өмнө ашигтай ажиллах шаардлагатай нь мэдээж. Гол нь зах зээлийн багтаамж, боловсролын салбарын эрхзүйн орчин, иргэдийн санхүүгийн чадавх, анги бүрдэлт, англи хэлний мэдлэг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Oюутан солилцоо, 2+2 хөтөлбөр, их сургуулиуд хоорондын багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх, нэр хүндтэй, зочин профессор урьж ажиллуулах, нарийн мэргэшлийн богино хугацааны энтрепренершип сургалт явуулах нь эхний ээлжинд ач холбогдолтой, үйл ажиллагааны чухал хэлбэр болов уу.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл