Үнэгүй зүйлд нугасгүй монголчуудад сэтгэлгүй хандсан музейн ажилчдын талаарх гомдол тасарсангүй. Энэ хэрээр бид үзвэр үйлчилгээгээр хэчнээн их цангаа вэ гэдгийг ой тоондоо шигдтэл ухаарлаа.
"Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан "Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд төрийн гэх бүхий л музей үнэ төлбөргүй үйлчилнэ гэсэн мэдээлэл олныг баярлуулсан онцгой бэлэг болж чадсан. Энэ далимд монголчууд бид хэчнээн төрлийн ямар ямар музейтэй билээ гэдгийг мэдэх нэгэнд нь сануулж, мэдэхгүй нэгэнд нь таниулаад авсан нь ч сайшаалтай. Сайныг дагаж саар гэгчээр эерэг сэтгэлгээг дагаж элдэв сөрөг үзэгдлүүд мэр сэр гарсныг үгүйсгэхгүй. Ууртай үйлчиллээ, хаалттай байлаа гэхчлэн гомдол ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд хөвөрлөө. Уурласан, хаалттай байсан нь ч яахав.
Мэдээж эдгээр музей үзвэрүүд өмнө нь байсан, хойшид ч байсаар л байна. Тэгвэл яагаад хоёр өдрийн дотор ингэтлээ туйлширсан асуудал бий болов оо гэдгийг эргэцүүлээд үзье.
Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж салбарынхнаас өгсүүлээд төрийн тэргүүн хүртлээ байнга л ярьж хэлж байдаг. Гэтэл гадныхан бүү хэл дотоод үзэгчид нь ч тэр бүр ороод байдаггүй манай хэдэн музейн ажилчид гэнэтийн их ачааллаасаа болоод стрессдсэн үү, үйлчилгээ, харилцаандаа доголдол гаргаж орхисон бололтой. Харин энэ их ачаалал хаанаас гараад ирэв ээ гэсэн асуултын хариуг бодъё. Юм бүхэн хоёр талтай.
Нэг талаас харвал өнөөх л эдийн засаг, үнэ төлбөрийн асуудал үүнтэй холбоотой. Өнөө маргаашийн идшээ залгуулах гэж ядаж байна гэж байнга үглэж байгаа хүмүүс хэсэгхэн хугацаанд үзээд өнгөрөх төдий зүйлд зарлага гаргана гэж үгүй гэх. Ийм хүмүүс өнөөдөр хүн амын дийлэнхийг эзэлж байгаа. Гэхдээ үнэгүй боломжийг ч энэ масс өнгөрөөж алдахгүй. Учир нь үр хойчид үзүүштэй бөгөөд үнэ цэнэтэй үзмэрүүдийг тольдохын цаад ач холбогдлыг тэд ухамсарлаж байгаа. Соц нийгмийн үеийнхэн бол бараг бүх музейг үзсэн байх. Тиймээс ч хүүхдүүддээ үзүүлэх сонирхол нь тэднийг хөтөлнө. Үр хүүхдүүдээ дагуулаад музейд Монголынхоо түүх, соёл, өвөг дээдсийнхээ хийж бүтээснийг үзэж ярилцаж, Монгол бахархал, өөртөө итгэх итгэлээ улам батжуулахыг хүснэ.
Нөгөө талаас өнгийвөл, амьдралын хүнд хэцүүг гайхан шагшрагчид арай өөр зугаа цэнгэлд байдгаа барчихдаг дүр зураг бий. Энэ бол ар гэрийнхний арчаагүй сэтгэхүйтэй шууд холбоотой. Хүүхдүүдэд бид л танин мэдүүлэхгүй бол тэд өөрсдөө тэнд тийм ийм юм байдаг гэж яахан мэдэх билээ. Мэддэгээрээ найзуудтайгаа сүүдэр ший /кино/-гээ л үзнэ. Тэгэхээр энэ талын анхаарал дутагдаж буй нь бас нэг эмзэглэл.
Хамгийн гол хариулт бол харалган төрийн гажиг бодлого. Бас л төртэй холбогдох нь, яая гэхэв. Азийн цээжин дэх бүхэл бүтэн Монгол Улсын нийслэлд хүүхэд үзэж сонирхох, чөлөөт цагаа эерэг орчинд өнгөрүүлэх газар хаана, хэд байна вэ гэж асуувал таны хуруунууд хангалттай хүрэлцэнэ. Тэгвэл насанд хүрэгчдийг зугаацуулах газрыг тоолж барах уу гэвэл танаас математикийн томъёо ч шаардаж мэднэ. Энэ нийгмийн гажуудал энэ. Тоглоомын талбайг хүртэл шүүрч булаах төрийнхний харалган ухаан монголын ирээдүйн нүдийг боож, тархийг хоосолж байгаа нь эмгэнэлтэй үнэн.
Бид орон нутгийнхныгаа л урлаг, соёлоор цангаж байна гэж хөөрхийлдөг. Гэтэл өнөөдөр орон даяараа соёлын дутагдалд орсоноо анзааралгүй явжээ.
Хүүхэд инээж тоглох, үзэж сонирхохыг хүссэн бүхэндээ мөнгө төлөх ёстой ийм улсад соёлт ухамсрын тухай яриад ч хэрэггүй. Үүнээс ангижрахын тулд, үр хойчоо эерэгээр нийгэмшүүлэхийн төлөө бидний хийх зүйл олон байна. Эцэг, эхчүүдийн анхаарал халамжийн дутагдал ч үүнд хамаатай. Мөн наад зах нь өнгөрсөн амралтын өдрүүдээс дүгнээд улсад хамааралтай үзвэр үйлчилгээг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй болговол зохино. Ингэвэл дан ганц хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч хамт олон, гэр бүлтэйгээ цагийг зөв өнгөрөөж, өнгөрсөнөө таньж, урагш алхахад нь маш их хөрөнгө оруулалт болж чадна. Дунджаар нэг айлын ам бүл дөрөв гэж бодвол, хоёр том хүний төлбөрөөр музей үзэх хүмүүс олон болно. Хүүхдээс гарах байсан төлбөрийн дутагдлаас болж улсын төсөв үгүйрчихгүй л байх. Энэ нь өрхийн санхүүд ч хэмнэлттэй тул энэ төрлийн үзвэр үйлчилгээний орлого ч нэмэгдэх боломжтой.
Цаашлаад дурдвал, зарим хууль зөрчсөн барилга, газрыг улсын өмчид авлаа л гэдэг. Гэтэл түүний оронд дахиад л онцгой эрхтэй, оффис нэртэй, олонд ялгавартай, мөнгөний шидтэй, түрээсийн тодотголтой, баганадсан өндөр барилга сүндэрлэнэ. Уг нь тэр орчинд хүүхдэд зориулсан, хүслийг нь бадраасан бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийх аваас энэ төр хүүхдэд ээлтэй гэдгээ харуулах учиртай сан. Даан ч тэдэнд ашиг үгүй тул сэтгэл үгүй.
Энэ мэтчилэн үзвэр үйлчилгээний хомсдолд орсон улсын хөгжлийг өөд нь татах ажил дутагдаж, сэтгэл гачигдаж байгааг өнгөрсөн хоёрхон өдөр бодит дүр зургаар нь, болж өрнөсөн бүхний тухай олны сэтгэгдлээс мэдэрлээ. Үнэгүй юманд нугасгүй ард түмэн, үнэгүй зүйлд сэтгэлгүй төрийнхний хооронд тив хол зай байна даа.
Хөөрхий бидэнд байгаа цөөн хэдийн зарим нь улирлын чанартай, үлдсэн нь үнийн дарангуйлалтай юм даа.
Я.Хулан
Undesten.mn
Сэтгэгдэл