Хог хаягдлын бохирдол агаарын бохирдлоос дутахгүй аюултай


Хог хаягдлын бохирдол агаарын бохирдлоос дутахгүй аюултай

Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах цахилгаан станц байгуулах асуудлаар  Монгол Улсын Шинжлэх ухааны академи БНХАУ-ын Жансу мужийн "China Tianying” компанийн төлөөлөлтэй өнөөдөр санал солилцлоо. Энэ үеэр БНХАУ-ын талаас бүх төрлийн хог хаягдлыг боловсруулж, тэрхүү шатаасан энергиэрээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологио танилцуулсан юм. Тэд энэхүү төслөө Монгол Улсын Ерөнхий сайдын  зөвлөх, Улаанбаатар хотын засаг дарга нарт болон БОАЖ-ын яаманд мөн танилцуулжээ.

"China Tianying” компанийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол Улаанбаатар хотын тухайд  өдөрт 500-1000 тн хог боловсруулаад дунджаар 10мгвт-ын эрчим хүч үйлдвэрлэх станц ажиллуулж болох юм байна гэсэн тооцоог хийжээ. Энэ төсөл хэрэгжих аваас Монгол улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр НЗДТГ-тай гэрээ  байгуулаад хог боловсруулдаг үйлдвэр, цахилгаан станц барих.  Улмаар цахилгаан станцаас гарах эрчим хүчийг нийслэл гэрээний хугацаанд худалдан авч, гэрээ дуусгавар болонгуут Цахилгаан станцыг  Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгөх тухай ерөнхий нөхцөл яригдаж байгаа юм байна.

Уулзалтын үеэр "China Tianying” компанийн төлөөлөгчид "Хятад  бол дэлхийн бусад улс орнууд шиг  хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологийг сэргээгдэх эрчим хүч гэж тооцох болсон. Монгол Улс ч энэ замаар яваасай. Шинжлэх ухааны байгууллагууд нь ийм санал боловсруулж  эрх баригчдад  дэвшүүлэх хэрэгтэй.  Ирэх дөрөвдүгээр сард Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайд болон Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх манай компанид зочилж энэ технологитой биечлэн танилцана. Танай эрдэмтэн судлаачдыг ч мөн давхар урьж байна. Энэ айлчлалаас өмнө ШУА  холбогдох  эрдэмтэн судлаачдын ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын хог, хаягдлын асуудлаар  судалгаа хийж өгөхийг хүсч байна. Айлчлалын үеэр манайхтай хамтарч ажиллах тохиролцоонд хүрвэл та бүхний хийсэн судалгаан дээр үндэслэж хог боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг тогтоох юм” гэлээ.

Уулзалтын төгсгөлд  ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл "Бид өнөөдөр агаарын бохирдол утааны асуудлаар түлхүү яриад байгаа. Гэтэл хог хаягдлын  бохирдол бол тэрнээс дутуугүй  хор нөлөөтэй. Учир нь манай улс  бүх хогоо газар дор булчихдаг. Газар дор булсан хог тэндээ илжирч ялзраад хортой хий гаргахаас гадна,  хөрсний доорх усыг бохирдуулах аюултай байдаг. Удаан жил ингэж явж болохгүй. Тиймээс хогоо боловсруулах шилдэг технологитой шилдэг төслүүд дээр Нийслэл, Засгийн газар шинжлэх ухааны байгууллагуудаас зөвлөгөө авч сонгон шалгаруулалт хийгээд ийм станц байгуулах  нь тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ үүднээс бид БНХАУ-ын энэ технологитой  зориуд танилцаж байна.     Манай эрдэмтэд  өмнө нь хог хаягдлыг боловсруулдаг  олон янзын жижиг технологитой танилцаж байсан ч энэ удаагийнх цогцоор нь шийдэж өгсөн технологи байгаа нь онцлог байлаа. Манайд хог боловсруулах асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаач олон бий.  Хийсэн судалгаа  ч олон байна. Та бүхний хүсэлтээр дахин нарийвчилсан судалгаа хийж, хариу санал явуулъя” гэсэн юм. 

ЭХ СУРВАЛЖ:Монгол Улсын Шинжлэх ухааны академи. ac.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.