Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг АТГ-д хүргэсэн Дубайн гэрээ


Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг АТГ-д хүргэсэн Дубайн гэрээ

 

Засгийн газрын 2009 онд "Оюутолгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар тус газар албан ёсны цахим хуудастаа мэдэгдсэн.

"Оюутолгой" компани Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Засгийн газрыг тэргүүлж байхдаа албан тушаалаа ашиглан Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн төслийн төлөвлөгөөнд болон бусад үр дагавар бүхий баримт бичгүүдтэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн юм.

Ч.Сайханбилэгийн дээрх үйлдлийн талаар өмнө нь нэр бүхий УИХ-ын гишүүд Өмнөд бүсийн эрчим хүчний тухай гэрээг хууль бусаар өөрчилж, УИХ-д танилцуулалгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан тул шалгах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байдаг бол тухайн үед "Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дубайн гэрээнд биечлэн гарын үсэг зурсан Б.Бямбасайхан "Өнөөгийн дэлхийн зах зээл дэх зэсийн ханшаар тооцвол гүний уурхай ашиглалтад орсноор 50 жилийн хугацаанд 47 тэрбум ам.долларын бодит мөнгөн урсгалыг Монголын Засгийн газар авна гэж тооцож байгаа.

Ногдол ашгийг 2037 оноос авахаар байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Харин тухайн үеийн сөрөг хүчин, одоогийн эрх баригч УИХ дахь МАН-ын бүлгээс Дубайн гэрээг Монгол Улсад ашиггүй гэж дүгнэсэн удаатай. Дубайн гэрээг шалгах ажлын хэсэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, "Оюутолгой”-н ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн орж ажилласан байдаг. Тэдний зүгээс Дубайн гэрээгээр 4.2 тэрбум долларыг гаднын банкуудаас авах болж байгаа.

Ерөнхий сайдын тайлбар хийгээд олон нийт уг 4.2 тэрбум долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад компани авна гэж ойлгож байгаа. Гэтэл Дубайн гэрээгээр бол 4.2 тэрбум долларыг "Оюутолгой” төсөлд бус, "Рио тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг "Рио тинто” толгой компани" гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь "Оюутолгой” ХХК төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж ажлын хэсэг дүгнэсэн. Мөн "Оюутолгой” компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. 

Тийм учраас Засгийн газрын хөрөнгийг барьцаалах бол УИХ-аас заавал зөвшөөрөл авах тухай хуулийн хэд хэдэн заалт байдаг. Гэтэл энэ зөвшөөрлийг авалгүйгээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж "Оюутолгой’’-н компанийн хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл авахаар болсон нь хууль зөрчсөний дээр Монголын талыг эрсдэлд оруулсан.

Өөрөөр хэлбэл, Монголын парламентын мэдэх асуудлыг УИХ-ын өмнөөс "Эрдэнэс-Оюутолгой” компани шийдэж байгаа нь хуулийн зөрчил зэргээр хэд хэдэн тодорхой гаргалгаа хийж, асуудал Засгийн газрыг огцруулах хүртэл өндрөө авч байсан юм. Энэ мэтээр Дубайн гэрээг зөвтгөж, буруутгасан олон талын байр суурь байдаг бөгөөд ямартай ч хууль хяналтын байгууллагаас албан ёсоор хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзжээ. Тиймээс Дубайн гэрээг үзэглэхтэй холбогдуулан хэн юу хэлж, хариуцлагатай албан тушаалтнуудын зүгээс ямар мэдэгдэл хийж байсныг эргэн сануулъя.

ОЮУТОЛГОЙ БОЛ КОМПАНИ ХООРОНДЫН АСУУДАЛ

Ч.САЙХАНБИЛЭГ (Ерөнхий сайд асан)

-Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тиймээс улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюутолгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. "Эрдэнэт үйлдвэр”-тэй адилхан Оюутолгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье.

Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа.

Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан.

Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, "Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн.

2015.05.21

ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ГАРГАЖ БАЙНА

Г.УЯНГА (Ерөнхийлөгчийн зөвлөх)

-Анх Оюутолгойн гэрээг байгуулахад гэрээн дээрээ дөрвөн тэрбум доллар шаардагдана гэж заасан. Харин засвартайгаар хүлээн авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгасан. Үүнд ил уурхай, далд уурхайн 1.5 тэрбум доллар, баяжуулах фабрик, хаягдлын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтэц, эзэмшигчийн зардал, шууд бус зардал, валютын ханшны зардал, бусад эрсдэл гэх мэт бүх эрсдэлийг тооцоолсон. Гэтэл дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4.7 тэрбум доллар зарцуулна гэж байна.

Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтын 5.1 тэрбум доллараа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гарсан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна.

2015.05.20

БИД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН

Ц.ДАВААСҮРЭН (Эрчим хүчний сайд)

-Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан байна. Оюутолгой үр ашиггүй байгааг та бид мэднэ. Тиймээс Оюутолгойн үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдсангүй. Нийт борлуулалтын 4-5 хувь Монголд үлдэж байна. Бидэнд баялгийн мөнгө орж ирэхгүй, дусал шиг 4-5 хувь л орж ирж байгаа. Энэ бол буруу юм. Оюутолгой хөрөнгө оруулалт биш зээл шүү. Бид анхны хөрөнгө оруулалтын зээлээр өдөрт нэг сая ам.долларын зээлийн хүү, төлбөр төлж байгаа. Гаднынхан аймшигтай тархи угаадаг юм байна. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа.

2015.05.20

-"Оюутолгой” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд 2017 оны долоодугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Гэтэл яагаад өнгөрсөн оны долоодугаар сараас эрчим хүчээ авч эхэлсэнгүй вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Тэгвэл Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэмээх хууль зөрчсөн гэрээнээс болж эрчим хүчээ аваагүй.

"Хөрөнгө оруулалтын гэрээ” бол УИХ-аар орж, батлагдсан гэрээ. Энэ гэрээний аливаа заалтыг өөрчлөхдөө УИХ-аар заавал оруулж, танилцуулах ёстой. Гэтэл уг гэрээний 7.3 дахь заалтыг Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээр түдгэлзүүлсэн байна. Иймээс бид энэ хууль зөрчсөн гэрээг хүчингүй болгосон.

2018.02.21

ДУБАЙГААС ИРЭХЭД НЬ Л МЭДСЭН ЮМДАГ

Л.ЭРХЭМБАЯР (АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан)

-Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Юм үнэнээрээ байх сайхан.

  1. Дубайн гэрээг ардчилсан намд хэлээгүй. Ч.Сайханбилэг өөрөө явж хийсэн. Би намын Ерөнхий нарийн бичгийн байсан үе. Дубайгаас ирэхэд нь л мэдсэн юмдаг. З.Энхболд дарга ч тийм л болов уу гэж таамаглаж байна.
  2. Засгийн газрын шийдвэрийн зөв, бурууг тэргүүн нь, салбар хариуцсан сайд нь шууд хүлээдэг байх ёстой. Дубайн гэрээ сайн бол гавьяаг нь саар бол хариуцлагыг Ч.Сайханбилэг үүрэх учиртай.
  3. Аливаа буруу шийдвэрийг намаараа талцаж өмгөөлж хамгаалдаг муу зуршлыг улстөрийн намууд, гишүүд дэмжигчид халах цаг нь болчихлоо. Алийн болгон намын далбаан дор мууг хаацайлах вэ?
  4.  Өмнө нь хийж байхгүй яасан юм гэсэн олон коммент бичигдэх нь ойлгомжтой. Тийм бодолтой иргэдэд зориулж хэлэхэд улс төрийн намуудад гүйцэтгэх эрх мэдэл байдаггүй юм. Шийдвэрийг /мөнгийг/эцсийн эцэст Ерөнхий сайд, салбарын сайд, нэгдүгээр гарын үсэг зурж байгаа томилогдсон эрх мэдэлтнүүд гаргадаг юм. Хариуцлагыг тэдэнтэй шууд халзагнаж тооцох ёстойг иргэд олон түмэн мэдтүгэй гэж бодном. Буруу шийдвэр гаргагчид шийдвэрээ аль болох улс төр болгож төөрөлдүүлэх, намаар хамгаалуулах, нам тэгсэн ингэсэн гэж бухах нийтлэг хандлагатай” гэсэн байна.

2018.02.19

ХУУЛЬ ЗӨРСӨН НЭГ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Б.БЯМБАСАЙХАН ("Эрдэнэс-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан)

-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, харин тодотгосон. Уг төлөвлөгөөний 8.3-т "Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, 2009 онд УИХ-аар батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж тусгасан байгаа. Анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан, харин энэхүү төлөвлөгөөнд Хувь нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурсан.

2015.10.30

-’’Оюутолгой” төсөл 4.4 тэрбум долларын зээлийг Монголд босгож, Засгийн газрын ямар нэгэн баталгаагүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тийм боломжтой болж байгаа. Энэ бүх зүйл нь эргээд бидний давуу тал. Гол нь бид Монгол Улсын хуулийнхаа хүрээнд хууль зөрсөн нэг ч зүйл байхгүй хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Дубайн төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрвээ муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан.

2016.01.21

"ОЮУТОЛГОЙ” ХЭЗЭЭ АШИГТАЙ АЖИЛЛАХ ВЭ ГЭДГЭЭС ИХЭЭХЭН ШАЛТГААЛНА

ЖАН СЕБАСТЬЯН ЖАК ("Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал)

-Бизнесийн байгууллага хувь нийлүүлэгчид ногдол ашиг тараахын тулд ашигтай ажиллаж эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Оюутолгойд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Үүнээс гадна гүний уурхайд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Хувь нийлүүлэгчдийн сонирхол ижил. "Оюутолгой” аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн.

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт босгосон. Энэхүү төслийн санхүүжилт гаргасан байгууллагууд зээлээ эргүүлж авна шүү дээ. Зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна. Нөгөөтээгүүр "Оюутолгой” компани хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Монгол Улсад өнөөдөр эл төсөл шууд болон шууд бус утгаар өгөөжөө өгч байгааг дахин хэлье. Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. "Оюутолгой ч дэлхийн хэмжээний уурхай болгосны дараа хувь нийлүүлэгчид өгөөж егөх асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу.

2018.01.23

Д.МЯГМАРДОРЖ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.