"Эрдэнэт"-ийг аврах учиртай гэрээ хэний гараар оров


 

"Эрдэнэт"-ийг аврах учиртай гэрээ хэний гараар оров"Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан. Гэвч энэхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан Стандарт банк 2013 оны долоодугаар дугаар сард Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандан 109 сая ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86,950,000 ам.долларыг баталгаа гаргасан гэсэн үндэслэлээр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн түүх эхэлсэн билээ. 

Улмаар Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх гурван жилийн дараа буюу 2016 оны тавдугаар сард шүүх хуралдааныг явуулж, "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь "Жаст групп” ХХК-д баталгаа гаргасан гэж үзэж, 50,988,425.60 ам.долларын төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Тус шийдвэрийг эс зөвшөөрч, манай талаас Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг хүссэн боловч тус шүүх 2017 оны тавдугаар сарын 22-ны өдөр шийдвэр гаргаж, 14 хоногийн дотор 50,988,425.60 ам.долларыг шүүхэд байршуулснаар давж заалдах зөвшөөрөл олгох нөхцөл заасан юм.

Тухайн үед дээрх нөхцөлийг биелүүлж чадаагүй эсвэл хүсээгүй юу  ямар ч байсан "Эрдэнэт үйлдвэр”-ээс Английн Давж заалдах шатны шүүхэд уг захирамжийг давах хүсэлт гаргасан боловч 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гаргасан захирамжаар татгалзаж эцэслэн шийдвэрлэжээ. 

Энэхүү шийдвэр гарсны дараа Стандарт Банк нь үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны долоодугаар сарын 27- ны өдөр тус шүүх хэлэлцээд "Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн талаар Засгийн газраас УИХ-ын зарим гишүүнд гаргасан мэдээлэлд дурдаад буй. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр” -т холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонссон бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байгаа юм. 

Тэгвэл Жаст Группт баталгаа гаргасан гэх Эрдэнэт Үйлдвэрийн тухайн үеийн удирдлага болох Ч.Ганзориг, Эрдэнэт Үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал,  Төрийн Өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар ч мөн Ш.Батхүү гэгчийн залиланд өртсөн буюу тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж хэвлэлээр мэдэгдээд байна. 

Ч.Ганзориг  мэдэгдэлдээ "Арбитрын шүүхийн шийдвэр гарсан нь үнэн ч Монголын шүүхэд одоог хүртэл албан ёсоор хүргүүлээгүй байгаа энэхүү шийдвэртэй холбоотой аливаа яриа хэлцлийг Монголын тал яаран хийх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь олон улсын конвенцээр өөрт олгогдсон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаа хэрэг болно. Үүнийг би цэвэр улс орны эрх ашиг, нөгөөтээгүүр цөөнгүй жил удирдаж жаргал, зовлонгоо хуваалцсан уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олны ашиг сонирхлын үүднээс анхааруулж байна” гэжээ. 

Эрдэнэт Үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын өгсөн мэдээллээр "Тухайн үед Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэр Жаст группт баталгаа гаргаж өгөхгүй, худалдан авах эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Тодруулбал Жаст групп нь Эрдэнэт Үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авдаг байсан. Энэ эрхийг Стандарт Банканд шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ 28 хуудас гэрээгээр бол Эрдэнэт Үйлдвэр яавч Жаст группийн зээлд батлан даалт хийхгүй гэж байгаа. Гэтэл Ш.Батхүү энэхүү 28 хуудас гэрээний төслийн 28 дахь Ч.Ганзориг болон миний жинхэнэ гарын үсэг зурсан хуудсыг ашиглан 40 хуудас бүхий хуурамч гэрээг Стандарт Банктай байгуулсан. Эдгээр бичиг баримтуудаа өөрөө захиалж хийлгэсэн ЭҮ-ийн хуурамч тамгыг ашигласан байдаг. Арбитрт энэхүү 40 хуудас гэрээний 40 дэх хуудас дахь гарын үсэг үнэн, өмнөх 39 хуудсынх нь худлаа гээд гараад ирсэн” гэж байлаа. 

Тиймээс ч Б.Мөнхжаргал Засгийн газар, ЭҮ Арбитрын шийдвэрийг яаран гүйцэлдүүлэхээсээ өмнө Монгол Улсад тэдгээр хуурамч гэрээнүүдийг авчрах хэрэгтэй. Мөн анх бидний гарын үсэг зурсан 28 хуудас гэрээний 27 хуудсыг нь буюу цорын ганц хувь энэхүү гэрээг хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн ч өдийг хүртэл яагаад Арбитрт энэ нотлох баримтыг явуулаагүйг гайхаж байгаа тухай ярьж байв. 

Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг бүгдийг нь Авлигатай Тэмцэх Газар шалгаж байна

Ш.Батхүү бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээсэн янз бүрийн баримтууд хэвлэлээр хөврөх боллоо. Гэтэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар баталгаа гаргаж өгсөн гээд буй хүмүүсийн зарим гарын үсэг жинхэнэ болох нь батлагдсан гэгдээд буй. 

Ш.Батхүүгийн албан захидал, 

 

Гэтэл гарын үсэг зурсан этгээдүүд зориулалт өөр гэрээнд зурсан гарын үсгийг Ш.Батхүү ашигласан гэж тайлбарлаж байна. 

Үнэхээр жинхэнээсээ зурсан гэгдээд буй 28 хуудас гэрээ гэж байгаа бол түүнийг манай хууль хяналтын байгууллага Английн Арбитрт яагаад нотлох баримтаар явуулсангүй вэ. 

Мөн зарим УИХ-ын гишүүн хэвлэлээр Эрдэнэт Үйлдвэрийн дансаар Ш.Батхүүгийн зээлийн эргэн төлөлт эргэж хийгдсэн гэж мэдээллээд байгаа нь ташаарсан мэдээлэл болохыг өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрээс ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213.3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь Меркентал хаус, Миллфорд Глобал корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого буюу зээлийн бус зэсийн баяжмалын төлбөрийн шилжүүлэг байсан аж. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Жаст групп Эрдэнэт Үйлдвэрийн дансыг Стандарт банкинд нээхийг ч хуурамчаар үйлдсэн байна. Ингэж хууртагдсанаа Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд ч хүлээгээд байгаа талаар эх сурвалж хэлж байлаа.

Б.АНУ




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.