300 жилийн дараа дэлхий дээр үхэрнээс том амьтан үлдэхгүй гэнэ


Дэлхийн хуурай газар дээр хоёроос гурван зуун жилийн дараа үхэрнээс том амьтан үлдэхгүй гэж хэсэг эрдэмтэд тооцоолжээ.

300 жилийн дараа дэлхий дээр үхэрнээс том амьтан үлдэхгүй гэнэ

 

Бидний өвөг дээдэс 1.8 сая жилийн өмнөөс маханд дурлах болсон тул ан амьтан агнах нь нэмэгдсэн байна. Яг үнэндээ цаг уурын нөлөөгөөр бус, зөвхөн хүний ан агнуураас болж манай дэлхийн томоохон хөхтөн амьтад устаж үгүй болсон гэж "Science” сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлжээ.

Энэ хандлага өнөөдөр ч үргэлжилсээр байгаа гэнэ. "Цаг өнгөрөх тусам том амьтдад аюул учирч байна. Бид урт хугацааны турш хамгийн аюултай араатан байсаар ирсэн, үүнийг хэн ч шүүгээгүй байна” гэж судалгааг ахалсан Шинэ Мексикийн их сургуулийн биологийн профессор Фелиса Смит ярьжээ.

Арслан заанууд, аварга хирснүүдийг цаг уурын гэнэтийн өөрчлөлтөөс болж мөхсөн гэж үздэг. Гэвч эдгээр амьтад цаг уурын өөрчлөлтийг өмнө нь зохицон давсаар ирсэн тул энэ тайлбар үндэслэлгүй гэж үзжээ. Харин хүмүүс үржиж олон болсноор махны хэрэглээ нь нэмэгдэж, том амьтдыг агнаж дуусгасан гэж тэд дүгнэсэн байна.

Смитийн багийнхан Антарктидаас бусад тив бүрээс олдсон арслан зааны үлдэгдлээр амьдарч байсан цаг хугацааг нь тогтооход нэг сая жилийн өргөн зурвас мэдэгдсэн гэнэ. Үүнтэй зэрэгцэн тэд сүүлийн 125,000 жилийн хугацаанд Африкаас хүн төрөлхтөн дэлхийд тарсан ул мөрийг харьцуулан шинжилсэн байна.

Гайхалтай нь 125,000 жилийн өмнө Африкт амьдарч байсан хамгийн том амьтан нь тухайн үед Хойд ба Өмнөд Америк тивд амьдарч байсан хамгийн том амьтны биеийн дундаж хэмжээний хагастай тэнцэж байжээ.

Тухайн үед Америк тивд хүн хүрээгүй байсан бол Африк тив хүн төрөлхтний өлгий болж байсан юм.

Эндээс хүмүүсийн тархсан газар бүрт том биетэй хөхтөн амьтад устаж үгүй болж байсан гэж дүгнэжээ. Ийм шалтгаанаар хүн төрөлхтөн цаашдаа том амьтдыг устгасаар хамгийн том амьтан нь хүний гаршуулсан үхэр болж үлдэнэ гэж тэд үзсэн байна.

Эх сурвалж: Mashable

Э.СЭМҮҮН, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.