Үнэгүйдсэн ӨМЧЛӨЛ, эргэлтгүй ГАЗАР


Үнэгүйдсэн ӨМЧЛӨЛ, эргэлтгүй ГАЗАР

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 570700 иргэн өөрт ногдох газраа үнэгүй өмчилж авчээ. Энэ нь  нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь  гэнэ. Монгол Улс иргэндээ газрыг нэг удаад үнэгүй өмчлүүлэх эрх олгоод 16 жил өнгөрч байгаа энэ үед дээрх тоо бол чамлалтай үзүүлэлт.  Иргэн бүрт газар өмчлүүлэх ажил  яагаад ийм бага хувьтай дүн байна,  бас яагаад гэдэг асуудал анхаарал татаж  байгаа юм.

УИХ-аар  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль  баталж, хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  Үүнээс гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тав таван жилээр сунгаж ирсэн байна. Хууль 2003 оноос хэрэгжиж газар өмчлүүлэх ажил анх эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг дундаа хамтран өмчилж (өрх) байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн түүнээс өмнөх таван жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

Судалгаанаас харахад хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авчээ. Эдүгээ Монгол Улсын иргэнд газрын үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэж байгаа. Ингэхдээ Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгажээ. Харин газрыг иргэн бүрт нэг удаад өмчлүүлэх  тухайд хугацаагүй болгох хэрэгтэй гэж хууль тогтоогчид үзэж байлаа.

 

 Ер нь иргэндээ газраа өмчилж авахад ихээхэн зардал, чирэгдэл хүнд сурталтай тулгаргыг хэн хэнгүй шүүмжилдэг. Энэ нь ч газар өмчлөл бага хувьтай байгаагийн нэг илрэл. Иргэд эхлээд газраа олж, олсон газраа бүртгүүлэх, улсын бүртгэлд оруулсны дараа өмчлөлд шилжүүлэх гээд олон шат дамжлагатай.  Нийслэлд шинээр газар олголтыг дэд бүтэц хөгжөөгүй хэсэгт явуулдаг. Жишээлэхэд, Э.Бат-Үүл хотын даргын үед нийслэлийн газрыг сугалаагаар өмчлөх арга хэмжээ зохион байгуулсан. Мэдээж, иргэн бүр сугалаанд хамрагдахыг хүсч, азаа үзсэн байх. Сугалаагаар газартай болсон азтангууд хотын захаас  ч хол, дэд бүтэц хөгжөөгүй, зарим нь уулын аманд газартай болоод тэндээ гадас ч хамтгаагүй яваа нь олон.   Иргэд газраа өмчлөхөөр хөөцөлдөхөд төрийн байгууллага, албан тушаалтнуудын  хүнд суртал, хөшүүн хойрго авир нь дийлдэшгүй.  Нөгөөтэйгүүр газартай холбоотой авлига, хээл хахууль хэдэн саяараа тоологдож, үржиж өссөн байхад  газрын үнэлгээг аль 1997 онд тогтоосноос хойш шинэчлэгдээгүй яваа нь хачирхалтай. Тэгээд энэ ханш нь байршил харгалзахгүй тогтсон дүнтэй юм билээ. Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн хэсэг, захын хорооллын газрын үнэлгээ  нэг ханштай гэсэн үг. Хэрвээ иргэд газар худалдан авах бол тогтсон ханшаас өөр, тэнгэр газар шиг жишиг амьдрал дээр үйлчилдэг. Тиймээс хэрэгждэггүй, цаасан дээрх хуулиа амьдралд бодитой болгомоор. Энэ бүхэн газар өмчлөлтийг эрчимжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд саад тотгор болсоор ирсэн.

Албанхан "Газар өмчлөлийн талаар хуулийн сурталчилгаа, газар өмчлөхийн ач холбогдлыг жилд хоёроос доошгүй удаа улс орон даяар нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж иргэд олон нийтэд сурталчилж ойлгуулах, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа” гэж ажлаа тайлагнадаг. 

Уг нь газрыг өмчлөхөд хүнд суртлаа арилгавал хуулийн сурталчилгаа шаардлагагүй, иргэд хэрэгцээгээ дагаад  асуудлаа шийдчихнэ. Цаашлаад газар өмчлөлийн ажлыг дэд бүтэцтэй уялдуулж хэрэгжүүлмээр байна, хууль тогтоогчид оо.

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/a/496015


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.