Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий өвчин гарч тархсан. Одоо байдал харьцангуй намжсан ч энэ өвчлөл Монгол Улсын махны экспорт, малын удмын сан, хүнсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулав.
Одоогор найман аймагт хорио цээрийн дэглэмтэй, бусад аймгийн хорио цээрийн дэглэм буураад байгаа аж. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон, Төв аймаг харьцангуй гайгүй болж, хяналтад орсон гэж буй.
Харин Өмнөговь, Булган, Дундговь, Архангай аймгуудын хувьд хяналтад оруулахаар ажиллаж байгаа тухай хэд хоногийн өмнө Мал эмнэлэг, үржлийн газрын Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий эпидмиологич Б.Цолмон ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Тэрбээр "Хяналтад орсон аймгуудад зурвас тогтоож вакцинжуулалт хийж байна. Гуравдугаар сарын 5-аас өмнө нөхцөл байдал хүнд байсан учраас Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хоёр бүсчлэлийн дагуу ажиллаж байна. Одоогоор ОХУ-аас 500 мянган тун вакциныг авч, халдварын хүрээг хааж, хязгаарлалт тавин ажиллаж байна. Шүлхий өвчин нь тархалт хурдан учраас хамрах хүрээ нь богино хугацаанд томрох аюултай. Тиймээс бид эхний ээлжинд хязгаарлалт хийж, зурвас татаж вакцинаа тарих арга хэмжээ авч ажиллалаа. Хорио цээрийн дэглэм, хязгаарлалт зурвас тогтоож вакцинаа хийгээд явах юм бол ирэх дөрөвдүгээр сарын 15-нд гэхэд шүлхий тархалтыг зогсоох боломжтой гэж төлөвлөөд байна" хэмээн ярьсан.
Тэгвэл энэхүү шүлхий тархаж буй асуудлыг Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн еранхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "Шүлхий тараадаг, вакциныг авч ирж зардаг мафийн бүлэглэл Монголд бий болсон" хэмээн ярьжээ.
Тэрбээр уг асуудлыг улстөрийнхөн, хууль хяналтынхан сайн мэддэг ч арга хэмжээ авдаггүй тухай ярьсан байна. Түүнийхээр үе үеийн засаг дарга, сайд болон мал эмнэлгийн үржлийн газрын дарга нар монополжиж нэг багт орсон аж.
Засгийн газар, ХХААХҮЯ-ны мал эмнэлгийн, үржлийн газар хоёр нийлээд нэгдэж, луйврын ажиллагаа явуулдаг гэнэ. Шүлхий, цэцэг, мялзан зэрэг өвчний вакцинуудыг ганцхан жилд хэдэн арван тэрбумаар авсан хэмээн мөнгө луйварддаг тухай ч Ц.Өлзийтогтох ярьжээ. Тэрбээр "Манай мэргэжлийн байгууллагын ажилтан, эмч нар ямар ч шаардлагагүй газарт очиж, шүлхийн вакцин хийдэг. Тухайлбал, шүлхий өвчин гарсан Д-гийн малд вакцин хийдэг. Дараа нь шууд ямар ч өвчин гараагүй айлд очоод малд нь вакцин тарьчихдаг. Энэ нь өөрөө их аюултай. Малын эмч өвчтэй айлаас гарч болдоггүй юм. Тэрхүү малын өвчин гарсан айлд арав эсвэл хорь хоног байж байх ёстой. Иймээс эрүүл малтай айлд очиж, вирус тарааж байна. Халдвар тархахдаа их амархан байдаг. Халдвар нь хүний толгой, машин тэрэг, хувцас гэх зэрэг бүхий л зүйлсээр дамжина. Морь, хонь, үхэр, тэмээгээр ч дамжиж халддаг" гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Харин мафиуд нь вакцин оруулж ирж мөнгө угаахаа л бодохоос Монгол улс мал, махаа экспортолж ашиг орлого олохыг хүсч байгааг огт авч хэлэлцдэггүй аж. Малд тохиолддог олон өвчнөөс гоц халдварт шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг тухай Б.Цолмон ярьсан байна.
Тэрбээр "Худалдааны хориг бүхий өвчин гэхээр малын гаралтай бүтээгдэхүүнээ гаргахгүй гэж ойлгодог. Гэтэл шүлхий гарсан бүс нутгийн бүх бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дан ганц мах гэлтгүй арьс, шир, нүүрс, өөр бусад бүх экспортод гаргадаг бүтээгдэхүүнийг худалдааны хоригт оруулдаг. Худалдааны хориг нь 5-10 жил ч үргэлжилж болдог эрсдэлтэй" хэмээн ярьжээ.
Тэгвэл энэ байдал саяхнаас ч бий болсон юм биш. Бүр 2014 оны хавар буюу гуравдугаар сард Гурвалжингийн гүүрэн дорх гаалийн баталгаат агуулахад хөлдүү вакцин их тунгаар ирсэн талаарх мэдээллийг нэгэн эх сурвалж бидэнд өгснөөр энэ тухай сурвалжилж байсан. Тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар БНХАУ-аас оруулж ирсэн шүлхийн эсрэг вакциныг тойрсон асуудал олны анхаарлын төвд орж байсан. Энэхүү 1.6 сая тун шүлхийн эсрэг вакциныг оруулж ирсэн компани тээвэрлэх, хадгалах явцдаа хөлдөөж чанарыг нь алдуулж улсын төсвийн 2.5 тэрбум орчим төгрөгийг үнэгүйдүүлсэн байж болзошгүй.
Гол асуудал гэвэл, БНХАУ-аас шүлхийн вакциныг галт тэргээр тээвэрлэж ирээд "АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд буулгахад хүлээлцэж авсан хүмүүс нь протокол хөтөлжээ.
Энэхүү протоколд "Шүлхийн А, О, Ази-1 хэвшлийн гурван цэнт вакциныг нийлүүлэх "МЭГХӨ 2014/03 дугаартай малын гоц халдварт шүлхий өвчний вакцин нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд БНХАУ-ын Хөх хотоос зориулалтын чингэлгээр тээвэрлэн 2014 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 01.00 цагт төмөр замын "АБТЭМА” дахь гаалийн хяналтын талбайд хүлээн авахаар ажиллалаа.Вакциныг хүлээн авах явцад вакцины цувралд хийсэн эрх бүхий лабораторийн дүгнэлт байхгүй байснаас ажлын хэсгийн шийдвэрээр уг бичиг баримтыг бүрэн болготол түр хойшлуулахаар шийдвэрлэж гаалийн талбайн харуул, МХЕГ-ын албан ёсны лацаар 2014 оны гуравдугаар сарын 1-ний өглөөний 03.00 цагт 0000209 дугаарын лацаар лацдан протокол үйлдсэн. Чингэлгийг лацдахдаа "МЭЭСБУЛ”-ын температур хэмжигчийг хоёр ширхэгийг байрлуулсан. Ажлын хэсэг 2014 оны гуравдугаар сарын 1-ний өглөө 10.00 цагт "СВС” компанийн бичиг баримтыг шалгаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй лацыг шалгаж 0000014 дугаарт тэмдэглэлээр чингэлгээ нээлээ. Чингэлгийг нээж хяналтын зорилгоор тавьсан температур хэмжигчээ шалгахад вакцины дотор тавьсан температурын заалт цельсийн 0.7 градус, чингэлэг дотор тавьсан термометрийн заалт цельсийн 2.9 градус байсан. Ажлын хэсэг чингэлэг дэх вакцины дөрвөн цэгээс түүвэрлэн нийт 12 ширхэг 4235001 цувралын дугаартай гурван цэнт шүлхийн вакциныг МЭЭСБУЛ, МЭҮГ-т дээжинд авлаа” гэсэн байна. Ингээд хурлын тэмдэглэл дотор хүлээн авахад илэрсэн зөрчлүүдийг бичсэн байсан.
Тэгэхээр одоо холбогдох албаныхан малын вакцины талаар албан ёсны тайлбарыг бүрэн баримтын хамт ард түмэнд тайлагнах цаг болсон.
Erennews.mn
Сэтгэгдэл