PC тоглоомын газруудыг хаах, сургууль цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антенуудыг авах үүрэг өгөв


 

PC тоглоомын газруудыг хаах, сургууль цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антенуудыг авах үүрэг өгөв

Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь  буюу 42 хувь нь нийслэлд амьдардаг байна. Нийслэлийн 380 мянган өрхийн 270 орчим нь гэр хороололд байдаг. Нийслэлийн хэмжээнд байгаа нийт хүүхдийн 10 хувь нь хүчирхийлэлд өртөх, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, гамшиг осолд өртөх, сургууль завсардах магадлалтай зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг байна. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн "Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Нийслэлийн зүгээс хүүхэд хамгааллын талд нэлээн ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн төлөө зөвлөл, дүүрэг бүрт хууль зүйн зөвлөгөө өгөх хороонууд ажиллаж байна. Хүүхдийг хүчирхийлэх, гэмт хэрэгт холбогдуулах, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдах асуудлыг зогсоох хэрэгтэй. Хүүхэд зам тээврийн осолд өртдөг явдлыг үгүй болгох ёстой. Энэ бол бидний хэтэрхий хайхрамжгүй байгаагаас үүдэлтэй. Энэ талд НҮБ-ын Хүүхдийн хорооны хурлаар  Монгол Улс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Тиймээс хүүхдийн хараа хяналтыг сайжруулах үүднээс бид шийдвэр гарах учиртай” хэмээгээд дараах шийдвэрийг гаргаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Багахангай дүүрэгт байгуулсан хүүхдийн асран хамгаалах төвийн санхүүжилтийг Засгийн газраас гаргуулан үйл ажиллагааг нийслэлийн зүгээс хариуцаж  хүүхдүүдийн хараа хяналт, бүртгэлийг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах үүргийг тус дүүргийн Засаг даргад,

Өнгөрсөн онд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тоо 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч энэ талд судалгаа, хяналтаа сайжруулах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх асуудлыг онцгой анхаарч ажиллах, хамгааллын цогц үйлчилгээг эрчимжүүлэх шаардлагатайг холбогдох албаныханд,

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены  асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг авах үүргийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөрд өгч "Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс ирэх долоодугаар сарын 1 гэхэд оператор компанийн антенуудыг авсан байх ёстой” хэмээн онцолж байв.

Түүнчлэн хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болгосон.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.