Б.Наранхүү гишүүний ирц эрс сайжирчээ


УИХ-ын гишүүн Б.Наранхүүг гишүүнээс нь эгүүлэн татах асуудлаар хэсэг хуульчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

Б.Наранхүү гишүүний ирц эрс сайжирчээ

Хуульчид цэцэд хандах болсон үндэслэлээ "Үдсэн хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг.

Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байна” хэмээн тайлбарласан. Гэвч Үндсэн хуулийн цэцээс Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах боломжгүй гэсэн шийдвэр гарсан билээ.

Тэгвэл энэ оны хаврын чуулганы хуралдаанд Б.Наранхүү гишүүнийн ирц сайжирсан сайшаалтай мэдээ байна.

Хаврын чуулганы таван удаагийн нэгдсэн хуралдааны мэдээллээс харахад Б.Наранхүү гишүүн хоёр өдрийн хуралдаанд бүрэн сууж, нэг удаагийн хуралдаанд 20 минут хоцорч, нэг удаа тасалж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанд сууж, үдээс хойших хуралдааныг тасалжээ.

УИХ-ын гишүүдийн ирц 2017 оны намар болон хаврын чуулганы үеэр ямар байсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Эдгээр хуралдаанд хамгийн муу суусан гишүүдийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүлж байсан юм. Тэрбээр УИХ-ын 2017 оны намрын чуулганд гэхэд ердөө 26.72 цаг буюу нийт хуралдааны 16 хувьд нь суусан байсан юм.

Ямартай ч хаврын чуулган нээлтээ хийснээс хойших дөрвөн хуралдааны мэдээллээс харахад Б.Наранхүү гишүүний ирц өмнөхөөсөө сайжирчээ.

Цэцийн шийдвэр гарсны дараа Хуульч Д.Миеэгомбо "УИХ-ын гишүүн чуулганд сууж байж л бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Чуулганд суухгүй бол бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй. Энэ асуудлаар эцсээ хүртэл явна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Гишүүдийн ирц идэвхийн асуудал яригдаж байгаа үед ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хоёрдугаар сарын 09-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.

Ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах болсон хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа ажээ.

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж хууль санаачлагчид үзэж, хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Хуулийн төсөл дээр төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байгаа. Тавдугаар сард багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ гэсэн хүлээлт байна” гэсэн тайлбарыг өглөө.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарах юм.

Үүнд:

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.

Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх нөхцөл бүрдэнэ.

Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна

Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна.

Хуралдаандаа суудаггүй, идэвх муутай гишүүдэд хариуцлага тооцох заалтыг тусгасан хууль батлагдвал хууль санаачлагчид хуулиа хэрхэн биелүүлэхийг харах л үлдлээ.

source: eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.