Тэсогийнхон худалдан авагчаа даапаалжээ


Тэсогийнхон худалдан авагчаа даапаалжээ

"Хүнсний манлай үйлдвэр" гэсэн өндөр хэргэмтэй Тэсо корпорацийг тойрсон хэл ам тасрахгүй бололтой.

Тэдгээрийн дотор дэлхий нийтийн хүнсний хэрэгцээнээс хэдийн хасагдсан транс өөх буюу маргариныг "Стандарт масло” хэмээн нэрийдэж, хэрэглэгчдийн дунд цөцгийн тос хэмээх төөрөгдлөөр борлуулсаар байгааг дурдахгүй байхын аргагүй.

Манай улсад транс өөх орсон бүтээгдэхүүний хор хөнөөлийг таниулах ажил бага явагддагаас хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болж байгаа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс ч үнэ хямд, чана муутай уг бүтээгдэхүүн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шахагдалгүй оршсоор байгаа юм.

Тэгвэл Тэсо корпорацийн бас нэгэн бүтээгдэхүүн хэл ам дагуулж эхэллээ. Тодруулбал, тус компаний бренд бүтээгдэхүүн Милко сүүгээр цай чанах аргагүй байжээ. Уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч "Милко”-оор яаж ч цай чанах гэж хичээгээд удаа дараалан бүтэлгүйтсэн бөгөөд сүлсэн цай нь хэдхэн цагийн дараа л гашилчихаад байсан учир "Тэсо” руу утас цохиж мэдэгдэхэд менежер нь "Та цай чанахдаа технологийн алдаа гаргасан байх” хэмээн даапаалсан гэмээр тайлбар хэлжээ. Монгол хүн сүүтэй цай чанаж чадахгүй байна гэж байх уу? Унасан хүнд шалтаг мундахгүй гэгч л энэ байх даа.

Түүнчлэн Милко сүүний талаар тухайн хэрэглэгч сэтгэгдлээ өөрийн цахим хуудсандаа оруулахад Тэсо компаниас ярьж, постоо устгачих, таны өгсөн дээжийг шинжилнэ гэчихээд таг алга болсныг дуулгаад дахин нийтэлжээ.

Ямартай ч цай чанах технологийн алдаа гэж өөрсдийгөө хаацайлахаас урьтаж муудаж гашилсан сүү юунаас болсон учир шалтгааныг тодруулан, хэрэглэгчээсээ уучлал хүсч, эргэж холбогдох нь зүйтэй биз ээ. Харин хэрэглэгч олон минь аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хадгалах хугацаа, лац ломбыг нь дууссан эсэхийг заавал шалгаж байгаарай.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.