Өвөр монголд болсон халдлага Газрын маргаанаас үүджээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ы хилийн шалган нэвтрүүлэх газарт халдлага гарсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. Хятадын Цагдаагийн газраас хэргийн учрыг нягтлан шалгаж, будлиан газрын маргаанаас үүдэлтэйг тогтоожээ.
Өвөр монголын Алшаа аймгийн Эзнээ хошуу болон Ганьсу мужийн Цзиньтагийн иргэдийн хооронд үүссэн маргааны улмаас Цзиньтагийн иргэд Эзнээ хошууны Маляньцзин хэмээх боомт руу энэ сарын 6-ны 03.00 цагийн үед халджээ. Баг зүүсэн 100 гаруй хүн халдан довтолж, хяналтын камерийг эвдэлсний дараа ёстой л дураараа аашилсан юм. Нулимс асгаруулагч хий цацан, цагдаа хамгаалалтынхныг эсэргүүцэл үзүүлэхгүй болгосон тэд боомтын ажилчдыг, нутгийн иргэдийн хамт зодож нүдэн, дээрэмдсэн байна. Олон хүнийг хүнд гэмтээжээ. Хоёр цаг гаруй боомтыг эзэгнэсэн гэмт этгээдүүд тэнд байсан хүмүүсийн алт мөнгөн эдлэл, гар утас, мөнгө, заримынх нь хувцсыг хүртэл дээрэмдээд явахдаа 11 машин шатаасан гэнэ.
Монголын хилтэй ойролцоо орших тус боомтод Цагдаагийн газраас мөрдлөгө явуулж байгаа ч гэмт этгээдүүдийн яс үндэс, хэн болох нь тогтоогдоогүй байгаа аж. Гэхдээ Өвөр монголын иргэдийг айлгах оршин суудаг амьдардаг газраас нь шахах гэсэн Ганьсу мужийн хятадууд болох нь тодорхой гэнэ.
Сэтгэгдэл