Д.АМАРБАЯСГАЛААН, ЭХЛЭЭД ТӨЛӨВШ, ДАРАА НЬ ТӨРИЙН АСУУДАЛД ОРОЛЦ


МАН-ыг өмнө нь МАХН гэдэг байсан. Гэвч нэг л өдөр намын залуусын хөлд салхи орж, элдэв арга өрдсөөр хоёр салгаж дөнгөсөн. Өөрөөр хэлбэл, бараг зууны түүхт МАХН том толгойт хөвгүүдээ эрхлүүлсээр буруу замаар будаа тээснийг нь анзааралгүй өнгөрөөж, эцэст нь бутарч сарнисан.

Д.АМАРБАЯСГАЛААН, ЭХЛЭЭД ТӨЛӨВШ, ДАРАА НЬ ТӨРИЙН АСУУДАЛД ОРОЛЦ

Тэгвэл энэ хувь тавилан яг одоо МАН-ыг дайраад байна. Гэхдээ МАН-ын өнөөгийн "хөвгүүд”-д МАХН-ын задралын үеийнх шиг том амбиц байхгүй. Тэд зүгээр л Нийслэлийн МАН болон дүүргүүдийн хороог гартаа оруулахын тулд ёстой л буруу эрхэлсэн хүүхэд шиг аашилж байна.

Тэгэхдээ бүр төр, засгаар тоглож байна гэхэд буруудахгүй. Уг нь МАН-ын өнөөгийн байр суурийг ард түмэн бэхжүүлж өгсөн. Хэрвээ олон нийт тэднийг ийм өндөрлөгт гартал нь сонгоогүй бол өдийд ингэж том суудал булаалдаж, замбараагаа алдахгүй л байсан болов уу.

Нэг үгээр МАН-ын залуус өөрсдийн үеэ хүлээж тэсэлгүй, өнөөгийн толгой эргэм амжилтыг бушуухан ашиглахыг хүсэж байна. Уг нь тэдэнд нэгдлээ хангаж, төр, засгийг бүрэн бүтэн байлгаж чадвал 2020 онд дахиад ч боломж гарч ирэх байсан ч одоо ард түмэн ийм ойворгон улсуудад төрийнхөө жолоог даатгах нь юу л бол.

Ганц л жишээ татахад, ойрын өдрүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалыг хашдаг Д.Амарбаясгалан гэгч шавилхан залуу телевиз, сонины нүүрээс салахаа болив. Тэрбээр эгээ л ардын баатрын дүрээр төр, засаг руу давшилж, УИХ-ыг тараана, засгийг задлана гэх мэтээр мэдэгдэл хийж байгаа.

Түүнийг мэдэхгүй нэгэнд тэрбээр гудамжны тэмцэгч, поп-уудын нэг шиг л санагдаж байгаа аж. Арга ч үгүй биз ээ.

Өчигдөр л гэхэд мань эр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж, 60 тэрбумын асуудлыг шийдэхгүй бол ажлаа өг гэх мэтээр даналзлаа. Чухамдаа ард түмний өмнөөс шийдвэр гаргаж, бүхэл бүтэн төрийг самрана хэмээн аашилж байгаа нь тэр. Энэ нөхөр УИХ тарж, даргыг нь дур зоргоороо солих аваас дампуурлын ирмэгт байгаа Монгол Улсад ямархан тогтворгүй байдал үүсэж, төсөл хөтөлбөрүүд гацаанд орж, улмаар бүх шийдвэр таг зогсох аюултайг огт мэддэггүй гэдэг нь харваас илэрхий.

Бүр байтлаа хэрвээ УИХ тарвал иргэд МАН-д дахиж боломж өгөхгүйг ч эс ухамсарлах түүнд Нийслэлийн МАН-ын хороо л харагдаад байгаа бололтой. Хэрвээ МАН ялагдвал нөгөө хүсээд байгаа албан тушаал нь нэг муу ялагдсан намын багахан хороо болж ирнэ гэдгийг мань эр ойлгохооргүй маягтай.

Түүний хувьд М.Энхболд руу дайрч, массын сонсохыг хүсдэг сайхан гал цогтой үгсийг шидлэх нь тун хялбар байж таарна. Гэвч өөрийг нь энэ өндөрлөгт гарч иртэл нь чирсэн "сайн ах” У.Хүрэлсүхийгээ ч одоо түгжилдэхэд бэлэн болчихоод байгаа нь хачирхалтай.

Ёстой л "Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” хэмээх ардын ёжлол биеллээ олох шиг. У.Хүрэлсүхийг эхлээд "дүү” Д.Гантулга нь бараг л чадчихаад алга болов. Одоо тэрбээр бялзуухайг хэт өндөрт нисгэснийхээ алдааг ухамсарлаж суугаа байх.

Гэтэл энэ бүх дуулиан намжиж амжаагүй байхад У.Хүрэлсүхийн МАН-ын генсек болгож өгсөн хуурай дүү Д.Амарбаясгалан, НАМЗХ-оос чуулганы танхим хөтөлж оруулсан нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэ хоёр илэрхий эвсэж, ах руугаа давшлах янзтай болоод ирэв. Бүр "Таны нөгөө амлаад байсан ажил яав” гэж олны дунд ам асуух энүүхэнд болж байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын хөвгүүдэд томчууд руугаа нулимах шалтаг олон бий гэнэ. 60 тэрбум л гэнэ, амласан ажлууд л гэнэ…

Тэгвэл одоо МАН-ын Удирдах зөвлөл, Их хурал яагаад хуралдаж болохгүй гэж. Яагаад өнөөдөр эрх баригч намын удирдлагууд зөвхөн өөрсдийн хүчээр энд ирсэн мэт аашилж, олон түмний итгэлийг хөсөрдүүлэхдээ тулав.

Үүндээ хүрвэл, МАН-ын генсек, Хэнтийн Оюун-Эрдэнэ хоёроос ард түмэн ял асуух эрхтэй. Хэрвээ эд нөхөд ганцхан Нийслэлийн МАН-ын хорооноос болж УИХ-ыг тараана гэж томорч байгаа бол үндэсний дайсан мэтээр тэдэнд хандахад гэмгүй. Тэртэй тэргүй энэ улс орон популистуудын хөлд хангалттай нэрвэгдсэн учраас одоо дахиж хэн дуртай нь төр, засгийг нулимж, үгүйсгэж, олныг төөрөгдөлд хөтлөх ёсгүй.

60 тэрбумыг үнэхээр л улстөржүүлмээр байгаа бол энэ асуудлыг анхлан гаргасан Доржзовд, Ганбаатар гэгч нөхөд хэд хэдэн удаагийн уулзалтад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар бүгд байсан гэдгийг илчилсэн. Тэгвэл тэд яагаад үүнийгээ ярихгүйгээр энэ асуудлыг сөхөөд байгааг олон нийт төдийгүй хууль хяналтынхан ч анхаарах шаардлагатай.

Эцэст нь гэж хэлэхэд, дөрөвхөн жилийн эрх мэдлийн төлөө улайраад байгаа төлөвшиж амжаагүй залуусыг байх газар нь байлгахыг МАН-ын томчуудад даатгамаар санагдав. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө л байг. Тэд уушги чийглэж, шингэн гадагшлуулах үүрэгтэй болохоос сэтгэн бодох, шийдвэр гаргахад оролцдоггүй.

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.