МАН, МАХН хоёр түүхээ булаацалдсаар байна


 МАН, МАХН хоёр түүхээ булаацалдсаар байна

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр болон Н.Удвал, С.Молор-Эрдэнэ нарын хэсэг улс төрчид 2011 оны эхээр МАХН-ын түр штаб гэгчийг байгуулж, анхдугаар онц их хурлаар нь тус намын даргаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгогдон ажиллах болсон билээ. Улмаар Улсын Дээд шүүх 2011 оны 6 сарын 24-нд Монгол Ардын Хувьсгалт Намыг албан ёсоор бүртгэх үед Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх (тухайн үед МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан) яаран мэдэгдэл хийж, "Энэ шинээр бүртгэгдсэн МАХН бол манай хуучин МАХН буюу МАН-тай огт хамаагүй цоо шинэ нам шүү, та бүхэн андуурч огт болохгүй шүү" хэмээн мэдэгдэж байв. Гэвч үйл явдал үүнээс хойш санаанд оромгүйгээр өрнөж, МАХН УИХ-ын 2012 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тус тус маш амжилттай оролцсон билээ. 


Ө.Энхтүвшин, М.Энхболд тэргүүтэй МАН-ын удирдлагууд ч МАХН бол цоо шинэ нам гэх хатуу байр сууриа зөөллөн, МАН, МАХН-ыг нэгтгэх ахмадуудын санаачилгатай танилцаж, үе үе хоёр намыг хамтран ажиллахыг санал болгосон уриалга, санаачилга гаргадаг тэр бүү хэл 2016 оны 3 сарын 1-нд Эх Орончдын өдрийг хамтран тэмдэглэсэн юм. Өөрөөр хэлбэл МАН, МАХН нэг угшилтай гэдгийг хаа хаанаа албан ёсоор хүлээн зөвшөөрдөг болсон. Гэхдээ аль нь яг 1921 онд байгуулагдсан МАН (МАХН)-ын буурийг сахисан залгамжлагч вэ? гэдэг асуудал одоо ч маргаантай хэвээр байгаа юм. МАХН гэхэд л энэ оны  2 сарын 10-нд хуралдсан чуулганаа 21-р зууны 2-р их чуулган хэмээн тодотгосон.

Өөрөөр хэлбэл уг тодотголд өнгөрсөн 20-р зууны МАХН-ын түүх, хурал ч манайх, бид шууд үргэлжлэл болох нам гэсэн санаа агуулагдаж буй нь тодорхой. Өнөөдөр тохиож буй Эх орончдын өдөр, 1921 онд МАН (МАХН) анхлан байгуулагдсан өдрийг ч МАН, МАХН аль аль нь өндөр ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл МАН, МАХН хоёр түүхээ одоог хүртэл булаацалдсан хэвээр байгаа гэхэд хилсдэхгүй юм.
 
Ч.Явуу sonin.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.