Төрийн сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байдаг. Гаднаас ирсэн зочид төлөөлөгчид хараад Төрийн сүлд гэхээсээ илүүтэй шашны сүлд гэж эндүүрэм өнгө дүрслэл бүхий энэхүү бэлгэдлийг коммунист засаглал унасны дараа 1992 оноос шинэчлэн хэрэглэж ирсэн энэхүү сүлдийг одоо ч парламент, Засгийн газар төдийгүй төрийн байгуулалттай холбоотой бүхий л албан байгууллага хоймортой залж байна. Гэхдээ бидний анзаардаггүй атлаа анхаарах учиртай алдаатай гэмээр зөгнөл Төрийн сүлдэнд бий бололтой.
Юу гэхээр 1940-1992 оныг хүртэл хадгалагдаж ирсэн Төрийн сүлдний агуулгыг цаг үеийн шаардлага, Ардчилсан Үндсэн хуульдаа нийцүүлж шинэчлэн өөрчилсөн байж болох ч унаж яваа хүнийг халсан нь өнөөдрийн төрийн тогтолцооны тогтворгүй байдлыг эртнээс зөгнөчихсөн гэлтэй. Нэг үгээр хэлбэл, Монгол төрийг 1992 оноос эхлэн жолоогүй мориор бэлгэдчихсэн хэрэг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нь ч зангидсан гар шиг байж чадахгүй өөр хоорондоо тэмцэлдэж, үйл ажиллагааг нь үгүйсгэж суугаа нь үүний хамгийн энгийн жишээ. Уг нь ямар ч хүн сайн хүлэгтэй бол хүссэн газартаа хүрч, зорьсон зорилгоо төвөггүйхэн бүтээнэ. Харин сайн хүлэг байгаад ч жолоогүй бол харсан зүгтээ холбирч хаашаа ч гүйж мэдэх. Угтаа бол коммунизм өөд давхиж яваа морьтой хүн гэхээсээ гэрэлт ирээдүй өөд тэмүүлэн давхиж яваа Монгол хүнийг төлөөлүүлж болно шүү дээ.
Гэвч жолоогүй морь, тогтворгүй төртэйгөөр өнгөрсөн 25 жилийн хугацаанд монголчууд түүхээ бичилцэж бас бичүүлж иржээ. Ганцхан жишээ дурдахад тусгаар тогтнолоо албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн 194, хүлээн зөвшөөрөөгүй 12 улстай нийлээд орон бий. Эдгээрээс бүрэн нүүдэлчин гэгддэг цорын ганц улс нь Монгол. Тэгэхээр олон зууны турш энэхүү уламжлалаа хадгалж ирсэн Монгол гэсэн бахархалаа бодсон ч морь унан ургах нарны зүг гэрэлт ирээдүйг чиглэн давхих гол дүрслэлийг буцаад сэргээж яагаад болохгүй гэж. Одоогийн сүлдэндээ багахан засвар хийж эдүгээ болон ирээдүйд зохилдох утга учиртайгаар дээдлэн залахад болохгүй гэж зүйлгүй.
Монгол хүн, бидний өвөг дээдэс морин дэл дээгүүр хийсэж явсаар хойчийн бидэнд өвлүүлсэн нь маргашгүй үнэн. Хойшид ч бүрэн бүтэн байхын бэлгэдэлийг бодож эх орныхоо газар нутгийг дүрслэн, эрт эдүгээ ирээдүйд ч морь унасан Монгол хүн эх орныхоо өглөө бүрийн нарыг угтаж гэрэлт ирээдүйн сайн сайхны өөд тэмүүлэн явааг сүлдлэн тахихад лав буруудахгүй. Магадгүй төр, засгийн байдал ч зөн билгээрээ тогтворжихыг үгүйсгэхгүй.
Хүн байж байж бүх зүйл тэнцвэртэй байдаг бол хүнгүй хээр талд бэлчих бүх зүйл толгойгүй явах болно.
С.СҮЛД
http://www.24tsag.mn/a/162957
Сэтгэгдэл