Даатгалаар хөнгөлдөг зарим үйлчилгээг өрхийн эмнэлэг рүү шилжүүллээ


Даатгалаар хөнгөлдөг зарим үйлчилгээг өрхийн эмнэлэг рүү шилжүүллээӨрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн даатгалаар зарим төрлийн үйлчилгээг үзүүлдэг боллоо. Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулжээ. Улсын хэмжээнд сум тосгоны 296, өрхийн эрүүл мэндийн 218, нийт 514 эрүүл мэндийн төв байдаг аж. Үүнээс магадлан итгэмжлэгдсэн 319 эрүүл мэндийн төв сонгон шалгаруулалтад орж, 280 гаруй эрүүл мэндийн төв тэнцлээ. Энэ нь сонгон шалгаруулалтанд оролцсон нийт эрүүл мэндийн төвүүдийн  90 орчим хувь болж байна.

 

Эрүүл мэндийн төвүүдийг сонгохдоо эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний  багц тус бүрээр шалгаруулсан бөгөөд аль багц тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тэнцсэнээс хамаарч эрүүл мэндийн төвүүд дараах 4 төрлийн тусламж үйлчилгээг харьяа нутаг дэвсгэртээ даатгуулагч иргэдэд үзүүлэх юм.

 

  • Сэргээн засах үйлчилгээний багцаар хөдөлгөөн засал болон физик эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

 

  • Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ багтана. Мөн гэр бүлийн гишүүдийг өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах зэрэг сувилахуйн тусламж, үйлчилгээнүүд болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхээр оруулсан байна.

 

  • Өдрийн эмчилгээний багцаар зүрх, судасны болон  хоол боловсруулах замын эмгэг,мөн мэдрэлийн эмгэг, үе мөчний үрэвсэл, холбох эдийн, амьсгалын замын, чих, хамар, хоолойн, бөөр, шээсний замын эмгэгтэй өвчтөнийг өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

 

  • Оношлогоо, шинжилгээний багцад сахар, холестрин, хеликобактери илрүүлэх, хавдрын эс илрүүлэх, өөх тосны солилцоо үзэх зэрэг хурдавчилсан оношлуур, лабораторийн шинжилгээ  болон багажийн шинжилгээ зэрэг багтаж байна. 

 

Б.Учрал

http://www.shuud.mn/a/498662


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.