Улсын харцага Л.Пүрэвжав залуу бөх рүү хутга барин дайрч, хүн алахыг завдлаа. Монгол бөхийн ёс жудаг хайчив?


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам өнөөдрөөс эхэлж байна.

Тэгвэл улсын баяр наадамтай давхцан  Дундговь аймгийн баяр наадам өнөөдрөөс эхэлж, Дундговьчууд дэнж хотойтол сайхан наадаж байна.  Дундговийн баяр наадам 10, 11-нд үргэлжлэх бөгөөд наадмын халуун уур амьсгал өрнөсөн энэ үед тус аймгийн харьяат, улсын томоохон цолтой нэгэн бөхийн талаар таагүй мэдээ сонсогдлоо.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Л.Пүрэвжав  Улаанбаатар хотоос очсон нэгэн залуу бөх рүү хутга барин дайрч, бусдын амь насанд хүрэхийг завдсан хэргийн талаарх мэдээллийг эх сурвалж хэллээ. Хэргийн талаар лавшруулбал улсын харцага Л.Пүрэвжав нь архи уусан, халамцуу байх үедээ залуу бөх рүү нэг биш, гурван ширхэг хутга барин тайрч, хутгалахыг завджээ.

Хохирогч тухайн үедээ хэргийн талаар Дундговь аймгийн Цагдаад мэдэгдэн ч цагдаа нар танхайрсан этгээдийг байцаасан болж, хутгыг нь хураан аван буцаагаад явуулсан аж. Гэвч Л.Пүрэвжав харцага эргэж ирэн залуу бөх рүү дахин хутга барин дайрч, агсамнажээ. Энэ удаад хохирогч дахин цагдаад мэдэгдэж амжилгүй, зугтаасан бөгөөд , хажууд нь байсан гэрчүүд нь болиулсан гэдгийг эх сурвалж хэлж байна.   Л.Пүрэвжав харцагын тухайд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул бөгөөд 2004 онд Ардын хувьсгалын баяр наадмаар жинхэнэ цойлж гарч ирсэн байсан бөх.

Тэрбээр  2004 онд 6 давж улсын харцага цол хүртсэн бөгөөд 2006 онд 5 давж өсөх идэр чимэг, 2009 онд 6 давж харцага цолоо баталж үнэн хүчит чимэг, 2012 онд мөн 6 давж харцага цолоо дахин баталж Цогт гарамгай  чимэг тус тус хүртсэн бөх юм.

Түүний тухайд уран барилдаанаараа  нутаг нэгтнүүдээ баясган, ард түмэндээ хүндлэгдэж явсан цаг саяхан. Гэтэл ийнхүү хэдхэн хоногийн өмнө бусад руу гурван зэрэг хутга барин дайрч,  танхай балмад үйлдэл гаргасан нь бөхөө хүндэтгэдэг ард түмэнг гонсойлгоод байна.   Ер нь сүүлийн үед бөхчүүдийн ёс жудаггүй үйлдлийн талаар ихээр шүүмжлэх болсон. Наадмын өмнөхөн гэхэд "дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй" гэгчээр аваргууд хоорондоо уралцан талцаж, эцэстээ Монгол бөх цэвэр ариун байвал монголын төр цэвэр ариун байна гэдэгт санал нэгдэж, эвлэлдсэн. Хоёр тал санал нэгдэж, гарын үсэг зурах хэмжээнд хүрснээр маргаан түр намжаад удаагүй буй.

Гэтэл ийнхүү энэ үйл явдал намжаагүй байтал бөхчүүд бие бие рүүгээ арсалдан улайрч, хутга шөвөг дээрээ тулж байгаа нь эмгэнэл. Аваргууд нь дээрээ эд хөрөнгө булаалдан уралдаж, доодуул нь хоорондоо ноцолдож энэ жилийн наадамтай золголоо.  Монгол бөхийн жудаг гэдэг зан чанар, төлөв байдлын дээд гэсэн үг. Бөх хүн гэдэг зүгээр л нэг сайхан бие, чадал бяр, уран сайхан мэхнээс бүрддэггүй. Тэр жудаг гээч зүйл нь бөхийг авч явдаг. Гэтэл ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдийн нэр хүнд дээд цолтнуудаасаа эхлээд сэвтсээр байна. Монгол бөхийн намба, жудаг, хүндлэл хаана байна вэ, эрхэм бөхчүүд ээ.

ЭХ СУРВАЛЖ: DUNDGOVI.MN



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.