Увсын 90 жилийн ой нижгэр боллоо. Харин бөхийн барилдаан нь өмнө болж байгаагүй жудаг хаясан түүхтэй өндөрлөв.
Уг нь Увс нутаг бөхийн орон. Олон сайхан аварга, арслан, заанууд бий.
Ойн бөхийн барилдааны шөвгийн дөрвийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь Ховд аймгийн харьяат улсын харцага Б.Пүрэвсайхантай хүч үзсэн. Барилдааны үеэр харцагын шанаанд дэлсэж, ер нь л зодох маягтай юм болов. Н.Батсуурь бол Монгол Улсын арслан цолтой бөх. Хэр баргийн аавын хүү хүрээд байдаггүй том цол. Бас улсын харцага Намсрайжавын хүү, удам дамжсан бөх. Тэр утгаараа Н.Батсуурь хамгийн жудагтай бөхчүүдийн нэг баймаар. Гэтэл төрсөн нутгийнхаа ойн баяр наадмын дэвжээн дээр зочин бөх, улсын харцага Б.Пүрэвсайхантай барилдахдаа яав даа гэмээр араншин гаргав. Тэр барилдааны бичлэгийг үзсэн бөх сонирхогчид дургүйцлээ илэрхийлсээр байна. Ингэх нь аргагүй. Яг үнэндээ үдэсний бөх бол баяр наадмын дэвжээн дээр бөхчүүд хүч бяраа үзэж, олон түмнийг баясгадаг спорт. Үзэгч, наадамчид байж л үндэсний бөх байгаа. Дээрээс нь бөх сонирхогч, үзэгчид л давсан бөхийг дахиулан уухайлж, түрүүлбэл хөхиүлэн шагнаж алган дээрээ бөмбөрүүлнэ. Улсын наадамд таваас дээш давж нутаг нугынхнынхаа хайр хишгийг хүртдэг уламжлал хэдийнэ тогтсон. Тийм л учраас амжилт гаргасан бөх хамгийн түрүүнд "...Жудагтай байя, ард түмний хайрыг дааж амьдаръя” гэж хэлдэг бус уу.
Гэвч Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь монгол бөхийн жудгийг умартав. Уг нь ганцхан жилийн өмнө тэр өөрийг ярьж байжээ. Өнгөрсөн жилийн наадмын дараа Н.Батсуурийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва баяр наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөг, Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс "Хүннү” хороололд дөрвөн өрөө байр, Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш Японы "Тоёота” компани "Ланд круизер-200” маркийн автомашинаар шагнасан юм.
Тэр үеэр сэтгүүлч цөөн асуулт асуужээ.
-Та улсын өндөр цолонд хүрлээ. Бөхийн ёс жудгийг хадгалж, үлгэр дуурайлал болж явах хүний нэг боллоо шүү дээ?
-Хичээнээ л гэж хэлье дээ.
-Өндөр цолонд хүрсэн бөх хүний хувьд наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гарч байгаа спортын бус үйлдлийн талаар та юу хэлэх вэ?
-Өрсөлдөөн байгаа. Олон газраас цугласан хор шартай аавын хүүхдүүд өрсөлдөж байгаа болохоор янз бүрийн зан ааш гаргадаг л даа. Тухайн хүний өөрсдийнх нь гаргасан үйлдэл болохоос биш монгол бөх гэдэг утгаар нь ярьж болохгүй байх. Тухайн хувь хүний л үйлдэл шүү дээ.
Ингэж хариулж байжээ.
Ер нь монгол бөхийн жудаг ёсны талаар аваргууд нэг бус удаа залуучууддаа хандаж хэлсэн байдаг.
Дархан аварга Х.Баянмөнх
"...Барилдаад хоёр хүний нэг нь давж л байвал болоо гэсэн хандлага бий болчихсон. Энэ нэг ёс жудаггүй байдлыг таслан зогсоох талаар ажил зохиох хэрэгтэй. Хамгийн гол нь монгол бөх бол Монголын ард түмний уламжлалт соёл шүү дээ. Дэг журам, түүхэн уламжлалаа сайн бариулж сургах л хэрэгтэй байгаа юм.”
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
"...Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн тэр алдаатай гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүд бидний алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй”
Улсын аварга Г.Эрхэмбаяр
"...Үндэсний бөх маань хүнд ямар ч үнэ өртөггүйгээр зөв хүмүүжил олгодог зүйл. Аливаад тэсвэр хатуужилтай, ахас ихсээ хүндэтгэх жудаг, ёс суртахуун гээд маш олон зүйлийг бидэнд суулгаж өгдөг. Спорт гэдэг хэдийгээр хурц дайчин байхыг шаарддагч гэлээ хүний төрөлхийн ааш араншин, эцэг эхээс өгсөн суурь хүмүүжил, багш нарын зааж сургасан эрдэм мэдлэг гэж байна”.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл