-Viber-ийн дуудлагад бэлэн үү, дарга нар аа-
Мөн ч их наадлаа, амарлаа даа, монголчууд минь. Манайх шиг хэмжээний хөгжилтэй оронд ахадсан амралт...амралттай баярууд. Үргэлжлүүлээд хичээлийн шинэ жил хүртэл "зун ингэдэг юм” гээд амралтын хэмнэлээр "ажиллана”. Харин үр дүнд нь? Хатуухан хэлэхэд хэдэн богийн амь тасалж өнөөх хөлсөө дуслуулж олсон гэж ярих дуртай ашиг орлогоо архи, айрагнаас эхлээд элэг цөс, ходоод, нойр булчирхай зэргийг өвчлүүлдэг бүхнийг идэж уухад зориулсан байдаг. Эндээс монгол маягийн таашаал эдэлж жил бүр ингэх л ёстой мэт хэвшиж үүнийгээ "Сайхан наадлаа” гэж ярьдаг. Наадмын маргааш ажил буцлахаар төлөвлөвч аймаг, сумдын ойн баярууд үргэлжилнэ.
Уг нь Засгийн газар амрахгүй ажиллаж ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг амлалтын загвар мартагдаагүй. Нэхэн санавал, 2012 оны зун Н.Алтанхуягийн Засгийн газар амралтгүй ажиллахаа амлаж байв. Тэрбээр "Өдөрт 12 цагаас доошгүй ажиллана. Ээлжийн амралт байхгүй. Хагас сайн өдөр гэж байхгүй. Гадаад томилолтоор жилд хоёроос илүү явахгүй. Засгийн газрын гишүүд тангараг өргөнө” гэхчлэн өдөр тутмын сониноор дамжуулан амлаж байв.
Ж.Эрдэнэбатын, У.Хүрэлсүхийн Засгийн газар ч мөн л амралтгүй ажиллах "тунхаг”-ийг гаргасан ч танхимын гишүүд нь биш гэхэд яам, агентлагийн удирдлагуудаас уясан морь нь хурдалж, сайхан наадаж буйн мэдээ сонор мялаасаар байлаа. Төрийн албанд ажиллаж байгаа бол наадаж болохгүй гэсэн хуульгүй болохоор буруутгах аргагүй. Харин энэ хооронд ажил цалгардуулахгүй viber-т дохио ирмэгц бэлэн байх зарчмаар намартай золгох нь сүүлийн хоёр жилийн зун ажиглагдсан. Үүнийгээ амралтгүй ажиллах гэж нэрлэдэг.
Угтаа энэ онд ямар хэмжээний ажил төлөвлөснөөсөө хэр зэрэг биелэлттэй яваагаа тооцоолоод амрах, ажиллахаа тэнцүүлбэл тогтвортой ажиллагаа болох болов уу.
Харин хувиараа орлого олдог иргэдийн хувьд жинхэнэ утгаараа амралтад дургүй, ашиг орлогодоо үнэнч зүтгэдэг сайхан чанар харагддаг. Гэхдээ тэдэнд төрийн байгууллага их, бага, сайн муу хэмжээгээр заавал нөлөөлдөг. Тиймээс төрийн алба иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчлэхэд бэлэн байх ёстой. Үүнийг төрийн үйлчилгээ гээд байгаа юм. Ингээд сайхан наадсан монголчууддаа, "Амралт дууслаа, ажлаа хийцгээе” гэж уриалъя. Их амарснаар, сайхан баярласнаар нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй, хөгждөггүй. Баяр ёслол гэдгийн утга нь хүртэл баяр боллоо, ёслоод өнгөрүүл гэх мэт. Хэдийгээр хагас, бүтэн сайн таарч олон хоног амарч таарсан ч амралт бол амжилтын тань дайсан мэтээр хүлээн авч байж өрх тань, улс маань хөгжинө гэдгийг сануулъя.
Erennews.mn
Сэтгэгдэл