М.Энхболд өөрийгөө өмөөрөх тусам төрд хортой


 

М.Энхболд өөрийгөө өмөөрөх тусам төрд хортойУИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 30-нд захирамж гаргаж ээлжит бус чуулган зарлаж байв. Энэхүү чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх. Чуулганы сүүлийн өдөр МАН сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцруулаад тарж байлаа. Огцруулах шалтгийг МАН дотроосоо гаргаж, 60 тэрбумын гэх бичлэгийг үндэс суурь болгосон.

Харин одоо 60 тэрбумын гэх бичлэгээс болж УИХ-ын дарга М.Энхболд дахин ээлжит бус чуулган зарлах шахалтад ороод байна. Шахалтыг МАН дотор У.Хүрэлсүхийн байгуулсан "Дэвшилтэт холбоо”-ын гишүүд үзүүлж байгаа бөгөөд УИХ ээлжит бусаар хуралдахдаа хүрвэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэхийг хэлэлцэж магадгүй. Өнөөдөр М.Энхболдод МАН-ын даргын албан тушаал нь алга. Өмөөрөх олон түмэн алга. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн ч дэмжлэг алга. Шалтгаан нь 60 тэрбумын гэгдэх өнөөх бичлэгийн үнэн эсэхийг эцсийн байдлаар тодруулж, олон нийтэд нээлттэй мэдээлээгүйтэй л холбоотой.

Сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс босгосон 60 тэрбум уу, ажилд томилогдсон хүмүүсээс авлигад авсан 60 тэрбум уу гэдэг нь ч тодорхойгүй. Тэр мөнгийг М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар гурав хувьдаа завших тухайгаа ярилцсан уу, намдаа авах тухай ярилцсан уу, бас л тодорхойгүй. Өмнөх хурлуудын яриануудыг нийлүүлж эвлүүлсэн гэж өөрсдөө ярьдаг ч АТГ-ынхан болохоор "Бичлэгийн эх хувь нь байхгүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гээд төөрүүлчихсэн. УИХ-д олонх байгаа намын байгуулсан төрд итгэх олон нийтийн итгэл энэ бичлэгээс үүдэж суларч байна.

Төрийн албан тушаалыг системтэйгээр зарж намынхаа санхүүг босгох гэсэн дээрх яриа олон нийт төдийгүй МАН-ын гишүүд, дэмжигчдийг урмыг хугалж, итгэлийг эвдсэн. Намын гишүүдийнх нь итгэл ийм сул байгаа нөхцөлд МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулна гэдэг тун бэрх.

Одоогоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулах талаар албан бичгээ М.Энхболдод өөрт нь өгч, АТГ-т өргөдөл гаргаад байна. Тэрээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагад 27 гишүүний гарын үсэг цуглуулсан гэдгээ наадмын өмнө мэдэгдсэн. Гарын үсгийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн саналаар хуралдуулж болдог. Энэ тоонд 27 гишүүний санал хангалттай.

МАН 60 тэрбумын бичлэгт нэр дурдагдсан хүмүүст хариуцлага тооцох, эсвэл тэр хүмүүсийнхээ нэрийг цэвэрлэж авах нь 2020 оны сонгууль болоход жил хагасын хугацаа үлдсэн энэ үед чухал байж мэднэ. Харин эсрэгээрээ "60 тэрбумын МАН” гэсэн нэршлээс нь сонгууль хүртэл салгахгүй байх нь АН-д улс төрийн хувьд ашигтай. Энэ нэршлээр нь сонгууль хүртэл мэрэх төлөвлөгөөг ч АН-ынхан ярилцаж яваа гэдэг.

Эцсийн дүнд М.Энхболд өөрийгөө өмөөрөх өөрт нь төдийгүй намд нь бөгөөд төрд хортой. Биеэ хэчнээн өмөөрөөд ч түүний үгэнд итгэх масс хангалттай биш. Харин Л.Оюун-Эрдэнэ нарын шаардлагыг хүлээж аваад УИХ дээр нээлттэй сонсгол хийж, хуулийн байгууллагуудын дүгнэлтийн шалтгааныг сонсговол харьцангуй эрүүл харагдана. Бичлэг хуурамч, эвлүүлэг гэдэг нь үнэн юм бол юунаас айх вэ.

 

ЭХ СУРВАЛЖ: https://newspress.mn/v1/p/news/5335



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.